Нэгтгэсэн гурван сангаас ЖДҮХС-г салгах Ж.Ганбаатарын санал дэмжигдлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгтгэсэн гурван сангаас  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгах горимын санал гаргасан нь дэмжигдлээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлэхдээ  “Монгол улсын 2020 оны төсвийн тухай хуульд Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг өргөн мэдүүлээд Засгийн газар буцаан татсан. Нийлүүлсэн гурван сангаас  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгах шаардлага байгаа. Буцаагаад татсан учир одоо уялдана гэж бодож байна. Үгүй бол хууль хоорондын зөрчил үүснэ. Жижиг дунд үйлдвэрлэл бол татварын бааз суурийг нэмэгдүүлэх хамгийн чухал хэсэг. Ажлын байр нэмэгдүүлэх гол цэг гэж би хувьдаа үздэг.  ЖДҮ бол Монгол Улсын ирээдүйн гол тулах цэг. УИХ-ын 2019 оны 60, 61-дугаар тогтоол батлагдсан. Жижиг дунд үйлдвэрлэл агентлаг байна гэсэн ийм тогтоол. Энэ тогтоол яагаад биелэгдэхгүй төсөвт агентлагийн асуудал тусгагдаагүй  юм бэ?   Мөн ЖДҮ-ийн төсвийн хууль яагаад мөрдөгдөхгүй байна вэ. Энэ УИХ-д ЖДҮ-г хамгаалдаг, өмгөөлдөг хүн алга” гэсэн юм.

Ингээд нэгтгэсэн гурван сан буюу  Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг салгаж тус санд 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах гэсэн горимын саналын дагуу санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн дийлэнх дэмжив. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг төсвийн хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top