Нидерланд, Тажикстан, Этиоп улсын Элчин сайдууд жуух бичгээ өргөн барив

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07
  1. Нидерландын Хаант улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Уим Гийрц
  2. Бүгд Найрамдах Тажикстан улсаас Монгол Улсад хавсран суух /Нур-Султанаас/ Элчин сайд Хайрулло Ибодзода
  3. Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп улсаас Монгол Улсад хавсран суух /Бээжингээс/ Элчин сайд Тесхоме Тога нарыг өнөөдөр /2019.11.07/ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Тэр дундаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хөдөө аж ахуйн салбар чухал болохыг онцлон тэмдэглэж, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, махыг халал аргаар боловсруулах зэрэг төсөл, хөтөлбөрийг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломж, нөхцөл бүрдсэн талаар хэлж, ярилцлаа. Нидерланд улс гэхэд хүлэмжийн аж ахуйн туршлагатай тул ирэх онд мэргэжилтнүүдээ Монгол Улс руу илгээж, боловсон хүчин бэлтгэх, технологио нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын хүчин чармайлт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлоод, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top