Монголчуудад “Булшны нүх” улам ойрхон боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09


Монгол зээл тусламжийн улс гэсэн нэрнээсээ хэзээ салах юм бол оо. Алтан дээр сандайлчихсан атлаа бусдын гар харж амьдарсаар байна. Жил бүр гадаад зээлийн төлбөрт 100-120 тэрбум төгрөг өгч байгаа. Жилд 0,75-3,0 хувийн хүүтэй зээл авдаг. Хамгийн сайн хандивлагч япончууд  сүүлдээ зээл, тусламжаа хумих шинжтэй. Энэ жилийн хувьд тэд бүр ч хүнд байх шиг байна. Цунамид нэрвэгдэн олон сая хүнээ алдаж, атомын цахилгаан станцаас гарах цөмийн цацрагийн аюул нүүрлээд байна. Ер нь япончууд ганц үүнээс болоод манайхаас зээлийн гараа татсан хэрэг ч биш л дээ. Орчин цагийн сэтгэлгээний түвшингээр манай хоёр орны иргэд нэлээд ялгаатай тул тэд зарим талаар болгоомжилдог болсон бололтой. Монголчууд заримдаа хуншгүй зан гаргадаг. Авлигад нугасгүй болсон. Сав л хийвэл хүнээс үнэгүй юм салгачих гээд байдаг. Бизнесийн арга ухаан султай хэмээн япончууд манайхтай томоохон ажлыг хамтарч хийхээс эмээж байгаа биз. Харин монголчууд энэ бүхнийг тэр бүр тооцоолохгүй байна. Тэгээд зээл нэхээд хаа сайгүй давхина. Хятад, Орос, Америк, Канад гээд л нисээд байна. Зээл аваад үйлдвэрлэлээ олигтой дэмжихгүй, ихэвчлэн сонгуулийн амлалтаа нөхөх гээд олдсоноо цацдаг ажээ. Цаашдаа гадаад зээлийн эргэн төлөлт улам өсөх төлөвтэй байна. Эдийн засагчдын тооцоолсноор бол 2020-2025 онд гадаад зээлийн төлбөр болон хүү нь дээд цэгтээ тулна гэнэ. Энэ бол аймшигтай мэдээ. Үүнийг гадаадын судлаачид “Булшны нүх” гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл зээлээ үр ашигтай зарцуулж чадаагүй улс орон зах зээлийн жамаар булшиндаа орох тавилантай ажээ. Манай их мэдэгч нар харин үүнийг ер тоохгүй байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг зээл эзэлбэл тэрхүү булшны хүн нээгддэг. Тэгвэл энэ гайтай нүх аль хэдийн нээгдчихсэн юм байна. Грек улс яг манайх шиг хамаг зээлээ хүмүүстээ үр ашиггүй цацаад эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдалтай учирсан гашуун түүхтэй. Тус улс маш их гадаад өрийн барьцаанд оржээ. Манайх ч гэсэн ийм замаар алхаж байх шиг байна. Тиймээс өрөндөө хүлэгдэж “Булшны нүх” рүү шидэгдэхгүйн тулд зээлээ багасгах хэрэгтэй боллоо.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top