Мексик Эво Моралест улс төрийн орогнол олголоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралес Болив улсыг орхин гарлаа. Тэрбээр улс төрийн орогнол олгосон Мексикийн хамгаалалт дор байгаа гэж Мексикийн гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдээлжээ.

Үүнээс өмнө Эво Моралес амь насыг нь хамгаалах үүднээс улс төрийн орогнол олгосон Мексик руу явах болсноо мэдэгдэж, улс төрийн шалтгаанаар эх орноо орхин гарж буйдаа харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр илүү их хүчтэй болж эргэн ирнэ хэмээн жиргэсэн байна.

Боливийн нийслэл Ла Паз хотноо үүсээд буй үймээний улмаас тус улсын парламентыг нүүлгэн шилжүүлжээ. Орон нутгийн “Pagina 7” сонинд мэдээлснээр төрийн тэргүүн асан Эво Моралесыг дэмжигчид гудамжинд гарчээ. Жагсагчид Эл Алто хотын цагдаагийн хэсгийг сүйтгэсэн байна. Ла Паз хотын цагдаа эмх замбараагүй байдлыг намжааж чадахгүй байгаа тул цэргийнхнээс тусламж хүссэний дагуу цэргийнхэн цагдаатай хамтран тусгай ажиллагаа явуулж, хэв журам тогтоохоор ажиллаж байна. Боливийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Уилямс Калиман арми энгийн ард иргэд рүү хэзээ ч гал нээхгүй хэмээн мэдэгдэж иргэдийг хэв журмыг сахиулахыг уриалжээ.
Энэ сарын 10-нд Боливийн ерөнхийлөгч огцорч, төрийн эрх мэдэл Сенатын дэд дарга Жанин Аньест шилжээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top