Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентын түвшинд хэлэлцэж байгаа билээ. Сөрөг хүчний зүгээс эрх баригч намтай Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд гурван асуудалд зөвшилцөх саналыг тавьсан. Улмаар эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-аас тус бүртээ зөвшилцөх Ажлын хэсгийг байгуулж, ширээний ард хэд, хэдэн удаа уулзалт хийсэн байдаг.
Харин өнөөдөр /2019.11.13/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах АН-ын саналыг хүлээж авлаа.
Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудалд ойлголцолд хүрээгүй. Харин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх,сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах саналыг дэмжсэн. АН-аас оруулсан гурван саналаас хоёр нь зөвшилцөх Ажлын хэсэг дээр дэмжигдсэн" хэмээн онцоллоо. Хуралдааны төгсгөлд 2024 оноос хэрэгжиж эхлэх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх АН-ын саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )