Д.Баярмандах: БНСУ-д монгол хүний үнэлэмж дээшилсэн

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

БНСУ дахь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхэлж, тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд төрийн үйчилгээг хүргэх таатай боломж нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ.  Энэ удаад тус төвийн дарга Д.Баярмандахыг урьж, төвийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.


-Та төвийнхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу. Хилийн чинадад ажиллаж, амьдарч буй иргэддээ төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж ажиллаж байна вэ?

-БНСУ дахь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчлгээний төв /ХНХҮТ/ нь Монгол Улсын Засгийн газар  ХНХЯ-ны чиг үүргийн дагуү үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага. Манай төв  хоёр тасагтай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Нийгмийн даатгалын тасаг үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн даатгалын тасаг нь Нийгмийн даатгалын  шимтгэлийн орлогыг бүрдүүлэхэд Солонгос улсад ажиллаж амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний тасаг нь тухайн улсад амьдарч буй Монгол иргэдийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой гомдол санал,  бүхий л асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд зорьж ажилладаг.

Өнгөрсөн жил гэхэд Монгол Улсын нийгмийн даатгалын санд Нийгмийн даатгалын тасаг 3,2 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн.БНСУ-д ажиллаж  амьдарч байгаа иргэдэд маань багагүй  бэрхшээл, зөрчил тулгардаг. Албан ёсны гэрээтэй болон хууль буусаар оршин сууж буй, оюутан сурагчид, гэр бүлийн дагалдан визээр амьдарч буй иргэдийн 90 хувь нь хөдөлмөрийн харилцаанд орсон байдаг. Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө бид ажилладаг.

 Хөдөлмөр,нийгмийн хамгааллын үйлчилгээний тасаг гэхэд л өнгөрсөн жил 4 тэрбум воныг Монгол иргэддээ буцаан олгуулсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тухайн иргэн Солонгос улсад ажиллаж байхдаа  хэлний, хууль эрх зүйн мэдлэггүй,  хууль эрх зүйн хязгаарлагдмал байдлаас болж Солонгосын ажил олгогчоос авах ёстой цалин хөлсөө авч чадаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс ажлын байранд  осол аваарьт өртсөн ч тэтгэмжээ хүртээгүй, илүү цагаар, хууль ёсны амрах ёстой баяр ёслолын үеэр ажиллаад цалин хөлсөө авч чадаагүй, ажлын байрны дарамт хүчирхийлэл,  ээлжийн амралт эдлээгүй, 13 дахь сарын цалин зэргээ хүртэж чадаагүй гээд тоочоод байх юм бол маш олон зөрчил байнга гардаг.Эдгээр маргаантай асуудлыг  манай мэргэжилтнүүд хуулийн  хүрээнд шийдвэрлэдэг.  Хэрэв манай байгууллага байгаагүй бол дээрх 4 тэрбум воныг иргэд маань авч чадахгүй хохирох байсан. Бид  төрийн байгууллагыг төлөөлж байгаа учраас  визтэй, хууль бус оршин суугч  гэж иргэдээ ялгадаггүй. Төрийн үйлчилгээг Монгол Улсын иргэн бүрт тэгш хүргэж ажилладаг. Одоогоор хууль бусаар 15.400 орчим монгол иргэн энд ажиллаж амьдарч байна. Эдгээр иргэд төрийн үйлчилгээг яг адил тэгш хүртдэг. Гэхдээ энэ маань хууль бусаар оршин суухыг дэмжиж буйн хэрэг огт биш. Ер нь БНСУ-д нэг цагийн хөдөлмөр эрхэлсэн ч Ажил олгогч ажилчин хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсч хууль үйлчилдэг.

-Танай төвөөс иргэддээ зориулж эрүүл мэндийн үнэ төлбөргүй оношилгоо эмчилгээг зохион байгуулдаг. Иргэд ч нэлээд мэддэг болсон байна.Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн жилээс эхлэн сард нэг удаа Корей их сургуулийн Аннам эмнэлэгтэй хамтарч, монгол иргэддээ үнэ төлбөргүй эмнэлгийн тулгамдсан шаардлагатай үйлчилгээг үзүүлэхээр гэрээ хэлэлцээр байгуулсан. Аннам эмнэлэг бол улсдаа эхний тавд багтдаг том эмнэлэг. Сар бүрийн сүүлийн 7 хоногт төв дээр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж, эрүүл мэндийн даатгалд хамраагүй,  даатгалд хамарсан ч даатгалд ордоггүй эмчилгээ үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг шинжилгээ үзлэг оношилгоог багтаасан үзлэг оношилгоо, эмчилгээг газар дээр нь хийдэг. Үүнд хамгийн ихээр хамардаг хүмүүс  бол хууль бус оршин суугчид. Эдгээр иргэд маань албан ёсоор ажил эрхэлж байж ч болно, ажил олгогчтой тохиролцож чадаагүйгээс ажилгүй ч байж болно, амьжиргааны түвшин бага, бололцооны хүмүүс ч бий. Ямар нэгэн даатгалд хамрах  хууль эрх зүйн үндэсгүй болсон иргэд маань шүд, эхо, дотор, уламжлалт гэсэн 4 чиглэлээр нэг дороос үйлчилгээ авдаг болохоор иргэд нэлээн ач холбогдол өгч ирдэг.Бас нарийн мэргэжлийн шинжилгээнүүд ч хийдэг. Үндсэндээ энэ ажил 1 жил 6 сар үргэлжилсэн. Нэг удаагийн үзлэг гэхэд л 18 сая гаруй вонтой дүйцэхүйц эмчилгээ үйлчилгээг үнэгүй үзүүлдэг. Мөн ХНХЯ-ны чиг үүргийн дагуу гэрээгээр ажиллаж  буй Монгол иргэдийнхээ ажиллах нөхцөл бололцоог хангаж туслалцаа дэмжлэг үзүүлэх албан ёсны үүрэгтэй. БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Гадаадын иргэн харьяатын төвийн 9 дүгээр сарын статистик мэдээллээр Монгол Улсын 47 мянга 394 иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байна. Үүний 8 мянга орчим нь оюутан, 6190  гэрээт ажилтан, 15400 хууль бус оршин суугч, аялал жуулчал, албан ёсны, эмчилгээ сувилгаа гээд ирж очиж буй 20-иод мянга орчим монгол иргэн байдаг гэсэн тоо бий. 

Албан ёсоор солонгос хүнтэй гэр бүл болсон 1852 иргэний 196 нь монгол эр солонгос бүсгүйтэй, үлдсэн нь монгол эмэгтэй солонгос эртэй гэр бүл болсон байдаг. Эдгээр хүмүүс албан ёсоор гэрлэлт нь баталгаажиж тус улсын гэр бүлийн харилцааны визэнд хамарсан байдаг.1990 оноос манай иргэд БНСУ-д чөлөөтэй зорчдог болсоор 30-аад жилийн нүүр үзжээ. Анх багагүй зөрчил маргаантай асуудалтай тулгардаг байсан бол сүүлийн үед энэ талын зөрчил багассан. Энэ нь хоёр улсын иргэд  хоорондын харилцаанд нааштай эерэг хандлага үүссэнтэй холбоотой. Монгол залуус зуучлалаар, иргэншил авах төдий тус улсад амьдрах гэж гэрлэдэг явдал эрс багассан. Монгол хүний үнэлэмж энэ улад дээшилсэн. Хоёр улсын иргэд хайр сэтгэлийн үүднээс гэр бүл болох нь нэмэгдсэн, энэ нь иргэн хоорондын  зөрчил тэмцэл багасахад нөлөөлдөг юм билээ. Жишээ нь солонгосын иргэдийн амнаас манай хүү их бүтэлгүй, сайн монгол охинтой л гэрлүүлэх юмсан. Монгол эмэгтэйчүүд зөвхөн хүүхэд хараад гэртээ суудаггүй, эр нөхрийнхөө бизнест санаа зовдог, бизнесийн үйл ажиллагааг нь дэмжиж манлайлж чаддаг чадварлаг гэж магтаж байхыг олонтаа сонссон. Мөн үйлдвэр, компаниудын захирлууд Монгол залуус эрч хүчтэй, ажилсаг чадварлаг, хэлийг маш амархан сурдаг үнэхээр сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг учраас Монгол ажилчин авах дуртай гэдэг бол. Монголын оюутан залуус тухайн сургуульдаа цахиур хагалж сургуулийнхаа нэр нүүр болж яваа нь ч  байна. Түр мэргэжлийн дадлага туршлага солилцохоор ирж буй эмч мэргэжилтнүүдийг ч бусад улс орны дадлагажигчтай харьцуулахад чадварлаг, гайхалтай, сэргэлэн ой ухаан, аливааг хийхдээ чадвартайг  хүлээн зөвшөөрдөг.

-Ер нь гэрээгээр ирж ажиллагсад юуг илүү анхаарах ёстой вэ. Гэрээгээр ажиллаад визний ангилал дээшилж, сунгаж болдог гэх юм. Энэ хэр ортой вэ. Манай иргэд голдуу хууль бусаар оршин суух нөхцөл байдал руу явж очоод байх шиг байна?

-Хамгийн нэгдүгээрт, гэрээт ажилтан гэдгээ маш сайн ойлгож ирэх ёстой. Гэрээт ажилтан гэрээгээ л баримтлах ёстой. Хэн нэгэн хүний ятгалга урвуулгад орж  цалин хөлсөө голж ажлаа орхиод явдаг. Гэхдээ гэрээний дагуу ирсэн ч  Солонгосын ажил олгогчийн зүгээс хүндрэлтэй асуудал гаргах тал бас бий. Эрх нь зөрчигдсөн тохиолдолд Монголын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төв/ХНХҮТ/-д хандах хэрэгтэй. Тийм тохиолдолд хуулийн дагуу ажлын байрыг нь солих боломжтой. Тухан гэрээт ажилтанд хүчирхийлэл үйлдэх, биед нь хүрсэн, эзэн цалин хөлсийг нь өгөөгүй тохиолдолд тэр бүгдийг нотолж ажлын байрыг хуулийн дагуу шилжүүлдэг. Албан ёсоор Солонгосын Хөдөлмөрийн биржд хандаж ажлын байрыг нь сольсон тохиолдолд гэрээ зөрчсөн гэж үздэггүй. Солих шаардлагатай гурван нөхцөл бий. Үйлдвэр дампуурсан, эрхэнд нь халдсан, ажиллах бололцоогүй нөхцөл үүссэн байвал хуулийн дагуу ажлын байр сольж болно. Гэрээт ажилтан маань хууль бус оршин суугчийн шатлал руу шилжиж болохгүй  шүү л гэж захих байна. Ирж байгаа залуус хамгийн түрүүнд өөрийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй. Ойр зуурын амьдрахад хэрэгцээ шаардлагатай дүрэм журмыг нь судалж  мэдсэн байх хэрэгтэй. Бас хэлний чадвар чухал. Шалгалт өгсөн  болж тэнцээд өнгөрөх гэж хэл сурах биш өөрөө хэлийг хэрэглэх чадвартай болох нь чухал.Тэгж байж ажил олгогчтой зөв харьцаж хэл үгээ олж иргэн өөрөө хөгжинө. Манай байгууллагын эрхэм зорилго бол “Монгол хүнийг ахисан түвшинд хүргэнэ” гэж. Гэрээгээр ирсэн иргэд хууль бус оршин суугч болж буй тохиолдол 2018 оны хоёрдугаар сард 38 хувьтай байсан бол одоо 30 хувь болж буурсан. Бид иргэдийнхээ дунд судалгаа хийсэн. Яагаад хууль буус оршин суугч болчихоод байна вэ гэж. Иргэдийн дийлэнх нь нутагтаа очихоор ажлын  байр байхгүй, цалин  хангамж муу, амьжиргааны түвшин доошилдог гэдэг.

-Та бүхэн хууль бус оршин суугчдыг нэмэхгүйн тулд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Бид  хууль бус оршин суугчид нэмэхгүйн тулд хоёр ажлыг чухалчилж хийсэн. Та үнэхээр Солонгос  улсад үргэлжлүүлж хуулийн дагуу амьдармаар байгаа бол  тодорхой хэмжээний шалгуур хангаж оноо цуглуулаад мэргэшсэн ажилтны Е-7 виз рүү хувирч  болно. Хувирдаг арга байна гэдгийг иргэддээ  маш сайн ярьж тайлбарлаж  сурталчилж байна. Энэ виз бол мэргэшсэн ажилтны виз, өөрөөр хэлбэл тус улсад хэрэгцээтэй ажилтан л гэж ойлгох хэрэгтэй. Ийм визний ангилалд багтахын тулд оноо цуглуулдаг. Монгол улсад бакалавр, магистр ямар сургууль төгссөн бэ гэдэг шиг  Солонгос  улсад мэргэшсэн үнэмлэх, диплом байх хэрэгтэй. Мэргэжлийн үнэмлэхийг авах боломж бий. Манай төвөөр дамжиж Гадаад ажилтны төвүүдийн дэргэд үнэ төлбөргүй түр хугацааны сургалтад хамарч мэргэжлийн үнэмлэх авч болдог. Мөн түр хугацааны Солонгос хэлний топикийн сургалтад сурч хэлний түвшинтэй болох шаардлагатай. Энэ бүх оноогоо цуглуулж чадах юм бол “Е-7 –ын  4” визний болзлыг хангачихвал өмнөх  Е-9 визнээс  хууль эрх зүйн  орчин нөхцөл хамаагүй дээрдэнэ. Гэр бүлийн хүнээ урих эрхтэй, ажлын байр баталгаатай болно. Бусад хууль эрх зүйн маш таатай боломжуууд гарч ирнэ. Цааш нь  өөр виз рүү шилжих сунгах боломжууд ч гарч ирдэг. Ййм боломжийг бид иргэддээ байдгийг хэлж тодорхой ажил зохиодог. Хоёр дахь нь гэрээний хугацаа дуусаад нутаг буцсан залууст зориулж хоёр, гурван их, дээд сургууль коллежтой гэрээ хийсэн. Гэрээт хугацаа нь дуусаад хууль зөрчөөгүй нутаг буцсан иргэддээ энэ сургуулиудыг санал болгож 50 хувийн хөнгөлөлттэй суралцах бололцоог нээж өгсөн. Чонжу хотын Тэжин коллеж,  Бусаны Туна их сургуультай гэрээ хийсэн. Ирэх жилээс эхний суралцагчаа авна. Гэрээгээр ажиллаж байсан хүмүүс маань энэ улсыг тодорхой хэмжээгээр мэддэг, хэлтэй, сургалтын төлбөрөө шийдэх чадвартай болсон байдаг. Суралцахын хажуугаар ажиллах эрхийн виз авах боломжтой. Энэ бол манай ХНХҮТ-өөс иргэдээ хууль бус иргэн болгохгүйн төлөө авч хэрэгжүүлж буй ажил байгаа юм. Одоогоор цөөн тооны иргэд маань бүртгүүлээд судлаад явж байна. Ирэх оны 3 сараас эхний оюутан ирнэ.

-Ер нь танай байгууллага хичнээн хүнд  үйлчилж байна вэ. Хэр ачаалалтай ажилладаг вэ?

-Нийгмийн даатгалд хамарсан Монгол улсын 2800 иргэн бий. Хөдөлмөрийн тасагт утсаар болон биеэр ирж гомдол санал гаргасан хүмүүс 5000 орчим. 46 мянга гаруй Монгол иргэн байхад хамрах хүрээ бага байна гэж ойлгож болохгүй. Энэ 5000 хүнд асуудал байнаа л гэсэн үг. Асуудалгүй бол үйчлүүлэх шаардлагагүй шүү дээ.

-БНСУ-ын олон муж, хотод тархан суурьшсан монголчууддаа төрийн үйлчилгээг яаж хүргэж ажиллаж байна вэ?

-Ер нь манай НДЕГ-аас явуулын үйлчилгээг энэ жилээ эхлэн нэвтрүүлсэн. Бид НДЕГ-ын харьяа иргэдэд төрийн үйличлгээ үзүүлдэг байгууллага учраас яг ижил үйлчилгээг Солонгос улсад үзүүлж байна.Бид сая 11 дүгээр сарын 2-нд Тэжон хотод явуулын үйлилгээгээр ажиллаад ирлээ. 200 гаруй нутаг нэгтнүүддээ төрийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр хангасан. Мэдээлэл бага, алслагдмал муж, тосгонд амьдарч буйгаас болоод гэр бүлээрээ нийгмийн даатгалд хамарч чадаагүй иргэд олон байна. Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-тай хамтарч Нийгмийн даатгалын талаарх мэдээллийг өгсөн. Маш олон хүн даатгалд хамарч үнэн зөв бодит мэдээллийг газар дээрээс нь авч чаддаг, гадаад оронд байгаа ч шууд НДЕГ-тай харьцаж байгаа шиг мэдээлэл, үйлчилгээг авч байгаагаараа явуулын үйлчилгээний нэг онцлог нь л доо.

-Монгол иргэд хэрэг зөрчилд холбогдох нь хэр байдаг вэ. Ял шийтгэл эдэлж байгаа иргэд байна уу?

-Хүн амынхаа тоотой харьцулах юм бол БНСУ-д гэмт хэрэгт холбогдох байдлаараа манай улс хоёрт жагсаж явна. Нэгд Хятад улс ордог. Хүн амын хувьд харьцангуй цөөн мөртлөө яагаад гэмт хэрэгт холбогдох талаараа дээгүүрт явна гэвэл үйлдсэн гэмт хэргүүд нь нэлээн ноцтой шинжтэй байдаг.Бидний яг хариуцсан ажил биш ч Монгол улсын иргэддээ үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагын хувьд судалж үзсэн. Хуулийн байгууллагаас албан ёсны мэдээллийг байнга авдаг. Одоогоор 14 иргэн Шүүхийн шийдвэрээр тогтоогдоод Тэжон хотын шоронд ял эдэлж байна.13 хүний хэрэг Шүүх  прокурорын шатанд явж байна. Хамгийн ноцтой нь онц хэрцгийгээр хүний амь нас бүрэлгэсэн 22 жилийн ялтай залуу байдаг. Манай иргэд ихэвчлэн согтуугаар хэрэг үйлдсэн, бэлгийн халдлага нэлээн гаргадаг. Энэ тал дээр эдний хууль маш нарийн заалттай чанга. Ер нь энэ улсад урт,  богино  хугацаагаар ирэх гэж буй манай  иргэд, оюутан сурагчид хууль дүрмийг нь судалж маш хянуур болгоомжтой биеэ авч  явах хэрэгтэй.

1970-аад оны үед ажлын байрны бэлгийн дарамт, эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцах асуудал энэ улсад нэлээд их  гардаг байсныг  эсэргүүцсэн хөдөлгөөнүүд гарч хуулиндаа маш нарийн өөрчлөлт оруулсан байдаг. Хүний биед хүрэх ч хуулийн заалттай. Манай 3, 4 залуу хүний биед хүрсэн гэдэг зүйл ангиар шийтгэгдэж байсан.Танхайн сэдэлттэй хэрэг, согтуугаар авто машин жолоодож яваад  аваарь осолд орох, хулгай, хүн амины хэрэгт нэлээн холбогддог. Саяхан галын хэрэг ч гарсан, хүний бараа материалыг шатаасан хэргээр ял эдэлж байгаа хүн бий. Монгол улсын хуультай өөр шүү. Энгийн юм,  юун сүртэй юм бэ гэж бодсон зүйл чинь ял авах хэмжээний байх жишээтэй. Манай төв өнгөрсөн жил Чондун дүүргийн Цагдаагийн газартай хамтарч сайн дурын эргүүл хийсэн. Манай байгууллага Монгол таунаас 200-аад метрийн зайд байрладаг. Монголчуууд олноороо цугладаг орчин байгаа юм. Эдний сайн дурын эргүүл нь их энэрэнгүй.  Агсан согтуу тавьсан хүнийг барих, хөөх, илрүүлэх хорихоос илүүтэй аль болох иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх туслахад чиглэдэг.Хамтарсан эргүүл хийж явахад иргэд  архи  дарс хэтрүүлэн ууж гэр орондоо очих чадваргүй болсон, төөрч будилсан, юмаа хулгайд алдсан гээд зөрчил зөндөө л таардаг. Манайхны хувьд  ухаан алдатлаа согтсон, эрүүл мэндийн хувьд доголдсон тохиолдолд Цагдаагийн байгууллага хэл ус нэвтэрэхэд бэрхшээлтэй  учраас шууд  камертаа саатуулдаг. Тэгсэн тохиолдолд визийг нь шалгаад л хугацаа дууссан байх юм бол шууд цагаачлалын албанд  шилжүүлдэг. Бид хамт эргүүл хийснээр эхний арга хэмжээ бидний мэдэлд орчихож байгаа юм. Тухайн иргэний ойр дотны  хүмүүстэй холбоо барьж хүлээлгэж өгдөг. Цагдаа, цагаачлалын албаар  дамжихгүй зохицулалт хийдэг гэх үү дээ. Нэг удаад монгол хүнээ аварч байгаа юм. Бүтэн жил хамт эргүүлийн ажил хийсэн. Нэлээн үр дүнтэй ажилласан учраас Чүнгү дүүргийн Чүнгүб Цагдаагийн газраас манай байгууллагад “Хүндэт өргөмжлөл” гардуулсан. Мөн бид “Кимсон” гэж томоохон хууль зүйн товчоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Манай төв тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд иргэдийнхээ асуудлыг шийдэж байгаа ч бидний эрх мэдлээс давсан томоохон шүүх хуралд орох эрхгүй байх, онц ноцтой гэмт хэрэгтэнтэй уулзаж асуудлыг шийдвэрлэх  боломжгүй, заавал хуулийн байгууллага өмгөөлөгч оролцох шаардлага гарч ирдэг. Манай иргэдэд хууль зүйн үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, бидний хүчрэхгүй  асуудлыг хуулийн хүрээнд шийдэж өгөх зорилготой хамтарч ажиллах санаж бичиг байгуулсан.Ер нь манай иргэд энд өмгөөлөгч хөлслөхөд өндөр үнэ нэхдэг,  аманд багтсан үнээ хэлдэг. Кимсон хууль зүйн товчоо иргэний хэрэг, цагаачлалтай холбоотой  зөрчлийг бидэнд үнэ төлбөргүй шийдвэрлэж өгнө. Онц ноцтой, Ажил олгогчтой хууль шүүх, прокурорын шатанд шийдэх хэргийг монголчуудад 30 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон.Иргэд маань өндөр төлбөр төлсөн хэрнээ авах ёстой үйлчилгээгээ авч чадахгүй хохирсон ч тохиолдол байдаг. Тэр үүднээс хуулийн байгуулагатай Монгол иргэдэд үйлчлэх хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Гадаад иргэдэд хуулийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нэлээд нэртэй хууль зүйн товчоог сонгож авсан. Товчооны дарга нь Солонгосын Хууль зүйн яамны газрын дарга байсан хүн юм билээ. Бүрэлдэхүүнд нь Солонгос улсын цагаачлалын албанд, дүүргийн даргаар ажиллаж  байсан,  хууль эрхзүйн өргөн мэдлэг туршлагатай хүмүүс баг болж ажилладаг. Хэдийгээр Төрийн байгууллага ч гэсэн Гадаад оронд үйл ажиллагаа явуулна  гэдэг амар биш. Энэ бол Монгол иргэдэд маань нэлээн үр өгөөжөө өгнө гэж бодож байна.

-Төвийн үйл ажиллагаа эхэлснээр Монголын иргэд эзэнтэй, харьяалалтай, өмөөрөх хүнтэй болсон гэж иргэд талархал илэрхийлж байсныг сонссон. Зарим нэг асуудалтай иргэдийг өөрсдөө бүр мөнгө төгрөг гаргаж нутаг руу нь буцаах зэрэг асуудал ч тулгардаг гэсэн?

-Ер нь төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохоор Монголын иргэн бүрт   хүрч ажиллахыг чармайдг. Түр зуур ирээд асуудалд орсон хүмүүсийг богино хугацаанд асуудлыг нь   шийдэж нутаг буцаах, FC тоглоом, казино, архинд донтоод сэтгэцийн өвчтэй болсон иргэдийг дагуулж авч явж  МИАТ-ын онгоцонд  суулгаж  нуаг буцааж байлаа. Мөн үйлдвэрийн осолд  орсон харамсмаар тохиолдлууд ч гардаг. Ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлье гэсэн залуус маань осол аваарьт орж тахир дутуу болох, ажлын чадвар бүрэн алдах зэрэг зовлон бэрхшээл тулгардаг.  Эдгээр хүмүүст хөдөлмөрийн чадвар алдсан зэрэглэлийг нь комиссоор оруулж тогтоож нөхөн олговорыг нь олгуулаад Монгол Улсын халамжийн төврүү шилжүүлж өгдөг. Хүмүүс гайхаад ийм их мөнгө өгдөг юмуу гээд баярлаж талархсан улс ч байдаг. Мөн эрүүл мэндийн шалтгаанаас манай иргэд энэ улсад маш ихээр ирж байна. Тэр дунд эмчилгээгүй болсон ч байх юм.  Бид  иргэддээ чадах чинээгээрээ тус дэм болох үүднээс хэд хэдэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Корей их сургуулийн Аннам,  Янжий эмнэлэгт Монгол иргэдийг 30 хувь хүртэлх хямдралтай үйлчилж байна. Мөн үе мөч нуруу нугасны яаралтай хагалгаанд орохоор ирж байгаа монголчуудад Намдисэ эмнэлэг 30 хувийн хямдралтай үйлилж байна. Энд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ажлын нөхцөл байдлаас болоод нуруу, нугасны  өвчтэй болох тохиолдол их  байна. 8 сая вонын хагалгаа хийлгэх бол 2 сая 400 мянган вонын хямдрал үзүүлнэ гэдэг өвчтэй зовлонтой  хүмүүст бодит тус болж байгаа юм. Воне эмнэлэгтэй гэрээ хийснээр  энд ажиллаж амьдарч буй 100 гаруй иргэнд 100 хувийн үнэгүй оношилгоо эмчилгээ үзүүлсэн. Харин  Монголоос ирж эмчлүүлж буй иргэдэд  30 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үйлчилдэг. Гэрээгээр ажиллаж байгаа хүмүүст нийгмийн даатгалд хамардаггүй эмчилгээ байдаг.Ялангуяа үе мөч, нуруу нугасны  эмчилгээ даатгалд нэг их хамардаггүй, хамарсан ч бага хувь байдаг. Иргэдэд маань эрүүл мэндийн талын асуудал нэлээн хурц болчихжээ. Ард иргэд маань энд ирж эмчилгээнд маш их мөнгө зарж байна.  Мөнгө төгрөг нь хүрэхгүй хүнд байдалд  орох нь ч байх юм. Эмнэлгийн үйлчилгээ  сайн болохоор  маш олон зөрүүтэй онош энд ирж оношлогдох тохиолдол ч багагүй гарах юм. Энэ бүхэнд манай төвийн мэргэжилтнүүд ажлын хажуугаар орчуулга хийж авч явах зэргээр байнга л тус  дэм болдог доо.

-БНСУ-д  компани байгуулж, татвар төлөгч болчихсон гялалзаж яваа монгол залуус байна уу?

-Ер нь Монголчууд 1990 оноос хойш энэ улсад зорчоод 30 жил болсон.Бүхий л шат дамжлагыг дамжсаар  бүр бизнес хийж өргөжсөн залуус байна. D-8 буюу хөрнгө орууагчийн визтэй 57 иргэн бий.Албан ёсны компани, хоолны газар, тээвэрлэлтийн бизнес эрхэлж байна. Энд татвар төлөгч, ажил олгогч болсон залуус ч нэлээдгүй бий. Нэг жишээ хэлэхэд анх  гэрээгээр Солонгост дээврийн үйлдвэрт Е-9 гэрээт ажилтны визтэй ирсэн  залуу одоо  хөрөнгө оруулагч болчихсон явж байна. Би тэр үйлдвэрт нь очиж монгол залуутай уулзсан. Энэ компанид анх  ажилд ороод өөрийн юм  шиг чин сэтгэлээсээ үнэнч тууштай ажилласан байдаг. Солонгос захирал нь  миний юманд яг  өөрийн мэт  ханддаг тэр хандлага чин шударга зан нь энэ залууд итгэх итгэлийг минь төрүүлсэн. Би өөрийн ойр дотны хамаатнаас илүүтэй итгэл хүлээлгэж компанийнхаа хоёр дахь хүнээр томилсон.  Монголдоо дээврийн үйлдвэр байгуулахад нь хөрөнгө оруулалт хийнэ гэж ярих  үйлдвэрийн эзэн ч байна. Манай төвөөс монгол иргэдэд ээлтэй олноор нь тогтвор суурьшилтай ажиллуулдаг үйлдвэрийн газрын эзэдтэй уулзаж “Хүндэт  өргөмжлөл” гардуулдаг. Одоогоор 9 компани, үйлдвэрийн эзэнд талархал илэрхийлээд байгаа.

-Төвийн даргаар хилийн чинадад ажиллахад бэрхшээлтэй, тулгамдсан асуудал хэр таарч байх юм бэ?

-Мэдээж бэрхшээл  зовлонгүй ажил гэж байдаггүй. Айхтар ноцтой том бэрхшээл байхгүй гэж хэлнэ. Би чиг үүрэг өгдөг ХНХЯ-тай маш сайн ойлголцож  дэмжүүлж ажиллаж чаддаг. Энд томилогдож ирсэн ажилтнуудын маань гэр бүлийн асуудал маш хүнд. Ганцхан хүн  ажилд томилогдож ирдэг. Дагалдаж ирсэн гэр бүлийн  хүнд  ажил хийх зөвшөөрлийн виз өгдөггүй. Зөвхөн хүмүүнлэнгийн үйл ажиллагаа хийж болно гэдэг.Гэр бүлийн хүмүүст нь ажиллах зөвшөөрөл өгдөг болох зайлшгүй шаардлага гардаг. Амьжиргааны нөхцөл байдал нь ч хүнд болчихдог л доо. Монгол улсын төсвөөс санхүүждэг болохоор томилолтын мөнгө төгрөг хэмжээ хязгаартай. Нэг хот, муж руу томилолтоор явахад л бензин шатахууны хэрэглээний лимит  дуусчихдаг. Компьютер тоног төхөөрөмжийн хувьд нэлээн хуучирсан солих хугацаа нь болсон. Санал тавьчихаад байж байна даа. 

-Танай ажилтан албан хаагчид хос мэргэжилтэй гэхэд болохоор. Нийгмийн даатгалын улсын байцаагчид, бүгд Солонгосоор чөлөөтэй ярьж байх нь бахархмаар санагдсан?

-Тийм шүү, бүгд Албан ёсны солонгос хэлтэй. Монгол Улсын төрийг төлөөлж байгаа учраас Солонгосын төрийн болон төрийн бус олон байгууллагатай харьцаж байна. Таны хэлдгээр хос мэргэжилтэн гэж хэлж болно. Улсын байцаагч, дээрээс нь албан ёсны солонгос хэлтэй. Нийгмийн  даатгалын улсын байцаагч, Хөдөлмөрийн харилцааны чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж байна. Гадаад улсад Төрийн алба хашина гэдэг өөрийн улс оронд алба хашихаас даруй  хоёр дахин илүү ачаалалтай байдаг. Тухайн улс орны  статуст тааруулж төрийн ажлыг явуулна гэдэг амар биш. Ер нь 2011 оноос хойш  улс төрийн шалтгаанаас болж бүрэлдэхүүн маш их ойрхон солигдсон. Би гэхэд л 2015 онд энэ албыг хашиж байгаад солигдсон. 2018 онд дахин томилогдоод ажиллаж байна. Хэнийг ч халаагүй, яг ажлаа хийж чадаж байгаа мэргэжилтнийг халж солихгүй байх зарчим барьсан.Гадаад оронд ажиллаж буй ажилтныг  хугацаа нь дуусаагүй байхад гэнэт  халж солино гэдэг маш хүнд. Солонгос улсад амьдрах байр, интернэт хэрэглээ, усны цэвэршүүлсэн аппарат  л гэх мэт ахуйн хэрэглээ бүгд 2-3 жилийн гэрээ хийгддэг. Гэтэл хугацаа  нь болоогүй ажилтныг эргүүлэн татчихаар тэр хүний ар талын гэр  бүл үр хүүхэд, орон гэрийн бүхий л асуудал  маш  хүнд байдалд ордог.  Монголд ажлаас халагдахтай  тэнгэр газар шиг ялгаатай. Мэргэшсэн ажилтнуудыг ойрхон солиод байх нь үйлчлүүлж буй хүмүүст  нөлөөлдөг. Тухайн ажилтан энэ ажилд дасч дадлагажихад 6 сараас 1 жилийн хугацаа шаардлагатай. Энийг л маш сайн бодолцож, хүний мөс чанартай хандахгүй бол үнэхээр хэцүү байдаг гэдгийг би биеэр мэдэраэн хүний хувьд хэлмээр байна.

-Шинэ он гарахад сарын хугацаа  л үлдсэн байна.Танай байгууллага  хамт олон хагас жилийн тайлангийн хурлаа хийж, үр бүээлтэй сайн ажилласан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Төлөвлөгөө норм нь биелж байгаа юу?

-Бид 2017-2018 оны  төлөвлөгөөг 118 хувиар давуулан биелүүлсэн. Хөдөлмөрийн тасаг бол 4 тэрбум орчим воныг иргэддээ шийдвэрлэж буцаан олгуулсан бол Нийгмийн даатгалын тасаг маань 3,2 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгсөн. Өнгөрсөн жил ХНХЯ-наас манай төвийн ажлыг дүгнээд  93,6 хувьтай үр дүнгийн гэрээгээр “Маш сайн” хэмээн үнэлсэн. 2016,  2017, 2018 оны аудитын  шалгалтаар зөрчилгүй гэж дүгнэгдсэн. 2018-2019 оны эхний хагас жилийн үр дүнгээр  92,6 хувьтай “маш сайн” үзүүлэлттэй явна. Одоогоор Нийгмийн даатгалын төлөвлөгөө сар бүр 100 хувь биелээд явж байна. Ер нь ажилтан албан  хаагчид маань ажлаас хоцрох, ажил хийдүүлэх, таслах талын асуудал гаргадаггүй. Жигдэрсэн сайхан хамт олон, бие биенээ хүндэтгэдэг. Гар, сэтгэл нийлж ажиллаж чаддаг. Шинэ ондоо амжилт бүтээл дүүрэн, ажил үйлс нь буцалсан эр хүчээр дүүрэн угтана гэдэгтээ итгэлтэй байна.

Ярилцсан Д.ДОГСОМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top