ЧУУЛГАН: Халамжийн 83 төрлийн үйлчилгээнд 756 тэрбум төгрөг төсөвлөжээ  

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг батлах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Нийгмийн даатгалын сантай холбоотой нэг асуудал байна. Нийгмийн даатгалын сангийн орлого нь 2.2 их наяд, зарлага нь 2.5 их наяд төгрөг болчихоод байна. Үүний зөрүүг хаанаас яаж нөхөх вэ. Ялангуяа 756 тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар болсон байна. Ингэж битүү хавтгайруулж байна. Бид бодлогын өөрчлөлт хийхгүй бол 83 төрлийн үйлчилгээнд 756 тэрбум төгрөгийг зориулах уу, эсвэл хөгжлийнхөө бодлогод зарцуулах уу гэдгийг бодохоос өөр аргагүй. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэл явсаар ажил олгогч болон ажилчин нийлээд 24 хувийн төлөхөөр төсөөлөгдөж байна. Гэтэл Монгол Улсын ажиллах хүчний оролцоо нь төдийлэн сайн биш байдаг. Үүнийг дахиж эргэж харах боломж, бололцоо байна уу" гэв. 

Харин Н.Оюундарь гишүүний асуултад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Н.Оюундарь гишүүн маш чухал зүйлийг харж хэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 2.3 их наяд төгрөгийг төвлөрүүлж байна. Зарлага нь 2.5 их наяд төгрөг. Үндсэндээ төсвөөс өндөр татаас авч байгаа дарамт бий. Нөгөө талаасаа улсын төсвөөс цэвэр 756 тэрбум төгрөгийг авч байна. Энэ хоёр тоо нийлэхээрээ 3.4 их наяд төгрөгийг улсын төсвөөс бүрдэж байна. Энд ажиллах хүчний оролцоо гэж зүйл бий. Монгол Улсад ажил хийх насны 10 хүний тав нь ажиллаж байна. Ямартай ч ажиллах хүч бага. Цаашид бодлогоор ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top