ЧУУЛГАНЫ ТОЙМ: Хуулийн хугацаандаа ТӨСВӨӨ баталлаа 

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

УИХ-ын өчигдрийн /2019.11.14/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж, баталлаа.

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг явуулсан байнгын хорооны танилцуулгыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хийв. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх явцад Сангийн сайдын багцын дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн эргэн төлөгдөх зээлийг 98 тэрбум 700 сая төгрөг, гадаад зээл тусламжаар санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Харин Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын Эрүү, шүд хөтөлбөрийн хөрөнгийг хэвээр хадгалж, таван тэрбум 300 сая төгрөгөөр бууруулах саналд гишүүд нэгджээ. Зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж, урсгал зардлыг нийт 89 тэрбум 769 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжих төсөл, арга хэмжээг 2019 оны гүйцэтгэлтэй нь уялдуулж, төсвийн төлөвлөлтийг сайжруулах үүднээс нийт 126 тэрбум 315.3 сая төгрөгөөр бууруулахаар болсон. Харин "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хүн амын өсөлттэй уялдуулж нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэх, тэдгээрийг санхүүжүүлэх зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний дүнг 296 тэрбум 547.9 сая төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргасан" хэмээн онцолсон юм. Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг зүйл, заалт бүрээр нь санал хураалт явуулж батлах явцад УИХ-ын зарим гишүүн асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ: Нийгмийн даатгал яагаад нэмэгдэв. Аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын хувь нэмэхэд цалингаа багасгана гэж ярьж байна. Цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн. Тэгсэн хэр нь татвараар авчихаар өөрчлөгдөхгүй юм биш үү. Сонгуулийн амлалтаа жаахан ч гэсэн биелүүлэх хэрэгтэй байна. Засгийн газар, төрийн албан хаагчдаас болж нийгмийн даатгалын төлөх хувийг нэмлээ гэж ойлгогдож байна. Ард түмэнд хялайлгах юм алга уу, эсвэл төсөвт тодотгол хийх нь үү. Хэнээс болж ийм нөхцөл байдалд оров оо.

УИХ-ын гишүүн Б.ЧОЙЖИЛ­СҮРЭН: Засгийн газар төсвийн төсөлд нэмнэ гэсэн хуучин шийдвэрийг тэр чигээр нь оруулж ирсэн байна. Хоёр сайд байгаа болохоор нэмж хариулах байх гэж бодож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ: Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Энэ онд гэхэд улсын төсвөөс 600 тэрбум төгрөгийн санхүүжилт, татаас авч байж үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудлыг оруулж ирсэн. Зөвхөн энэ аргаар алдагдлыг бууруулна гэсэн бодлого бариагүй. Нийгмийн даатгалын хүрээг өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ирэх оноос малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх хуулийг хэрэгжүүлнэ. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүйгээр хамрах хүрээг нь тэлнэ гэсэн бодолтой байна.

УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ: Монгол Улсын төсөв 13.8 их наяд төгрөгийн зарлагатай төсөвлөгдсөн. Орлого нь 11.7 их наяд төгрөг байна. Орлогыг их өөдрөгөөр төсөөлсөн. Ялангуяа дэлхийн зах зээл дээр байгаа ашигт малтмал, уул уурхайн орлогыг тооцоолсон байдаг. Гэхдээ Олон улсын валютын сангийн үр дүн хэзээ гарах вэ. Монгол Улс хөдөлмөрлөх, ажиллах хүчний хомсдолд орж байна. Хөдөлмөрлөх насныхан ажиллахгүй байна. Энэ нь цалин хөлс хэтэрхий бага байгаатай холбоотой. Төрд ажиллах хүсэлтэй залуус нь байна. Ажиллах хүчнийхээ цалин хөлсийг нэмж чадахгүй байгаа нь тогтолцоо нь буруу явж байна.

УИХ-ын гишүүн Б.ЧОЙЖИЛ­СҮРЭН: Орлогыг өөдрөгөөр төсөөлсөн гэдэгт шүүмжлэл гарч байна. Засгийн газар маш өндөр сахилга баттай ажиллах шаардлагатай байгаа. Олон улсын валютын сангийн хөтөлбөр дуусна. Гурван жилийн хугацаатай батлуулсан. Хөдөлмөрийн насны хүмүүсийн орлого бага гэдэг нь үнэн. Гэхдээ цаг үеэ л дагаад явж байна. Аж ахуйн нэгжүүд ийм хэмжээний чадвартай байна.

УИХ-ын гишүүн Н.АМАРЗАЯА: Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа бодитой тооцоо хийгээгүйгээс 670 гаруй тэрбум төгрөгийг нэмж оруулж ирж байна. Энэ асуудалд Төсвийн байнгын хороо ямар байр суурьтай оруулж ирэв. Төсвийн үйл явдал процесс алдаатай байна гэдэгт бүх байгууллага асуудлаа дэвшүүлсэн. Үүнд байнгын хороо ямар шийдэлд хүрч төсвөө оруулж ирсэн юм.

УИХ-ын гишүүн Б.ЧОЙЖИЛ­СҮРЭН: Төсвийн орлогыг эрсдэлтэй тооцоолсон гэдэг санал хэлж байна. Байнгын хорооны хуралдаан дээр ч ийм саналтай гишүүд байсан. Зөвхөн 2019 онтой харьцуулахад 2020 оны төсвийн орлого, зарлага нь хоёулаа хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Зарлага 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэний 1.7 их наяд төгрөг нь урсгал зардал. Урсгал зардлын нэмэгдэл нь ирэх жилүүдэд тогтворжих үзэгдэл ажиглагдаж байна. Харин үүнийгээ дагаад орлого нь тогтворжих уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй гэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээг 2020-2022 онд 6.0 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2020 онд 11 их наяд 797.8 тэрбум төгрөг, 2021 онд 12 их наяд 826.7 тэрбум төгрөг, 2022 онд 13 их наяд 773.6 тэрбум төгрөг, нийт зарлагын дээд хэмжээг 2020 онд 13 их наяд 872.6 тэрбум төгрөг, 2021 онд 14 их наяд 89.7 тэрбум төгрөг, 2022 онд 14 их наяд 502.4 тэрбум төгрөг байхаар тооцож, нэгдсэн төсвийн алдагдал 2020 онд хоёр их наяд 74.7 тэрбум төгрөг, 2021 онд нэг их наяд 262.9 тэрбум төгрөг, 2022 онд 728.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн явцад нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2020 онд 127.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн гурван их наяд 806.1 тэрбум төгрөг, 2021 онд гурван их наяд 93.4 тэрбум төгрөг, 2022 онд хоёр их наяд 975.5 тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2020 онд 22 их наяд 89.1 тэрбум төгрөг, 2021 онд 22 их наяд 910.5 тэрбум төгрөг, 2022 онд 23 их наяд 869.2 тэрбум төгрөг байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд зааснаар нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, тус бүрээр нь санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулиудыг баталлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top