Б.Бат-Эрдэнэ аваргыг ингэтлээ уурлаж байсныг монголчууд урьд нь хэзээ ч хараагүй болов уу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 09


Өнөөх лайтай “Урт” нэртэй хуулиас болж иргэний хөдөлгөөнүүд хоёр гурван хэсэг талцан хоорондоо тулалдаж эхлээд байна. “Гал үндэстэн” холбооныхон нум саадаг агсан хөдөөгийн сумдад уул уурхайн олборлолт хийж байгаа компаниудыг хүчээр хаах гээд хоёр хоногийн өмнө хотоос хөдөлсөн. Харин гол мөрний ай савд уул уурхайн ажил хийж, байгалийг сүйтгэж буй компаниуд нэгдэн “Уул уурхайн салбараа аврах” хөдөлгөөн байгуулаад тэдний  эсрэг бас босч байна. Өчигдөр УИХ дээр мөн л хоёр, гурван хэсэг болж талцсан хэрүүл өрнөв. Дээрх хууль уг нь экологийн тэнцвэрт байдлыг хангах тал руу нэлээд дэвшил хийсэн хууль боллоо хэмээн мэргэжлийн зарим хүмүүс үзээд байгаа юм. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хүчтэй лоббигоор энэ хуулийг дахин өөрчилж гол нуурын ай савд алт болон бусад ашигт малтмал олборлох ажиллагааг хэвээр үргэлжлүүлэх гээд ийнхүү бөөн тэмцэлд хүргэж буй нь нэгэнт тодорхой боллоо. Үүнд дургүйцсэн Б.Бат-Эрдэнэ гишүүн урьд өмнө хэзээ ч уурлаж байгаагүйгээрээ уурлав. Царай нь минчийтлээ улайчихсан тэрээр “Бид энэ хуулийг монголчуудынхаа эрх ашгийн төлөө анх санаачилж батлуулсан. Гэтэл Д.Зоригт сайдаас эхлээд үүний эсрэг хандаж байна. Ер нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт бол ёстой бүтэхгүй нөхөр байна.Энэ хүн илэрхий Хятад санаагаар ажиллаж байгаа нь хуулийн өөрчлөлтийн төслөөс харагдаж байгаа юм. “Урт” нэртэй хуулийг бид өөрчлөх ёсгүй. Уул уурхайн компаниудын нөхөн төлбөрт 5-7 их наяд төгрөг төлөх үндэслэлээ ч нарийн судлаагүй байгаа шүү дээ” гэсэн юм. Түүний энэ саналыг Г.Баярсайхан нарын зэрэг олон гишүүн дэмжиж байгаа ажээ. Зарим нь уг хуулийг анх баталсан хэвээр үлдээхийн төлөө улс төрийн тэмцэлд босно гэж байв.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top