Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж тухайн долоо хоногтоо хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг билээ. Энэ дагуу өнөөдөр /2019.11.18/ УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагт Төрийн ордны "А" танхимд хуралдана. Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн хурал Төрийн ордны "Б" танхимд, УИХ дахь Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын зөвлөл Төрийн ордны "В" танхимд болно. Хурлын дараа тэд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн өнөөдөр хэд, хэдэн Ажлын хэсгийн хуралдаан болно. Тухайлбал, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд болох бол Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд эхэлнэ.
Харин Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болох аж.
Сэтгэгдэл ( 0 )