Цөлжилт энэ цаг үеийн хамгийн аюулт заналхийлэл болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Цөлжилтийг энэ цаг үеийн хамгийн том байгаль орчны сорилт хэмээн тодорхойлжээ.

Цөл гэхээр Сахарын элсэн манхан, Калахари элсэн цөл санаанд орж ирдэг хэдий ч энэ нь манай гарагийн цөлд болон цөлийн эргэн тойронд амьдардаг хүмүүсээс хальж, дэлхий дээрх хоёр тэрбум гаруй хүний хүнсний аюулгүй байдал, амьжиргаанд заналхийлсэн асуудал болж хувираад байна. Уур амьсгалын өөрчлөлт, газрын муу менежмент, ундны усны тогтворгүй хэрэглээний улмаас дэлхийн усны хомсдолтой бүс нутаг улам бүр доройтож, улмаар газар тариалан, мал аж ахуй, зэрлэг ан амьтны амьдрах орчинд сөргөөр нөлөөлнө.

Цөлжилтийн талаарх ойлголт

Цөлжилт гэдэг нь элсний нүүдэл, элсэн цөлийн бүсийн тэлэлт гэхээсээ илүү дэлхий дээрх усны хомсдолтой бүс нутаг дахь хөрсний доройтолтой холбоотой өргөн ойлголт. Хөрсний чанар, үржил шим, усны нөөц, ан амьтны тоо толгой буурах зэрэг үүнд хамаарна. Манай гарагийн эх газрын 38 хувийг хуурай бүс нутаг эзэлдэг бөгөөд үүнд Африкийн хойд болон өмнөд хэсэг, Хойд Америкийн баруун хэсэг, Австрали, Ойрх Дорнод, Төв Ази ордог. Хуурай газарт нийт 2.7 тэрбум хүн амьдарч буйгаас 90 хувь нь хөгжиж буй орны иргэд. Хуурай бүс нутаг хөрсний доройтолд хамгийн өртөмхий байдаг нь хур тунадас маш бага хэмжээгээр ордог болон хөрсний үржил шим муу байдагтай холбоотой. Цөлжилтийн гол шалтгаан гол төлөв ой модыг их хэмжээгээр тайрах, бэлчээрийн даац хэтрэх, хэт их хэмжээний үр тариа тариалах, оновчгүй усжуулалт зэрэг газрын менежмент, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байдаг аж.

Үр нөлөө

Цөлжилт хөрсний доройтол, усны хомсдол, давсжилтыг үүсгэдэг байна. Улмаар биологийн олон янз байдал буурахад ихээхэн нөлөөлдөг аж. Ялангуяа, том хэмжээтэй хөхтөн амьтны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд хурдан дасан зохицох чадвар сул байдаг тул зэрлэг ан амьтан ихээхэн эрсдэлд өртдөг гэнэ. Судалгаанаас үзвэл Пакистаны Холистан цөлийн бүс нутагт ургамал болон ан амьтны төрөл зүйл цөөрч буйг илтгэжээ. Монгол Улсад хийсэн судалгаа мөн сүүлийн хорин жилд тохиосон хэт халалт, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэн биологийн бүхий л төрөл зүйл их хэмжээгээр цөөрч, хорогдсоныг харуулжээ. Хөрсний доройтол дасан зохицох чадвар сайтай түрэмгий ургамалд илүү боломж өгч, бэлчээрийн ургамал ургах орчин хумигддаг байна. Улмаар хүнсний аюулгүй байдал, хүн амын амьжиргаа, биологийн олон янз байдалд хөнөөлт үр нөлөө үзүүлдэг гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Хүнсний аюулгүй байдал, амьжиргааны эх үүсвэр нь газар тариалантай шууд холбогддог Сомали, Кени, Этиоп зэрэг Зүүн Африкийн улс орнуудад үр дагавар нь үлэмж их. Сомалид гэхэд мал аж ахуй ДНБ-ий 40-ийг бүрдүүлдэг байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар жил тутам 12 сая га үржил шимтэй газар цөлжилт, ган гачигт өртөж буйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл жилд 20 сая тонн үр будааг алдаж байна гэсэн үг. Энэ нь санхүүгийн үлэмж их хохирол учруулдаг. Нигер улсад гэхэд газар ашиглалтаас улбаатай хөрсний доройтол ДНБ-ний 11 хувьтай тэнцэх хохирол учруулж байна. Мөн ийм шалтгаанаар Аргентин улс жилд ДНБ-ий 16 хувьтай тэнцэх хохирлыг амсаж байгаа ажээ. Цөлжилтийн үр дагавар малын тоо толгой буурах, ургац алдах, хүнсний аюулгүй байдал алдагдах зэргээр илэрдэг. Хүн төрөлхтөн махнаас татгалзах, хэрэглээгээ хязгаарлах, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутгаас дүрвэн нүүх зэрэг эдгээр сорилтыг даван туулах олон аргыг сонгодог. Өмчийн эрх баталгаагүй, газар тариаланчдад эдийн засгийн дэмжлэг тэр бүр үзүүлдэггүй, ядуурал, тэгш бус байдал газар авсан, сул засгийн газартай улс орнуудын иргэд цөлжилтийн үр нөлөөнд илүү өртдөг гэж судлаачид онцолжээ.Элсэн болон шороон шуурга нь цөлжилтийн бас нэг үр дагавар. Судалгаанаас үзвэл, XIX зууны сүүлээс өнөөг хүртэл агаар дахь тоосны хэмжээ 25 хувиар нэмэгджээ. Үүний гол шалтгааныг эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалттай холбон тайлбарлаж байна. Ойрх Дорнодод гэхэд шороон шуурганы давтамж сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгджээ. Үүнийг хөрсөн дэх чийгшил багсаж, хөрсний үржил шим муудсантай холбон тайлбарлаж байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон болон элсэн шуурга хоорондоо хэрхэн холбогдож буйг нарийн судлах шаардлагатай гэж эрдэмтэд үздэг. Шороон шуурга нь хүний эрүүл мэндэд үлэмж сөрөг нөлөөтэй. Астма, томуу, зүрх судасны өвчин, арьсны харшил үүсэхэд нөлөөлөхөөс гадна ундны усны эхийг бохирдуулдаг. Түүнчлэн, дэд бүтэц, нарны зайн хавтан, салхин сэнсний хэвийн ажиллагаанд нөлөөлж, зам тээврийн үйлчилгээг тасалдуулдаг.

Уур амьсгалын өөрчлөлт

Агаар мандал дахь элс, тоосны хэмжээг нэмэгдүүлэх замаар цөлжилт уур амьсгалын өөрчлөлтөд “хувь нэмэр” оруулж байна. Агаар мандал дахь тоосны ширхгүүд нарны туяаг сарниулж, газрын гадаргуу дээрх дулааныг багасгаж, эсрэгээр агаар дахь дулааныг нэмэгдүүлдэг гэнэ. Үүний сацуу, тоосны ширхэг үүл үүсэхэд нөлөөлдөг тул ялангуяа хуурайшилт ихтэй бүс нутагт бороо орох магадлалыг бууруулдаг байна. 

Хөрс нүүрстөрөгч хуримтлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн хуурай бүс нутаг дахь хөрсний хоёр метр зузаан өнгөн давхаргад нийт 646 тэрбум тонн нүүрстөрөгч хадгалагддаг бөгөөд энэ нь манай гарагийн хөрсөнд агуулагдаж буй нүүрсхүчлийн нийт хэмжээний 32 хувийг эзэлдэг. Хөрсөн дэх чийгийн агууламж хуурай бүс нутгийн хөрсний нүүрсхүчлийг эрдэсжүүлэх чадварт гол нөлөө үзүүлдэг аж. “Хөрс амьсгалах” гэгддэг энэхүү үйл явцад нянгууд хөрсөн дэх органик нүүрсхүчлийг хүчил төрөгч болгон хувиргадаг. Энэ үйл явц нь улмаар ургамлын ургалтад шаардлагатай тэжээлийг бий мөн болгодог байна. Өөрөөр хэлбэл хөрс амьсгалснаар ургамал ургах нөхцөлийг бүрдүүлдэг юм.

Ирээдүй

2050 он гэхэд хуурай бүс нутагт амьдарч буй хүн ам 43 хувиар өсөж, дөрвөн тэрбумд хүрэх төлөвтэй. Уур амьсгалын өөрчлөлт газрын гадаргуугаас усыг ууршуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь хөрсийг хуурайшихад нөлөөлдөг. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлт хур тунадасны байдалд нөлөөлж, дулаан агаар чийгийг их хэмжээгээр тогтоох чадвартай байдаг тул зарим бүс нутагт хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх магадлал өндөр. Эрдэмтэд хуурай бүс нутаг ирээдүйд хүрээгээ тэлнэ гэж тооцоолж байна. Энэ явц ялангуяа Хойд Америкийн баруун өмнөд хэсэг, Африкийн хойд  хязгаар, өмнөд хэсэг болон Австралид хүчтэй ажиглагдах гэнэ. Ирэх 30-90 жилд ган гачиг их хэмжээний газар нутгийг хамрах хэдий ч үүнтэй 2100 он гэхэд хур тунадасны хэмжээ 16-24 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгаа мөн гарчээ.

Шийдэл

Дэлхийн дулаарлыг хазаарлах нь ирээдүйд цөлжилтийн явцыг хязгаарлах гол арга зам. НҮБ 2010 онд Цөлжилттэй тэмцэх арван жилийг зарлаж байсан. Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс илүү үр дүнтэй, хямд өртөгтэй арга юм. Нэгэнт бий болсон цөлжилтийн явцыг эргүүлэх боломж тун хомс гэж эрдэмтэд үзэж байна. Цөлжилтийг эхлэхээс нь өмнө зогсоохын тулд хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэх, газрын менежментийг сайжруулах арга хэмжээг авах шаардлагатай гэсэн үг.

Энэ бүхэн Засгийн газар, орон нутгийн ард иргэдээс ихээхэн хүчин чармайлт, оновчтой бодлогын үр дүнд бий болох боломжтой. Ялангуяа газрын тогтвортой менежмент, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.  Үүний сацуу уламжлалт мэдлэгийг ашиглах нь хөрсний доройтолтой тэмцэх үр дүнтэй арга болохыг судалгаа харуулжээ. Байгаль орчны нөхцөл байдлаас үл хамааран хуурай бүс нутгийн иргэд үе үеийн энэ асуудлыг амжилттай шийдсээр ирсэн тул иргэдийн оролцоо үр дүнтэй гэдгийг илтгэж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
78(66.181.184.35) 2019 оны 11 сарын 21

амьд үхдэлүүдийг шууд тархаахгүйгээр устгавал үүнтэй ижил цөлжилтийг

0  |  0
Top