90 оюутанд сургалтын тэтгэлэг олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 23

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн сонгогдсон Хэнтий аймгийн 41-р тойргийнхоо оюутан, залуучуудыг дэмжих зорилгоор “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран 2016 оноос хойш жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарладаг юм. Тус хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх, зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн боломжгүйн улмаас суралцахад хүндрэлтэй байдаг орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой. Мөн тэтгэлгийн эзэд зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг аваад зогсохгүй бүтэн жилийн турш манлайллын хөтөлбөрт хамрагддаг онцлогтой.

Хэнтий аймгийн 41-р тойргийн сумдын оюутнууд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт идэвхтэй оролцдог бөгөөд 2016 онд сум тус бүрээс нэг буюу нийт ес, 2017 онд сум тус бүрээс хоёр буюу нийт 18, 2018 онд сум тус бүрээс гурав буюу нийт 27 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон юм.

Харин 2019-2020 оны хичээлийн жилд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээг тэлж, хамруулах оюутнуудын тоог нэмэгдүүлэн есөн сум тус бүрээс дөрөв, нийт 36 оюутанд тус бүр нэг сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоор болсон бөгөөд шалгаруулалтыг хэд хэдэн үе шаттай явуулж дууссан юм. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон нэр бүхий 36 оюутантай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд уулзаж, сурлагын өндөр амжилт хүсээд өөрийн нэрэмжит сургалтын тэтгэлгийн батламжийг нь гардуулан өглөө. Энэ үеэр тэрбээр залууст хандан “Миний амьдралд тусламж дэмжлэг хэрэгтэй үе олон байсан. Тийм ч учраас сумын тамгын газар, олон улсын байгууллагад ажилладаг байх үеэс л өөрт байгаа боломжоороо залуу үеэ дэмжих, урам зориг өгөхийг хичээж ирсэн. Боловсрол бол ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Шинэ Монголын ирээдүй болсон залуус та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй...” хэмээсэн юм.

Ингэснээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2016 оноос хойш тойргийнхоо есөн сумын нийт 90 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлэг олгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top