Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл чухал

2019 оны 11 сарын 26

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2019.11.26) “Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдэвт хүндэтгэлийн лекцийг Тусгаар тогтнолын ордонд уншлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг XVII жарны шаргачин гахай жилийн намрын адаг сарын 30-ны өдрийн морин цагт буюу Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нотлон баталгаажуулж, Төрийн тамгаа дарсан юм.

“Тусгаар тогтнол ба Үндсэн хууль” сэдэвт хүндэтгэлийн лекцэд төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, Зөвлөлдөх санал асуулгад оролцож байсан төлөөлөгчид, оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 800 гаруй хүн оролцов.

Лекцийнхээ эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэддээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлээд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүрийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрбээр, “1924 онд баталсан Анхдугаар Үндсэн хуулиараа Монголчууд төрт ёс оршин тогтнохын үндэс болсон Тусгаар тогтнолоо зарлан тунхаглахын зэрэгцээ ардчилсан тогтолцооны үндэс суурийг тавьсан. Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Эдгээр хууль бүрт тусгаар тогтнол, олон түмний эрх ашгийг эн тэргүүнд тавьж байсан. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойрсонгүй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ ч бид түүхэн уламжлалаа хадгалсан гэдгээ онцлон тэмдэглэмээр байна.

Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Энэ зүйл заалт бүр эрүүл нийгэм, шударга төр, хариуцлагатай засаглалын хөгжингүй эдийн засаг руу та биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн тав дахь хувьсгалын эхний томоохон алхмыг хийсэн гэж үзэж байна.

Бид хамтдаа өөрчлөлт, шинэчлэлээ эхлүүлж чадлаа. Одоо үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх чухал ажил хүлээж байна. Үүнд хүн бүрийн хүчин зүтгэл чухал. Та бүхнээр уламжлан нийт ард түмэндээ шинэ сайхан ирээдүйг бүтээх, төрөө цэгцлэх түмнээ амаржуулах, бүтээх итгэл дүүрэн баяр түвшин жаргалыг хүсэн ерөөе” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахын тулд Ажлын хэсгийнхэн эрдэмтэн судлаачдын санал зөвлөгөөг авсан. Миний бие бичгээр гаргасан саналдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах, “Давхар дээл”-ийг тайлах, шүүх засаглалыг бэхжүүлэх талаар тусгасан. Энэ удаагийн парламент сайн өөрчлөлтийг хийж чадлаа. Одоо “амьдруулах” хэрэгтэй. Өндөр ёс суртахуун, шударга ёс, нэр төр, жудаг, үндэсний эв нэгдэл, эс шунахайрал, үүрэг хариуцлагатай байх нь Монгол Улсын Үндсэн хуулийг “амьдруулах” чухал зүйл гэдгийг цохон тэмдэглэмээр байна” гээд тусгаар тогтносон, бие даасан Үндсэн хуультай ард түмэн гэдгээрээ бахархаж байхыг уриаллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top