Японы Засгийн газар тус улсын автомашин үйлдвэрлэгч компаниудад 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлдвэрлэх бүх загварын автомашинд автомат тормозны системийг суурилуулах шаардлага тавихаар төлөвлөж байна.
“Asahi” сонинд мэдээлснээр, ирэх жилийн нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болох олон улсын дүрмийн дагуу энэхүү шаардлагыг тавьж буй аж. Хэрэв 2021 оны арваннэгдүгээр сараас өмнө үйлдвэрлэлээс гарсан автомашинууд тухайн үед зах зээл дээр борлогдсон хэвээр байвал эл шинэ стандарт 2025 оны сүүлээр эдгээр автомашинд үйлчилж эхлэх гэнэ. Ингэснээр автомашин үйлдвэрлэгч компаниудад үйлдвэрлэлийн үйл явцад тодорхой өөрчлөлт оруулах хугацаа олгож байгаа юм. Харин импортын автомашинд тавигдах шаардлагыг одоогоор батлаагүй байна.
Япон улсын газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны бэлтгэсэн төсөл ёсоор, автомат тормозны систем гурван стандартыг хангах ёстой гэнэ. Үүнд 40 км/ц хурдтай урьд нь явж буй автомашин зогсоход мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, урьд нь явж буй автомашин хурдаа эрс сааруулахад хурдыг 60-аас 20 км/ц хүртэл автоматаар бууруулах, зам дээр явган зорчигч гэнэт гарч ирсэн тохиолдолд 30 км/ц хурдтай явж буй автомашин огцом зогсох зэрэг шаардлага тавьж байна.
Шинэ дүрмийг нэвтрүүлснээр ялангуяа насны эрхээр хөдөлгөөн нь удааширсан хөгшдийг авто замын осолд орохоос урьдчилан сэргийлэх зорилготой. Өндөр өртөгтэй автомат тормозны системийг суурилуулах нь автомашины үнэ өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Өдгөө энэхүү системийг бизнес ангиллын загваруудад суурилуулдаг байна.
Өнгөрсөн онд тус улсад авто замын ослын улмаас 3.5 мянган хүн амиа алдсан нь 1948 оноос хойш анх удаа ийм доогуур үзүүлэлт гарчээ. Гэсэн хэдий ч хохирогчдын талаас илүү хувь нь 65-аас дээш насны ахмад настнууд эзэлж байгаа нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 0 )