Бүгд Найрамдах Солонгос улс /БНСУ/-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн ноён Ли Ё Хун 2019.11.28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.
Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэв. Уулзалтаар талууд 2020 онд болох Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх болоод хоёр орны залуу бизнес эрхлэгчдийг дэмжих асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгох бизнес зөвлөл байгуулах санал гаргаад, энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг Элчин сайд Ли Ё Хунд гардуулан өгчээ. Үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Ли Ё Хун халуун дотноор хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаа, оноог ажил хэрэгтээ тусгахаа илэрхийлжээ.
БНСУ-аас Монгол Улсад шинээр томилогдон ирсэн Элчин сайд Ли Ё Хун Монголд ирсэн даруйдаа буюу өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад оршин суудаг Солонгос иргэдийн нийгэмлэг, Монгол дах Солонгос бизнес эрхлэгчдийн холбоо, Тэам тэтгэлгийн сан, Солонгосын нийтийн хоол эрхлэгчдийн холбоо, Олон соёлт гэр бүлийн нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.
Түүнчлэн Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа идэвхтэй хөгжиж ирснийг дурдаад, цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэйг тэмдэглэв. Түүнчлэн ирэх 2020 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ хүрээнд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах, хоёр талын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв. Мөн БНСУ-д манай улсын хамгийн олон иргэн сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгааг тэмдэглэж, тэдний ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах талаар БНСУ-ын Засгийн газраас анхаарч ирсэнд талархаж, цаашид иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар Элчин сайдын зүгээс хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ солонгос иргэдийн холбоо энэ тэр холбоонууд байгаа нь Монгол дах солонгос иргэдэд хандсан монголчуудын төдийгүй АЖУ тур оператор болохоор жижиг дунд бизнесийн ЗАХ ЗЭЭЛИЙГ булаан шууд Солонгос руу хөрөнгө нь гарч байгааг мэддэггүй малууд юм байхдаа. \n\n