Сонгуулийн хуулийн төслийг АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ шилжүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

УИХ-ын өнөөдрийн /2019.12.06/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Дөнгөж сая хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хуулийг төслийг дэмжиж байгаагаа мэдэгдэж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хуулийн төслийг дэмжиж байна. Сүүлийн үед улс төр, нийгмийн байдлаа харах юм бол Монгол Улсад эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, үүрэг нь ихсэж байна. Монгол Улсын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх ёстой гэдгийг дэмжиж байна. Тэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Хоёрдугаарт, тогтолцоотой холбоотой асуудлаа сайн ярилцах хэрэгтэй. Хувь тэнцүүлэх тогтолцоог Үндсэн хууль зөрчинө гэж бодож байна" хэмээн онцоллоо. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссаны дараа санал хураалт явууллаа. Улмаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулахад гишүүдийн 67.5 хувиар дэмжигдлээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top