Хуулийн хулгайчууд захиалагч нараа зарлаж эхлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

 “Урт” нэртэй хууль буюу гол мөрний эх, урсац ай сав, усны болон ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглосон хуулийг өөрчлөх төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр байнгын хорооны хурлаас шийдвэрлэсэн билээ.  Үүнээс үүдээд гишүүдийн дунд нэлээд маргаан өрнөж байна. Д.Энхбат, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, Б.Бат-Эрдэнэ нарын зэрэг гишүүд улс төрийн тэмцэл хийхээ ч мэдэгдсэн. Энэ үеэр харин уг хуулийг өөрчлүүлэх санаачлагыг гаргасан “хуулийн хулгайч” нарын нэр түрүүчээсээ тодорч эхэлжээ. Экологийн гамшиг дагуулсан уг төслийг санаачлагчдын нэг Я.Батсуурь гишүүн олны шахалт, дайралтанд өртмөгц бушуухан бууж өгөөд энэхүү саналаасаа ухрах бодолтой болсон гэнэ. Тэрээр нэг нөхөртөө “Би энэ төсөл дээр тийм ч идэвхтэй ажиллаагүй. Харин Ж.Батсуурь гишүүн л хамгийн их зүтгэсэн. Түүний ард эрх мэдэлтэй хүмүүс байгаа юм шиг байна” гэжээ. Тэгвэл мөн хуулийн төслийг санаачлан боловсруулах ажлыг хийлцсэн Д.Батбаяр гишүүн “Ер нь би энэ хуулийн төсөл дээр санал өгөхөө болихоор шийдсэн” гэсэн байна. Түүнчлэн эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө хамгийн идэвхтэй тэмцэгч гэгдээд байгаа Б.Бат-Эрдэнэ аварга “Зоригт сайд Хятадуудад үйлчилж ийм мугуйд төсөл хийлгэсэн” гэв. Дараа нь бас Ц.Сэдванчиг гишүүн “Ийм хорлонтой хуулийн төсөл санаачилж  батлуулахыг Д.Зоригт сайд манай хэдэн гишүүдээс гуйгаад, шаардаад байсан гэсэн. Түүнд гадны зарим компаниуд нөлөөлсөн байх” гэлээ. Эдгээрээс үзэхэд хэргийн эзэн, анх хуулийн хулгай хийх аргыг  сэдсэн хүн нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болж таарч байна. Ийнхүү хулгайч нар өөрсдөө өөрсдийгөө барьж өгчээ. Д.Зоригт харин энэ талаар ам нээхгүй байгаа. Хэрвээ эгзэг нь таараад юм хэлбэл тэр Канад, Орос, Хятад зэрэг улс орноос  Монголд алт ухаж байгаа компанийн эзэд рүү заагаад “Эд нар л надад “Урт” нэртэй хуулиа өөрчлөөд өгөөч гээд хэдэн ногоон доллар атгуулсан шүү дээ” гэж үнэнээ өчихөөс аргагүй болно. Гэхдээ авлигын хэрэгт орохоос айгаад тас гүрийсээр сайдын сэнтийгээс мултрах биз ээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top