БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Ч.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.10) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн: Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350.846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан гэж байлаа.

Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батзандан, Ч.Хүрэлбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг Монгол Улсын Ерөнхийлөгч эрс эсэргүүцэж хориг тавьсныг Шинэ нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл үндэслэлтэй хориг гэж үзэж байна. 2019 оны байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна гэсэн мэдээлэл байна. Ийм байхад Нийгмийн даатгалыг хоёр хувиар нэмэгдүүлэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин  Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, улсын төсвийг  2 их наяд 74 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан гэж байна. Үүний 1,2 их наяд төгрөгийг 30-аад жилийн хугацаанд хэрэгжих нэн хөнгөлөлттэй зээлүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Мөн ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 20 жилээс дээш хугацаатай, жилийн хүү нь нэг хувиас бага зээлээр алдагдлаа санхүүжүүлж явж байгааг тодотгов. Тэрбээр алдагдлыг огцом бууруулбал эдийн засагт сөргөөр нөлөөлөх учраас нэн хөнгөлөлттэй зээл авч төсвийн алдагдлаа нөхөж, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд баталсан  гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  2018 онд төсвийн алдагдлыг 2,2 их наяд төгрөгөөр төлөвлөж батлаад гүйцэтгэлээрээ 27.9 тэрбум төгрөгийн ашигтай төсөв гарсныг хэлсэн үгэндээ тодотгоод тоон дээр тоглож болохгүйг анхааруулав. Цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь гэдэг бол 2023 оноос хэрэгжиж эхлэх тоо гэдгийг дурдаад хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд  санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Түүнчлэн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан.  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу 3, 4 дүгээр зүйлийг салгаж тус тусад нь санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 3.4 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.  

Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)- ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхин банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12.0 сам ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна.  Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  1.25 хувь  байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. 

Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх, гэр, байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах, халаалтын зуухыг буулгах, түүхий нүүрсний хэрэглээг хориглох, хот суурин газрын дулаан хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, хямд өртөгтэй орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чухал арга хэмжээ тусгагдсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулснаар 200 оричм айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын оршин суугчдад амьдралын сайн жишгийг нэвтрүүлнэ гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийн үр дүнгийн талаар тодруулахын зэрэгцээ нэмэлт санхүүжилтийн хэлэлцээгээр хэрэгжих төслийн үр нөлөөг дээшлүүлэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, амины орон сууцны дэд бүтцийн асуудлыг шийдэх зэрэг бодитой, далайцтай арга хэмжээ авахад анхаарах шаардлагатай гэж байлаа. 

Төслийн хүрээнд 2013-2015 онуудад гэр хорооллын 40,813 айл өрхөд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглахад санхүүгийн дэмжлэг (татаас) үзүүлж, энэ хугацаанд нарийн ширхэгт тоосонцор РМ2.5-ыг 20 орчим хувиар буурсан. Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр импортын зуухыг орлох, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Ажлын хэсгийн хариултдаа онцлов. Мөн 2016-2019 онуудад Нийслэлийн зургаан дүүргийн есөн цэцэрлэгийн барилгыг дулаан алдагдпыг бууруулж, засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж, гэр хорооллын 474 айл өрхийн байшин-сууцны дулаан алдагдал, түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн “Дулаалга аян”-ыг зохион байгуулсан. Ингэснээр айл өрхийн байшин-сууцыг дулаалснаар өрхийн түлшний хэрэглээг дунджаар 50 хүртэл хувиар хэмнэсэн гэж байлаа. 

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top