Д.Эрдэнэбат: 26 мандатад нэг хүнийг дугуйлах нь харгис сонголт

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

УИХ дахь АН-ын зөвлөлөөс өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас дараах зүйлийг тодруулсан юм.


-Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчилж, түүний дагалдан батлагдсан зарим хуульд бүхэлд нь хориг тавилаа. Эрх баригч намын зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй, гагцхүү ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх асуудалд тавьсан хоригийг хүлээж авах шийдвэрт хүрлээ. Тэгвэл сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн тавьсан хоригт ямар байр суурьтай байна вэ. Зөвлөлийн хуралдаанаар ямар шийдвэрт хүрэв?

-Ирэх 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ бол онцгой жил. Өр дарж эхэлнэ. Зөвхөн АН-ын тавьсан өр гэж хэлж болохгүй. Тухайлбал, 2020-2024 онд 2.9 тэрбум ам.долларын өрийг төлнө. Та бүхэн санаж байгаа байх. МАН 2012 онд эрх барьж байхдаа бэлнээр мөнгө тараасан. Энэ нь ямар ч үр дүн өгөөгүй. Одоо хөрөнгө оруулалт нэрийдлээр мөнгө тараах нь. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зөв гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хоригийг бүхэлд нь хүлээж авах зүйтэй гэдэг шийдвэрт УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Бид 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой заалтуудыг хэлж, сануулж байсан. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой хэд, хэдэн зүйлд онцгой анхаарч, энэ хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна.

-Жишээ нь?

-Түүх, соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах, шинээр барих асуудалд тавьсан хоригийг маш зөв гэж бодож байна. Эхнээсээ иргэд Байгалийн түүхийн музейн барилгыг нураасанд эсэргүүцэл, эмзэглэлээ илэрхийлж байна шүү дээ. Бид уламжлалт барилгуудыг дахин шинээр барих байсан ч хуучин хэв шинжийг нь хадгалах ёстой гэдэг өмнөх байр сууриндаа хэвээр зогсоно.

-Гэхдээ МАН-ынхан нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос хоёр хувиар нэмэх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдлээ шүү дээ?

-Бид өмнө нь ч эсэргүүцэж ирсэн. Иргэдийн цалин нэмж чадахгүй хэр нь татварын дарамт үүсгэж болохгүй биз дээ. Үүнийг АН байнга хэлж, сануулж байсан.

-Сонгуулийн тухай хууль байна. Хуулийг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн хуулиар холимог тогтолцоо байхыг АН санал болгосон. Гэвч унасан. Гэтэл Сонгуулийн хуулийг оруулж ирэхдээ АН-ын нэрийг барьж байна. Өөрөөр хэлбэл, 50:26 гээд оруулаад ирлээ. Үнэндээ 26 мандатад зөвхөн нэг хүнийг сонгох харгис сонголтыг өгч байна. Үнэхээр 26 юм бол 26 хүнийг дугуйлах ёстой. Гэтэл нэг хүнийг оруулж ирж байгаа нь ардчилсан зарчмыг үгүйсгэж байгаагаас өөрцгүй. Сонгуулийн үеэр гараад байгаа хэрүүл маргааныг яаж хуульчлах юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй хүнийг бүрхэг байдлаар оруулж ирэх нь бүрхэг байна. Хоёр дахь нь Зөрчлийн хуулиар маш том өөрчлөлт оруулж байна. Ингэж байгаа нь сонгууль маш том маргаантай болно гэсний дохио. Зөрчил гэхээсээ шууд эрүүгийн хариуцлага үүрүүлэх ёстой. Энэ мэт асуудлыг Ажлын хэсгийн хурал дээр ярьж, асуудлаа тавих болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top