Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой” төсөлд хөрөнгө оруулагчидтай уулзах талаар ажлын хэсэг байгуулна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ. Рио Тинто компани энэ сарын 11-ний өдөр УИХ-ын 92 тоот тогтоолыг хүлээн авсан юм. “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” найман заалт бүхий тогтоолыг биелүүлэхэд хөрөнгө оруулагч тал хамтран ажиллана гэдгээ албан мэдэгдэлдээ онцолсон билээ.
“УИХ-ын 92 тогтоол дээр тодорхой заасан байгаа. Ялангуяа “Дубайн гэрээ” буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах, Монгол талын өгөөжийг 53 хувиас бууруулахгүй зэрэг маш тодорхой тусгачихсан. Энэ заалтуудын хүрээнд хөрөнгө оруулагчидтай ширээний ард суух ажлыг идэвхжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар энэ асуудлаар удахгүй ажлын хэсэг байгуулна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.
Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг салбар яамдын эрхлэх асуудлуудын хүрээнд асуудлаа хуваан хөрөнгө оруулагчидтай ярилцах ажээ.
Рио Тинто компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Оюу Толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг 100 хувийн саналаар баталсан билээ.
Уг тогтоолд далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулах хувилбарыг судлах зэрэг заалтыг тусгасан юм.
Түүнээс гадна хамгийн чухал нь Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, ТЭЗҮ-г дахин боловсруулах байсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хүрэлсүхийн сайд нар дотор гэрээ байгуулах чадвар чадамжтай хүн байхгүй. Бүгд ашиг сонирхолын зөрчилтэй новшнууд
ЗА ЧИ НААД ОТ-Н ГЭРЭЭНИЙ ООРЧЛОЛТ РУУ ОРООД ХЭРЭГГУЙ ШУУ ЧАМД ДЭНДУУ ХУРЦДАНА. ХААЯА Ч ГЭСЭН ТОЛГОЙГОО ТОГШИЖ УЗЭЖ БАЙ