Л.Болд яамныхаа халаа сэлгээнд тархиа гашилгаж сууна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10

 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга генерал М.Борбаатар ажлаасаа халагджээ. Тэрээр нас сүүдэр 60 шүргэж яваа ч бүтээлч идэвхи нь хараахан суларчихаагүй юмсан гэж ойр орчмынхон нь халаглах болов. Гэхдээ хааны алба халаатай хойно тэтгэвэртээ гараад амжуулах ажил түүнд хаа мундахав. Харин Л.Болд сайд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Сүхбаатарыг нэлээд олон сарын турш үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байна. Жинхэнэ дарга болгох гэтэл Ш.Сүхбаатар нь Төрийн албаны зөвлөлөөр орж асуудлаа шийдүүлэлгүй том толгойлоод яваа нэгэн ажээ. Уг нь “хааны” албанд орж ажиллахад заавал Төрийн албаны зөвлөлөөр дамждаг, тэнд шалгуулдаг журамтай. Гэтэл ийнхүү дураараа аашилж буй Ш.Сүхбаатартаа М.Борбаатарын ажлыг давхар даалгаж орхисон гэнэ. Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Сүхбаатар одоо өөрийн өмнөх ажлаа яая даа гэж байж бас дээрээс нь яамныхаа Төрийн нарийн бичгийн ажлыг хийх болжээ. Сонирхолтой бөгөөд хачирхалтай томилгоо гэж үүнийг л хэлэх болов уу. М.Борбаатарын орны хүн хэзээ ажилдаа орох нь тодорхойгүй байна. Сураг сонсоход МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн цэргийн сургуулийн найз гэгддэг хурандаа Д.Сайханбаярын нэр дуулдаж байна. Гэвч түүнийг Ардын намынхантай сүжирч сэм сэмхэн улс төрждөг гэдэг шалтгаанаар Л.Болд сайд ажлаас нь хусаад олон сар болжээ. Төрийн яаманд ийм улс төржсөн хүн байх ёсгүй гэж үзсэн юм байна. Тэгээд ч Батлан хамгаалах яам бол бусад яамдаас өвөрмөц онцлогтой. Улс орныхоо батлан хамгаалах үйлсэд бодлого зангидаж байдаг яам юм. Тиймээс Д.Сайханбаяр хурандаа ямартай ч Л.Болдод таалагдахгүй хэвээрээ байх бололтой. Харин Олон улсын энхийг сахиулах ажиллагааны анхны шанг таталцаж тэргүүн ээлжинд харийн орныг зорьж үүрэг гүйцэтгэж явсан хошууч генерал Б.Баярмагнайг Төрийн нарийн бичгийн даргаар томилж магадгүй гэнэ. Гэхдээ бас өөр өрсөлдөгч нар мундахгүй олон. Генерал Я.Чойжамц гэдэг хүн энэ албанд зүтгэх өндөр магадлалтай гэж зарим эх сурвалжууд хэлж байна. Ийнхүү хачирхалтай, сонирхолтой томилгоонууд дунд Л.Болд сайд тархиа гашилгаж яваа ажээ.

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top