С.Мөнхтуяа: Архинд донтох эмгэг элэгний хавдартай болгох эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

“Сархад савнаасаа бусдыг дийлнэ” гэдэг ардын цэцэн үг бий. Архины аагинд хөлчүүрхэж, омголон залуу насаа үрж, өвчний үүр болсон олон хүний амьдралын гашуун туршлагыг залуус минь бүү давтаасай гэсэндээ архины хор уршгийн талаар, цаашлаад архинд донтох эмгэгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Архи, мансууруулах бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мөнхтуяатай ярилцлаа.


-Архинд донтох эмгэгийг эмчилдэг эмнэлэг улсын хэмжээнд хэд байдаг вэ?

-Шар хаданд байдаг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд архинд донтох эмгэгийг засан эмчлэх тасаг нь 30 ортой бөгөөд жилд . 21 аймгаас ирсэн 1200 гаруй хүн хэвтэж үйлчлүүлдэг Нийслэлийн иргэдэд үйлчилдэг Толгойтод байдаг наркологийн эмнэлэг нь 50 ортой бөгөөд жилд 1700 гаруй хүн хэвтэж үйлчлүүлдэг.  Захиргааны журмаар албадан эмчлүүлдэг Төв аймгийн Баян суманд буюу Мааньтад 170 ортой эмнэлэг ажилладаг.

-Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр тухайн хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Хүн эрүүл байхын тулд зөв дадал зуршил, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт чухал. Энэ нь дэглэм алдагдахаар сөрөг нөлөө гардаг. Монгол Улсад хоёр хувиас дээш алкахолтой ундааг согтууруулах ундааны зүйл гэж үзнэ гэж заасан байдаг. Архи согтууруулах ундаа гэдэг үндсэн найрлага нь этилийн спирт буюу химийн бодис ордог. Энэ идээг хэтрүүлж хэрэглэвэл хортой үр дагавар авчрах төдийгүй архинд донтох гэдэг эмгэг үүсдэг. Жил бүр шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүст биохимийн шинжилгээгээр алат, асат буюу элэгний үйл ажиллагааны идэвхжил өндөрссөн нь илэрдэг. Мөн нойр булчирхай нь хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог учраас ферментийн үйл ажиллагаа алдагддаг. Архины калорийн хэмжээ их учир цусанд өөх хаяж архи ууж байгаа хүмүүс хоол идэх дур сонирхолгүй болдог. Архинд ямар ч уураг, эрдэс давс, менирал байдаггүй учир элэг өөрөө энергийн төв лаборатори болж сахрыг цусанд нийлүүлснээр өөхлөлт ихсэж элэгний хэмжээ нь хоёр дахин томорч, өнгө нь цайдаг. Цөс ч томордог. Энэ нь эхо аппаратны тусламжтайгаар харагддаг. Энэ үед ч архи согтууруулах ундааг хэрэглэсээр байх юм бол хожим холбох эдээр сорвижиж, элэг хатуурч, хэмжээ нь жижгэрдэг. Энэ үед тухайн хүн гадаад шинжээрээ турах, өвдөх, царай харлах, хоолны дуршил багасах, баруун хавирганы нумаар унжиж, хатуурч өвдөх, гүйлгэх суулгах, хөдөлмөрийн чадвар алдагдах зэргээр зовуурь шаналгаа илэрч эхэлнэ. Энэ үедээ л хүмүүс эмнэлэгт хандаж, аль хэдийн архины шалтгаантай элэгний хатуурал үүссэн байдаг.

-Энэ үед ямар эмчилгээ хийх шаардлагатай вэ?

-Архийг тогтоон барих эмчилгээ, элэгний эмчилгээ, элэг солиулах мэс засалд орох зэргээр хүндэрсэн байдаг. Дээрээс нь элэгний хавдар ч болох магадлалтай болсон ирдэг. Нэгэнт ийм байдалд орчихсон бол эмчилгээний хугацаа их шаарддаг, үнэ төлбөр ихтэй болдог. Архи согтууруулах ундааны зүйлийг огт хэрэглэхгүй байж үр дүнд хүрдэг. Гэвч манай төвд эцсийн шатандаа орчихсон, эргэшгүй өөрчлөлтөд орчихсон, ээнэгшлээ алдсан бусад эмгэгүүдтэй хавсарсан хүндэрчихсэн үедээ ирдэг. Архинд донтох эмгэгийг эрт эмчлүүлэхгүй бол хорт хавдартай адилхан үр дүн муу байдаг.

 

-Элгээс гадна ямар эрхтнийг гэмтээдэг вэ?

-Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж 60 төрлийн өвчин үүсдэг. Жишээлбэл, зүрх судасны эмгэг, даралт ихдэх эмгэг, зүрх өөхлөх, ходоод шархлах, бөөр үрэвсэх зэргээр бүх эрхтнийг гэмтээдэг. Уураг тархинд гурван минутын дотор үйлчилдэг. Элгэнд очиж 80 хувь шимэгдэж, цусаар нүүрсхүчлийн хий, ус болж гардаг. Үлдсэн 20 хувьд нь амьсгалаар, арьсаар дамжиж ялгардаг. Бөөрөөр ялгарч шээс өтгөрдөг. Хөхүүл эхийн хөхний сүүгээр ялгардаг. Хөхүүл эх архи, дарс уувал хөхний сүүгээр дамжиж хүүхдэд сөргөөр нөлөөлөх нь байна. Хүмүүсийн дунд буруу ойлголт байдаг л даа. Архи уухаас өмнө өөх тостой махан хоол идвэл бага согтдог, бага хорддог гэдэг. Ходоод хоолоо боловсруулахад хоёр цаг зарцуулдаг тул архины шимэгдэлтийн хугацаа нь л урт, богино байгаагаас хордох үйлчилгээ нь адилхан. Өлөн уувал архи шууд цусанд хурдан тархдаг. Архи ямар ч үед уусан 100 хувь биеэр дамжиж байж ялгардаг учир гэмтээхгүй эрхтэн гэж байдаггүй.

-Үүнээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсролыг багаас нь сайн суулгах хэрэгтэй юм байна?

-Зарим хүмүүс ясны бэртлийн дараа архи сайн, улаан вино цус төлжүүлэг гээд уугаад байдаг. Энэ нь буруу ойлголт. Архи согтууруулах ундааны зүйл үйлдвэрлэж байгаа компаниуд зар сурталчилгааг ил, далд хэлбэрээр маш их сурталчилж байна. Энд тэнд шар айрагны баяр гэж хийж байна. Ганцхан сарын дотор шар айргийг зохисгүй хэрэглэхэд л архинд донтох эмгэг үүсдэг. Тиймээс жилдээ нэг удаа биохимийн шинжилгээ өгч цусан дахь алат, асатын хэмжээгээ сорьж үзээж байх хэрэгтэй. Манай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар ажлын хэсэг гаргаад сурагчдын эрүүл мэндийн боловсролд зориулж хичээлийн хөтөлбөр боловсруулчихсан. Үүнийг хэрэгжүүлэх эсэх нь Боловсролын яам дээр гацчихаад байна шүү дээ. Энэ хооронд хэчнээн мянган хүүхэд амьдрал руу хөл тавьж, хальтарч гишгэж яваа бол. Цаана чинь насанд хүрэгчдийн  51.2 хувь нь хэтрүүлэн хэрэглэгч байна гэсэн судалгаа байна. Тэдгээр хүмүүс дөнгөж ажил амьдралд хөл тавьж байгаа хүүхдийг шинээр ажилд ороход нь “сайхан” угтах нь байна шүү дээ. Сурагч байхдаа эрүүл мэндийн боловсрол сайн авсан бол архи уу гэхэд нь энэ хортой гэдгийг мэдэх учир уугаад байхгүй. Харин эрүүл мэндийн боловсрол аваагүй хүүхэд шууд уруу татагдана. Архи сайхан л гэж итгэнэ. Албан байгууллагууд баяр ёслолоор хавтгай архиддагаа болих хэрэгтэй. Тэр мөнгөөр ажилчдынхаа амьдрал ахуйд нэмэр болох хэрэгтэй. Хүн амын дунд хэрэглээний гурвалжин байдаг. Огт хэрэглэдэггүй хүн нь 100-ны 20 хувь нь байдаг. Үүний ихэнх хувийг хүүхэд эзэлдэг. Суурь гурвалжин дээр боловсрол олгох нь чухал.

 

-Архинд донтох эмгэгтэй болж байгаагаа тухайн хүн яаж мэдэх вэ?

-Архи согтууруулах ундааны зүйлийг ямар хэмжээтэй хэрэглэж байна вэ гэдгээ мэдэх, өөрөө өөрийгөө сорих түлхүүр дөрвөн асуулт байдаг. Тийм, үгүй гэж хариулах ёстой. Нэгдүгээрт хэн нэгэн таныг архи дарс уулаа  гэж хэлэхэд нь танд дургүйцэл төрж байсан уу? Өөрөөр хэлбэл би ямар архичин юм уу, би өөрийнхөө мөнгөөр уусан юм уу, ууж идэж байж л ажил бүтээж та нарыг тэжээж байна гэх зэргээр эсэргүүцэж, архийг хамгаалж байсан уу гэсэн үг. Хоёрдугаарт хэн нэгэн таныг архи дарсны хэрэглээгээ багасгаач гэж хэлж байсан уу? Энэ байдалдаа өөртөө гэмшил төрж байсан уу? Тийм ээ, гэмшил төрж байсан. Уух зүйлийнхээ градусыг багасгаж айраг, шар айраг ууя, эсвэл согтуугаар машин бариад жолооны үнэмлэхээ хураалгачихлаа, осол гаргасан бол яана, ахиж уухгүй гэх зэргээр өөртөө гэмшиж, өөрийгөө засах алхам хийхийг оролдож байсан уу гэсэн үг. Гуравдугаарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ямар нэг байдлаар эрх зүйн хэм хэмжээний зөрчилд орж байсан уу? Үүнд эрүүлжүүлэхэд орох, хэрүүл маргаан, зодоон цохион хийх зэрэг зөрчил хамаарна. Мөн эрүүл мэндийн байдал алдагдах зэрэг багтана. Дөрөвдүгээр асуулт нь та өглөө босонгуутаа шараа тайлах гээд архи согтууруулах ундаа хэрэглэдэг үү? Энэ дөрвөн асуултын нэгэнд нь л тийм гээд хариулчихсан бол та архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг байж болзошгүй. Тийм учраас танд хэрэглээгээ багасгахыг сануулж байна. Хоёр юм уу гурван асуултад тийм гэж хариулсан бол та архи хэтрүүлэн хэрэглэгч мөн. Тиймээс та асуудлыг эртхэн шийдэхгүй бол таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дээр дурдсан аюултай үр дагавар үүсэж байна шүү гэсэн дохио. Дөрвөн асуултад дөрвүүлэнд нь тийм гэж хариулсан бол та архины хамааралтай буюу архинд донтох эмгэгтэй юм.

-Хэрэв архинд донтох эмгэгтэй нь тодорхой болбол тухайн хүн хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ?

-Зайлшгүй өрхийн эмчид эмчид хандана. Өрхийн эмч нь аудит оношилгоо хийж, архины эрсдэлийг 20-40 оноогоор үнэлээд 20 хүртэлх оноо өгвөл зөвлөмж өгөөд, өрхийн эмнэлэг дээрээ эмчлэх боломжтой. 20-40 оноо авбал Дүүргийн эрүүл мэндийн Сэтгэц наркологийн эмч рүү явуулдаг. 40-өөс дээш оноо авбал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү нарийн мэргэжлийн эмч рүү явуулдаг. Энэ төрлийн хүмүүст зориулж, сэтгэцийн тулгамдсан асуудалд зөвлөгөө өгөх 1800-2000 гээд 24 цагийн зөвлөгөө, мэдээллийн утас ажилладаг. Ганцаарчилсан, тусгай эмчилгээ шаардлагатай учир мэргэжлийн хүн рүү хандах хэрэгтэй.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүмүүс шууд ирдэггүй. Бие махбод нь муудаад, толгой нь өвдөөд, зүрх нь дэлсээд, даралт нь ихсээд, шөнө хар дараад унтаж чадахгүй болохоороо өөр эмнэлэгт очоод хэвтчихдэг. Тэгээд дээрх шинж тэмдгүүдийг дарах эмчилгээ хийлгэчихээд хордлогоо тайлчихаад, биеэ тогтвортой болонгуут буцаад архи уучихдаг. Тийм учраас шууд бидэнд хандаач ээ. Энэ хугацаанд зүрх судасны эмгэг, элэгний үрэвсэл нь хүндрээд л, үндсэн шалтгаант өвчлөл нь эмчлэгдэх магадлал багасаад л байна гэсэн үг.

 

-Сүүлийн үед эмэгтэйчүүд их ууж байна. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд хааяа уух зүгээр гэж байгаа харагдах юм?

-Жирэмсний эхний гурван сард ургийн уураг тархины эх үүсвэр бүрэлддэг. Гэтэл зарим хүүхнүүд энэ үед жирэмснээ ч мэдэхгүй явж байдаг. Энэ үед архи дарс уухыг хориглодог. Хүмүүсийн дунд таван сартайгаас хойш уухад гэмгүй гэж ярьдаг нь бас буруу ойлголт. Жирэмсэн үедээ архи, согтууруулах ундаа хэрэглээд байвал хүүхэд нь архины шалтгаантай ургийн хам шинж тэмдэгтэй, төрхүүлийн эмгэгтэй төрдөг. Шинж тэмдэг нь жижигхэн толгойтой, онигор нүдтэй, оюуны хомсдолтой, тархины саажилттай, эрхтний гажигтай байх өндөр эрсдэлтэй. Мөн ураг амьд төрөх магадлал багасаж, зулбах, дутуу төрдөг.

-Төрхүүлийн эмгэг гэдэг нь ямар эмгэг байдаг вэ?

-Төрхүүлийн эмгэг гэдэг нь хумсаа мэрдэг, сурлагадаа муу, хүний үгэнд ордоггүй, нийгэмтэй харьцах дургүй, дасан зохицох чадваргүй хүүхдийг хэлдэг. Сүүлийн үед архинд донтох эмгэг нь удамшлаар дамжихаас гадна хүмүүжлээр дамждаг. Бага балчраас нь эцэг эхчүүд архи, дарс ууж, агсан согтуу тавьж байгааг харж өссөн хүүхэд сэтгэцийн эмгэг буюу айдас бий болж, том болоод энэ үйлдлийг эргүүлээд үйлдэж эцэг эхдээ өөрт нь ямар хэцүү байсныг ойлгуулж, мэдрүүлэх гэдэг.

 

-Сүүлийн үед маш их ургийн гажигтай хүүхдүүд төрж байна. Энэ бас л архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой юу?

-Хамгийн их хамаатай. Хүүхэд төрөлхийн зүрхний гурвалсан, дөрвөлсөн гажиг үүсэж байна. тосгуур хоорондын цоорхой, тагнай цоорхой, уруул сэтэрхий төрөх гэх зэргээр гажгууд үүсдэг. Хотын утаанаас болж байна гэж ярьдаг боловч алслагдсан хөдөөний эцэг эх хоёроос ургийн гажигтай хүүхэд төрж байна. Үүнийг судлаад үзсэн чинь тухайн хүүхэд намар, найр наадмын цагаар олдсон хүүхэд байсан. Намрын айраг бол 23 хувийн алкоколтой байдаг учир урагт нөлөөлсөн байна. Архи гэдэг ийм хортой гэдгийг залуус маань мэдэхгүй үр хүүхэдтэй болчихоод үр хүүхдийг минь авраач, туслаач гэж хандив мөнгө нэхдэг үзэгдэл маш их гарч байна.

-Согтууруулах ундаа нь ой ухаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Архи согтууруулах ундааны нөлөө нь богино, удаан хугацааны нөлөөтэй. Богино хугацааны нөлөө нь уусан хэмжээнээсээ хамаараад уураг тархинд нөлөөлөх согтолт юм. Согтолтыг хөнгөн, дунд, хүнд зэргийн согтолт гэж ангилдаг. Хөнгөн зэргийн согтолтын үед тайвшруулах үйлчилгээ үзүүлж, сэтгэн бодох чадварт түр зуур саатал үүсгэдэг. Хүнд зэргийн согтолт нь ойгүйдэл буюу тасрахыг хэлнэ. Нэг удаагийн ойгүйдэл согтолтоос 80 мянгаас 120 мянган мэдрэлийн эс үхэж үрэгддэг. Залуугаасаа уусан хүн дөнгөж 30 гараад 40 хүрээд л тэнэгрэл гэдэг өвчинтэй болдог. Мартаж, санах, ой тогтоолт муудах, шинэ юм сурахдаа удаан болох, хүний нэр, утасны дугаар, он сар тогтоохоо больдог. Энэ нь уураг тархины нэг эмгэг өөрчлөлт юм.

 

-Архи, согтууруулах ундаа хэрэглэснээр ямар, ямар эрсдэлд орж болох вэ?

-Маш олон эрсдэл хүлээж байдаг. Тохиолдлын бэлгийн хавьталд орж бэлгийн замын халдварт өвчин тусах, хүсээгүй жирэмслэлт, гэмт хэрэг, осол аваарт орж тахир дутуу болох гээд амь насаа ч алдаж мэдэх хар бараан сүүдэр дагуулж байдаг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд архинаас хамааралтай үргүйдэл үүсгэдэг. Эр бэлгийн эс нь урагш давших хөдөлгөөн хийж өндгөн эстэй нийлснээр үр тогтдог. Гэтэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед эр бэлгийн эс урагш давших биш ухрах хөдөлгөөн хийдэг учир үргүйдэл үүсдэг. Гэтэл эрчүүд эмнэлэгт үзүүлэхээр эр бэлгийн эсийн тоо нь хэвийн, зүгээр байна гээд эмэгтэйчүүдээ буруутгаад байдаг.

-Архи, согтууруулах ундааны зүйл сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Энэ төрлийн идээ нь тайвшруулах үйлчилгээтэй учраас эхний удаад хүн ажлын стрессээ мартагнаж тайвшрах, мансуурах, тасарч унах зэргээр хэрэглэнэ. Улмаар зан төрхөд өөрчлөлт орж агсан согтуу тавих, уур уцаартай болох эмгэг үүсгэдэг. Зарим хүмүүс шараа тайлж байна гэж 2-3 хоног үргэлжлүүлэн уудаг. Энэ нь сэтгэцийн өвчний хүнд хэлбэр. Зан төрхийн өөрчлөлт нь хоёр янзаар илэрдэг. Согтуу үедээ 10 төрлийн авир гаргадаг бол эрүүл үедээ найман төрлийн зан авир гаргадаг. Сул дорой, гомдомхой, уйламхай, шударга биш болчихдог. Дандаа худлаа ярина. Ажлыг хойш нь тавьдаг. Идэвх, зүтгэл, хүсэл эрмэлзэлгүй болдог. Гэр бүлийнх нь үр хүүхэд, хань ижил, эцэг, эхтэйгээ харилцаа тогтоохоос зайлсхийх, төвөгшөөх, уцаарлах, итгэл, хүндлэл байхгүй болдог. Хамгийн гутамшигтай нь өөрөө өөртөө л төвлөрдөг. Архи хэн өгнө тэр сайн хүн, архийг хэн хорино тэр муу хүн болж хувирдаг. Тэр хүнд архи л олдож байвал хэнийг ч хуурах, юу ч хийхээс буцахгүй болдог. Архийг л дээдэлж, өөрийнхөө үнэт чанар, эрхэм нэр төрийг алдаж эхэлдэг. Үүнийг өөртөө төвлөрөх буюу амиа бодох гэж хэлдэг. Зарим тохиолдолд өөрийгөө үнэлэх үнэлгээ өөрчлөгддөг. Би бол өнгөрсөн хүн, архи уусаар байгаад л дуусна гэж боддог. Архийг хамгаалах 33 төрлийн хамгаалах хэрэм үүсгэчихдэг. Жишээ нь, шинжлэх ухаанаар зөвтгөн нотлох, тэр сонинд архийг тийм юманд сайн гэнэ, энэ телевизээр пивийг ийм юманд сайн гэнэ гэж зүтгэх, зөвтгөх байдал илэрдэг. Эсвэл өөрийгөө буруутган зэмлэдэг. Яалт ч үгүй сайн ах маань таараад уучихлаа гэдэг ч юм уу шалтгаан тоочдог. Энэ зан төрхийн өөрчлөлтийг эмчлэхийг архинд донтох эмгэгийн үндсэн эмчилгээ гэдэг.

 

-Архинд донтох эмгэгийн эмчилгээ нь хэдий хугацаа зарцуулах вэ?

-Архинд донтох эмгэгийн эмчилгээ нь оюун санааны эмчилгээ, бие махбодын эмчилгээ, сэтгэл санааны эмчилгээ, нийгмийн эмчилгээ гэж байдаг. Нийгмийн болон оюун санаа, сэтгэл санааны эмчилгээ нь хамгийн их хугацаа шаарддаг. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр Өөртөө туслах бүлгийн цуглааныг архинаас гарсан лидер хүмүүс явуулдаг. Хагас, бүтэнсайн өдөр 10-12 цагийн хооронд ээлжлээд хийдэг. Нийгмийн эмчилгээ нь эмнэлгээс гарсныхаа дараа нийгэмд гараад амралтын өдрөөр өөртөө туслах бүлэгт хамрагдаж, өөрийгөө өөрчлөх эмчилгээнд явдаг. Өөрийгөө өөрчилснөөр гэр бүлээ өөрчилж, дараа нь нийгмээ өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй болдог. Энэ цуглаанд тасралтгүй явж байж үр дүнд хүрнэ.

-Сайхан эмчлүүлээд эмнэлгээс гарчихлаа. Гэтэл эргээд архинд орчихвол яах вэ?

-Архинд донтох эмгэг бол өөрөө архаг өвчин. Дахидаг, даамжирдаг, хүндэрдэг. Эргэж орох нь хоёр байдлаар явагддаг. Хальтрах буюу дахих. Энэ нь зөв дадал хэвшил, төлөвлөгөөгөө алдаж санамсаргүй уухыг хэлнэ. Дахих гэдэг нь  аль хэдийн ганц нэг пиво уух, дарс шимэх зэргээр уугаад эхэлснийг хэлнэ. Тиймээс дахих, даамжрах юм бол улам дорддог хавдартай адилхан өвчин шүү.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архичин (64.119.20.127) 2022 оны 12 сарын 02

Би лав архи уухгүй гэж шийдээд эргээд соёлтой хэрэглэдэг хүн болж ганц нэг пиво, хундага вино хаа нэг ууж байя энэ тэр гээд ууж эхэлсэн. Өөрийгөө дахиж яваагаа мэдээгүй байж. Нэгэнт л донтсон хүн чинь соёлтой хэрэглэнэ энэ тэр гэж байдаггүй юм бна. Эхлээд багаар ууж эхэлсэн боловч сүүлрүүгээ асар их уудаг юм бна. Өмнө нь ч ингэж ууж байгаагүйгээрээ аймар уулаа. Архичин хүнд бол нэг бол огт амсахгүй байх эсвэл архиа уусаар дуусах хоёр л сонголт бдаг юм бна шүү.

1  |  0
(202.179.26.222) 2019 оны 12 сарын 29

ARHI BOL HAMGIIN MUU IH HORTOI HAR TAMHISHUUDEE

0  |  0
Bold(107.77.226.4) 2019 оны 12 сарын 28

Olon olon hun unshassai!

0  |  0
erdenee(78.126.73.221) 2019 оны 12 сарын 28

bi uuxgui neg sar bolloo bied saixan medremj turuud neg l saixan xani ur xuuxduud bayarlaad saixan baina

0  |  0
bayar(78.126.73.221) 2019 оны 12 сарын 28

eedee minii mongolchuud ene xoriig xezeech buu xeregleerei!!!

0  |  0
zochin(202.9.46.40) 2019 оны 12 сарын 27

тэхдээ л зөв сайхан ярьжээ маш олон хүмүүс уншаасай

1  |  0
zochin(202.9.46.40) 2019 оны 12 сарын 27

зарим нь бас худлаа дүгнэлт ,манай ах 35 жил нэг ч өдөр алгасахгүй уугаад өөрийн ухамсар америк эмчилгээний ачаар архинаас гараад 5 жил болж байна

1  |  0
пиво (202.9.46.35) 2019 оны 12 сарын 27

янзтай гоё тайлбарлалаа, архи байтугай пиво ч уухгүй ээ

1  |  0
Top