Б.Явуухулан-Эжий минь би маргааш явлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн  долоо хоногт туульсын нэгэн оргил Санжийн Пүрэвийн уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг  дэлхийн дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч Б.Явуухулангийн ертөнцөөр аялахыг урьж байна. 

 

Хүлэг минь, шүлэг минь

Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

                                                                                                Б.Явуухулан

 

Эжий минь би маргааш явлаа

 

Маргааш явлаа

Эжий минь би

Маргааш явлаа.

 

Манхан тэнгэрийн

Хаяа руу

Манарсан талын

Тэртээ  рүү...

Хүнд хөлөө

Таны  хүргээгүй

Холын холд

Хүү чинь явлаа.

 

Аавын бий дээр

Хүнтэй танилц гэж

Агтын  бий дээр

Газар үз гэж

Хал  сайтай

Өмөг эх минь

Цал буурал

Үсээ илэнхэн

Төрсөн  ганц

Хүү наддаа

Дуулсан сургаалаа

Хэлдэгсэн та.

 

Одоо хүү чинь

Маргааш  явлаа

Ор мэдэхгүй

Хүний нутаг руу...

 

Ойн дунд

Өнчин ургасан

Орь ганц

Агар мод шиг

Өөр зүстний

Дунд  амьдарна

Өлзийт эхээ

Үргэлж дурсана.

 

Үдшийн бүрийд

Ихэр ишгийг

Буман  хонинд

Салгаж тавихад

Үүрийн харанхуйд

Өөрсдийгөө олоод

Бувар бувар

Хивдэг байхад

Авхаалжит хүний

Үр би чинь

Анд нөхдөө

Олж ханилна.

 

Маргааш явлаа

Эжий минь би

Маргааш явлаа.

 

Усны гүнийг

Загас эрдэг шиг

Нутгийнсайхныг

Би эрээгүй.

Гэрлийн зүг

Эрвээхэй нисдэг шиг

Эрдмийн зүг

Зүрх минь тэмүүлж

Багаас ихэд

Хүрдэг бодогдоно.

Намаас  өндөрт

Ахидаг санагдана.

 

Маргааш явлаа

Эжий минь би

Маргааш явлаа.

 

Эрхий мэргэний

Тавьсан сум

Бай онодог

Гэлүү  дээ, та

Эр  хүний

Гэгээрсэн ухаан

Нэгийг бүтээдэг

Гэлүү дээ, та!

 

Маргааш  явлаа

Эжий минь би

Маргааш явлаа.

 

Намар буцсан

Алаг  ангир

Хавар эргээд

Ганганан ирдэг  шиг

Нэг л мэдэхэд

Хүү чинь ирнэ.

Яг л дүрээрээ

Хүрээд ирнэ.

 

Эрийн цээнд

Хэдийнэ хүрээд

Элдвийг эрэгцүүлж

Боддог  болсон

Хүний үр

Би байтугай

Хайрт нутгийнхаа

Торгон элсэнд

Хумсын чинээхэн

Туурайгаа тавилгүй

Эхийнхээ гэдсэнд

Харьд худалдагдсан

Унага нутагтаа

Гүйдэг гэнэ лээ.

 

Маргааш  явлаа

Эжий минь би

Маргааш явлаа.

 

Униар татсан

Цэнхэр талдаа,

Уургаа шимүүлсэн

Хайрт эжийдээ

Энхрий хүү чинь

Эргэж ирнэ.

Эрдэм сураад

Буцаж ирнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top