Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэхийг дэмжив

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төсөл санаачлагчийн илтгэлийг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Дамба-Очир танилцуулсан. 

Засгийн газраас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн механизмыг бий болгох, түрээсийн орон сууцны зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Орон сууцны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг нийт 8 хуулийн төслийг өргөн барьжээ.

Хуулийн төсөл батлагдснаар төрөөс орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчин сайжирч, орон сууцны ашиглалтыг сайжруулах оновчтой тогголцоо бүрдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад ихээхэн ахиц гарна гэж төсөл санаачлагч үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат дундын өмчлөлийн эд хөрөнгийн зохицуулалт, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх, татварын ачааллыг хуваалцах зарчим болон нийтийн эрх ашиг, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдвэр, үйлчилгээг орон сууцанд явуулахыг хориглох зохицуулалтыг тус тус нэмж тусгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр шинэ гэр бүл, эмзэг бүлгийн өрх гэрийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, төвлөрөл багатай суурин газарт орон сууцны дэд бүтцийг шинээр татаж, нийтийн болон амины орон сууцыг хөгжүүлэхэд анхаарах, газар чөлөөлөлтийг нэгдсэн бодлогоор хийж, төлбөрийн чадварт нийцсэн хямд орон сууцаар иргэдийгхангах бодлогыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд олон улсын сайн туршлагыг дахин судалж, гол зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, А.Ундраа нар асуулт асууж, Барилга, хот байгуулалтын сайд болон ажлын хэсгээс тайлбар, тодруулга авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, А.Ундраа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төр бодлогын түвшинд орон сууцны хэрэглээг хангах асуудлыг шийдвэрлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах, дундын өмчлөл, хадгалалт хамгаалалтыг оновчтой шийдвэрлэх, төр оролцоогоо зөв тодорхойлж, олон нийтэд зөв, бодит мэдээлэл хүргэх шаардлагын талаар санал хэлсэн. 

Ийнхүү Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top