Даварсан Д.Дамба-Очирыг “Ганц худаг” гэдэг гоё “Зочид буудал”-д “урьж” аваачаад сайтар шалгах хэрэгтэй болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 10


Шийдэгдээгүй, шалгагдаагүй гэмт хэргүүд төрийн ордон дотор ч байж л байна. Эдгээрийн тоо улам өсч байгаа гэнэ. Цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх газрынхан  огт анзаарахгүй байна уу гэвэл үгүй бололтой. Заримыг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Л.Гүндалайн хэрэг гэж нэг юм улс төржиж явсаар замхарч байх шиг байна. Араас нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир яригдах ёстой боловч түүний хийсэн хэргийг хуулийнхан хав дараад сууж байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрвээ тийм бол хэргээс хаацайлсан хуулийнхантай нь хамт шалгах хэрэгтэй болжээ. “Анод” банкны хэрэг одоо прокурорт шилжих гээд дуншиж байна. Д.Дамба-Очир энэ банкинд анх байгуулагдах үеэс нь нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Дараа нь Лүнгийн зам тавих, сонгуульд нэр дэвшин өрсөлдөх зэрэг ажилдаа зориулан тус банкнаас 4,2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ мөнгөө баруун солгойгүй цацсаар Лүнгийн зам будаа болсон. Харин тэр 2008 оны сонгуулиар сонгогчдын саналыг худалдан авсныхаа хүчинд нэг муу юм арай хийж УИХ-ын гишүүн болсон ухаантай. Лүнгийн замаа дутуу зэрэмдэг хийж, өргөн зузаанаас нь хасан байж хэдэн төгрөг тоншсон нь мөн сонгууль руу талийж өгсөн байна. Сүүлд нь Лүнгийн замаар явсан жолооч болгон түүнийг хараан зүхэж, Там-Очир хэмээн “Өргөмжилжээ”. Бэл бэнчингээ зузаалж л байвал хожим ямар нэр зүүх нь Там-Очирт хамаагүй юм байна.  Анхнаасаа хулхидсан зам засвартаа харин хувиасаа хөрөнгө оруулалт хийсэн хэмээн Засгийн газраас мөнгө салгах санаатай баахан сурталчилж байв. Лүнгийн зам одоо  болтол өөдтэй болоогүй байна. Зүй нь ийм хууран мэхлэлт хийсэн хүнийг дор нь барьж аваад “Ганц худаг”-т хорьж шалгадаг биш билүү. Цагдаа нар маань хэрэг тулгаж хүлээлгэхдээ сайнсан. Гэхдээ Там-Очирын хэрэг бол тулгаад байх шаардлагагүй илэрхий явдал ажээ. “Анод”-ын хэргийг шалгасан мөрдөн байцаагч нар дээрх 4,2 тэрбум төгрөгийг шалгаагүй л байж байна. Там-Очир нь “Анод” ТУЗ-ын дарга асан Гүр-Аранзын найз гэнэ лээ. Түүний энэ хэргээс гадна саяхан бас “Багануур” ХК-тай холбоотой бас нэг асуудал үүслээ. Там-Очир төрийн өмчит энэ уурхайн компаний 39 хувийг эзэмшдэг болсон гэж зарим нь мэдээлж байна. Тус компаний захирал Д.Дамбапэлжээ тэтгэвэрт гарах гэж байгаа юм байх. Түүнд компанийх нь 25 хувийн эзэмшил байдаг ажээ. Өөр хувь эзэмшил хэнд ч байхгүй. Гэтэл хаанаас гараад ирэв гэлтэй Там-Очир хувь эзэмшигч болж, тэгээд зогссонгүй төрийн өмчит энэ компанийг бүхэлд нь мэдэлдээ авчээ. Төрийн өмчийн хорооны Д.Сугар Ардын намын “партизан” тул анд нөхөртөө ийнхүү томоохон бэлэг барьсан юм болов уу даа. Гэхдээ мань хүн одоогоор Там-Очирын энэ луйврын талаар юу ч дуугарахгүй байна. Магадгүй хэл амнаас айж байгаа биз. Д.Дамба-Очир гишүүн буюу олны нэрлэж заншсан Там-Очир гэгч энэ эрхэм нийслэл хотыг түлшээр хангадаг гол уурхайг ийнхүү гартаа атгаад авсан хүмүүсийн сонирхолыг гойд татлаа. Хууль бус хэмээх эх сурвалжуудын мэдээллийн мөрөөр цагдаа, хяналт шалгалтынхан ажиллах цаг болсон юм биш үү. “Ганц худаг” гэдэг гоё “Зочид буудал”-д бий. Түүнийг тэнд урьж аваачаад байцаалт авах хэрэгтэй биз дээ.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top