Хамт амьдрах тавилангүй этгээд дурлал байдаг юм

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн  долоо хоногт туульсын нэгэн оргил Санжийн Пүрэвийн уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг  дэлхийн дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч Б.Явуухулангийн ертөнцөөр аялахыг урьж байна. 

 

Хүлэг минь, шүлэг минь

Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

                                                                                                Б.Явуухулан

 

Тийм дурлал байдаг юм 

 

Хорвоогийн ээдрээт амьдрал дунд

Зовж ханилсан байтлаа

Хонгор хоёр биестээ

Зүйргүй  дурласан мөртлөө

Ишигний хоёр эвэр шиг

Хамт амьдрах тавилангүй

Этгээд нэгэн гажуу

Тийм дурлал  байдаг юм

 

Өлгөөд авах шалтгаангүй  ч

Үг зөрөөд ирдэг юм.

Үнэнчийн тангаргаа няцаагүй ч

Итгэл арилаад өгдөг юм.

Сайхан үр төрлөө гээд

Тус ердөө ч болохгүй

Шаналсан  сэтгэлийн талд

Тос нэмэхээс шалихгүй

Ишигний хоёр  эвэр шиг

Хамт  амьдрах тавилангүй

Этгээд нэгэн гажуу

Тийм дурлал  байдаг юм.

 

Нарийн  банзан дээр багтдаг

Хайрын сэтгэл хөрдөг юм.

Айлын хүнээс зовдог

Эвийн нэгдэл задардаг юм.

Зан зангаа авалцсан ч

Заавал нэг дээр болохгүй,

Задгай талын уудамд ч

Суудал зэрэгцэж чадахгүй

Ишигний хоёр эвэр шиг

Хамт амьдрал тавилангүй

Этгээд нэгэн гажуу

Тийм дурлал байдаг  юм.

 

Хоёр бие холдлоо гээд

Хожсон юм ердөө ч гарахгүй,

Өөрсдийгөө  тэд зовоолоо гээд

Өширч  бас чадахгүй

Тийм дурлалаас хүн

Замаа  голдуу алддаг  юм

Тэнцэж хөл дээрээ боссон

Амьдрал  голдуу нурдаг юм

Барин тавин зүүд шиг

Дурлалыг ойлгоход  хэцүү,

Байгаль эхийн заяасан

Арван хуруу тэгшгүй ээ!

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top