УИХ-ын өнөөдрийн /2020.01.08/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээж, тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Төв банк ямар эх үүсвэрээр бонд худалдаж авах юм бэ. 2012-2016 онд Монголбанканд ажиллаж байсан хэсэг нөхөд Монголбанкны өөрийн хөрөнгийг хасах гурван их наяд төгрөг болгосон. Өнгөрсөн 2018 оны гүйцэтгэлээр одоогийн ажиллаж байгаа хүмүүсийн зүтгэлээр энэ тоог хасах 1.5 их наяд төгрөг болгож бууруулсан. Харин 2019 оны гүйцэтгэлээр энэ алдагдлын хэмжээ хэд болсон бэ. Мөн тэтгэврийн зээлийн хэмжээг тэглэх иргэн банк хоорондын харилцааг Засгийн газар батлах юм уу, үгүй юу. Засгийн газар оролцохгүй гэж төсөлд тусгасан байна. Ахмад настны эрхзүйн байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ахмад настны өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх, барьцаалахыг хориглоно гэсэн заалттай. Үүнийг яаж зохицуулж байгаа юм бэ" гэв.
Харин түүний асуултад Монголбанкны Ажлын хэсгээс "Төв банканд Эрдэнэс Ресурс үнэт металь худалдаалах таван жилийн гэрээ байгуулсан. Үүнийг нь ирээдүйд Монголбанк худалдаж авна гэдэг байдлаар зохицуулж байгаа. Төв банканд одоогоор эх үүсвэр байхгүй учир шинээр мөнгөний нийлүүлэлт хийгдэх нөхцөл байдал үүссэн. 2019 оны жилийн эцсийн байдлаар Монголбанкны өөрийн хөрөнгийн хэмжээ хасах 1.8 их наяд төгрөг буюу алдагдалтай байгаа гэсэн үг. Он гараад алтны үнэ өсөлттэй байгаагаас шалтгаалж дээрх тоо буурна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )