Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.
-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг баталсан. Сонгуулийн ерөнхий хорооноос парламентад сонгуультай холбоотой саналаа хүргүүлсэн үү?
-Хуульд сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ээс өмнө санал авах өдрийг тогтоож, сонгуулийг товлоно гэж заасан байдаг. Энэ хүрээнд УИХ-д сонгуулийг товлон зарлах, санал авах өдрөө тогтоох саналаа хүргүүлсэн.
-Сонгуулийн тойрог, мандатын тоог тодорхой болгосон уу?
-Тодорхой санал бол гаргаагүй. Учир нь, хуульд УИХ тойргийг байгуулж, мандатыг хуваарилна гэж заасан байдаг. Энэ бол УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал юм.
-Ямар хувилбар байж болох вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо тойрог, мандатын тоог тогтоохгүй болохоор энэ асуудлыг яриагүй.
-Сонгуулийн товыг хэдэн гэж тооцоолсон бэ?
-Сонгуулийн товыг зургаадугаар сарын 24-ны өдөр гэдэг саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн. Гэхдээ УИХ өөрөө шийднэ.
-Сонгогчидтой холбоотой ямар томоохон зохицуулалтыг хийж байна вэ?
-Сонгуулийн тухай хуулийг салгаж, гурван тусдаа хууль болгосон шүү дээ. Үүнд маргаан, зөрчилтэй байсан зохицуулалтуудыг нэлээн тодорхой болгож өгсөн гэж ойлгож болно. Нэгдүгээрт, хугацааны асуудал тодорхойгүй байсан. Үүнийг сар, өдрөөр нь зааж хугацааг нь тодорхой болгож өгсөн.
-Тухайлбал?
-Санал авах өдөр нэг хугацаатай. Өөрөөр хэлбэл, 150-аас доошгүй хоногийн өмнө санал авах өдрийг тогтооно. Товлон зарлах нь өөр нэг хугацаатай. Тойрог, мандатыг хуваарилах нь бас өөр хугацаатай. Энэ бүхнийг намрын чуулган завсарлахаас өмнө хуралдаж, хоёрдугаар сарын 1-ээс өмнө бүх хугацаагаа тодорхой болгохоор хуульд тусгасан байгаа.
-Сонгуулийн төсвийн талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ жил ээлжит хоёр том сонгуультай. Нэг нь УИХ, нөгөө нь орон нутгийн сонгууль болно. Энэ хоёр сонгуулийн төсвийг УИХ баталж өгсөн. Нийт 20 тэрбум төгрөгөөр тооцож, баталсан байдаг.
-Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотой тодорхой ямар заалт байна вэ?
-Хуулийг хэлэлцэх шатандаа явж байна. Ажлын хэсэг ажиллаж байна. Сонгуулийн тухай хуулиасаа салгаж өгсөн нь онцлог. Түүнчлэн хугацаатай холбоотой зохицуулалт болон ээлжит, нөхөн сонгуультай холбоотой асуудлыг нэлээн тодорхой болгосон. Өмнөх хуульд тодорхойгүй зүйл байсан. Жишээ нь, нөхөн сонгуулийг яаж, хэзээ зохион байгуулах нь тодорхойгүй байсан. Хугацааг нь тодорхой болгосноор заавал зарлах, явуулах заалттай болж байна. Орон нутгийн ээлжит сонгуулийг аравдугаар сарын эхээр явуулахаар ярьж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Эсгий хоолойтой Нохойн баасыг зайлуулаач, энэ п... Мон ч их будилаан хутгасандаа, яачихсан тор засаг вэ ? Энхбаяр даргын эсрэг та нарын хэлсэнийг биелуулдэг болохоор нь байгаад байгаа юм уу