Монголчууд эртнээс зүрх зоригтой нэгнээ галзуу чонын аманд гараа хийхээс буцахгүй хэмээдэг билээ. Харин дээрх үгийг бодитоор нотолсон хэрэг Завхан аймагт болжээ. Өнгөрсөн сарын зургааны шөнө Завхан аймгийн Алдархаан сумын нутагт хаваржиж байсан хоёр айлын хоттой хонь руу галзуу чоно дайрчээ. Айлынхан нь сум руу явцгааж хотондоо ганцаар үлдсэн Р.Даваасүрэн/ нутгийнхан нь Дэмбээ гэж дууддаг/ хоттой хонио үргэж хуйлраад байхаар нь гартал урдаас нь чоно цоройгоод ирж.” Шууд тулаад ирэхээр нь сандарсандаа нэг гараараа хоолойн дээрээс нь нөгөө гараараа овооноос нь барьж унагасан. Тэгээд хоолойноос нь барьсан гараа тавиад хошлонгоос нь бариад өрөөлдөж аваад гэр рүүгээ орсон. Эргэнэг дор байсан хутгаа хөлөөрөө татаж гаргаад эргээд гэрээсээ гарч малынхаа хашаанд нааж байгаад суга руу нь дараа нь толгой руу хутгалж галзуу чоныг улаан гараараа алсан. Их бүдүүн том гичий чоно байсан бөгөөд хутга авах хооронд архираад л биеэ хураагаад, үс нь босоход нуруунд хүйтэн хөлс асгарч байсан” хэмээн ярьж буй тэрээр эхнэр охинтойгоо амьдардаг аж. Амьдралдаа ганцхан удаа хотод орж ирсэн түүний хувьд хотын хүн болохыг огт боддоггүй гэнэ шүү. Намар болж сургууль цуглахад эхнэр нь хүүхдээ авч сумын төвд өвөлждөг бөгөөд Дэмбээ ганцаараа хөдөө мал дээрээ тусдаа өвөлждөг гэсэн. Айснаасаа болж айхавтар бяртай болчихсоноо ярьж буй тэрээр өөрийгөө “азтай, ус уух тавилантай хүн. Хэрвээ тэгэхэд чононд бариулчихсан бол өнөө хоёр маань яах байсан бол хэмээн гэж одоо бодохоос нурууны хүйтэн хөлс асгардаг шүү хэмээн өөрт тохиолдсон явдлаа хэнэггүйхэн ярьж суудаг гэнэ. Хэзээнээсээ цөс ихтэй Монголчуудаа гэж.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )