Наадмаар рок попынхон төрийн ордонд тайчих үзүүлбэртэй тоглолт хийвэл мөнгөөр жинхэнэ бурзайх байх аа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11


 

Энэ жилийн наадам сайхан болох шинжтэй. Урьд жилүүдийнхээс олон хоног наадна. Уяач, бөхчүүд, сурчид маань бүгд бэлтгэлээ базааж эхэлсэн. Олимпын аварга Түвшинбаяр зодоглоно гэнэ. Үүнийг сонссон олон бүр ч баяртай байна. Бөхийн таавар таашгүй зүйл боллоо. Хурдан хүлгүүдээс харин улс төрч-уяачдын морьд өнгөтэй байгаа дуулдана. Шадар сайд М.Энхболд ажлынхаа хажуугаар морьдоо эргэж тойрох гээд тун завгүй гэнэ. Г.Батхүү гишүүн ч ялгаагүй, аахилж яваа сурагтай. Өдрийн халууныг хэлэх үү, гишүүний маань мах шөл арвин тул их л сандарч байгаа бололтой. Цусны даралт нь өгсөж мэдэхээр байх шиг байна. Гэхдээ морьдоо хараад гайгүй болж буй биз.

Уяач улс төрчид ч бас яахав дээ, мөнгө ихтэй болохоор амиа борлуулна. Харин хөөрхий муусайн урлагийнхан  маань төрийн ордонд диско үдэшлэг, тайчих үзүүлбэр мэтийг хийхгүй бол мөнгөжих боломж тааруу юм шиг байна. Ардын урлагийнхан гадаадын жуулчдаар яваад тоглолтоо хийчихнэ. Рок попчуудыг үзэх хүн ховор болж байх шиг байна. Төрийн ордонд поп дуучин Болд бут авснаас хойш энд тэндхийн театруудын ханш унаж байгаа сурагтай. Ойрын өдрүүдэд хамгийн их үнэ хүрсэн нь төрийн ордны “Урлагийн” танхим”  болсон тул арга ч үгүй биз. УИХ-ын гишүүд таатай нь аргагүй бүгдээрээ ороод тоглолт үзнэ. Хурлаа тасалчихдаг гишүүд ч дуучин Болдын тоглолтоос хоцроогүй гэнэ лээ. Зарим нь тасалбарын үнийг нь хэдэн арав дахин өсгөөд төлчихсөн болохоор ийнхүү бусад газрын ханш унах нь зүйн хэрэг болов уу. Наадмаар тайчих урлагийн үзүүлбэртэй томоохон тоглолтыг санаачилбал рок попчууд жинхэнэ мөнгө хийхээр байна аа. Зарим сүүхийтэй нь аль хэдийнээ үүнийг сэдчихээд хөөцөлдөж байгаа байх. Төрийн ордныг урлагийн томоохон төв болгосон ч болно гэдгийг Болд харуулаад өгсөн юм чинь. Юун нөгөө драм, дуурийн театр, UB палас. Хажууд нь тэд юу ч биш ажээ. Төрийн ордон бол байнгын үзэгчидтэй. Багтаамж сайтай. Орлого мундаг. Тиймээс поп дуучин Болдын араас рок попчууд төрийн ордоноо урлагийн танхим болгох том лобби хийж, ашиг, амжилт нь бурзайх бололтой. Гэхдээ төрийн ордонд орж үзвэр үзэгчдэд жинсэн өмдтэй очиж болохгүйг нь сайтар сануулах нь зүйтэй. Аягүй бол улс төрчдийн дураараа, эрх танхил эхнэр, хүүхдүүд жинстэйгээ явж очоод хөөгдөөд гарах вий. Үүнээс өөр бэрхшээл юу байхав. Тэгээд рок попчууд тоглолтынхоо орлогыг УИХ-ын Тамгын газрын дарга Шаравдоржтой хуваана биз. Бусад театруудад түрээсийн мөнгө төлснөөс хамаагүй ашигтай наймаа болно шүү дээ. Ер нь энүүхэндээ гэж хэлэхэд цаад Шаравдорж чинь рок поп урлагийнханы орлогоос горьдохгүй биз дээ. Түүнд “Гадирс”-ынх нь ашиг хангалттай байгаа. Тоглолтондоо хэн хэнийгээ оруулахаа харин рок попынхон өөрсдөө шийдэх хойно, энд олон юм хэлээд яахав. Ариунаагаа тэд лав мартахгүй нь мэдээж юм чинь дээ.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top