Монгол улс, Бүгд Найрамдах Турк Улсын Цаг уурын албадын анхдугаар уулзалт боллоо

2020 оны 01 сарын 14

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цаг уурын албаны дарга ноён Волкан Мутлу Коскины урилгаар Монгол улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга ноён С.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид 2020 оны 1 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк улсад айлчилж, Монгол улс болон Бүгд Найрамдах Турк улсын Цаг уурын салбарын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах асуудлаарх анхдугаар уулзалтанд оролцлоо.

Уулзалтын өмнө Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цаг уурын албаны дарга Волкан Мутлу Коскин ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, элэгсэг дотноор ярилцав. Тэрээр ЦУОШГ-ын төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Турк Улсад тавтай зочилж, хамтарсан ажлын хэсгийн анхдугаар уулзалтад амжилттай оролцохыг хүсээд, шинжлэх ухаан, технологийн салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр ЦУОШГ-тай нягт хамтран  ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

ЦУОШГ-ын төлөөлөгчид Анкара хот дахь Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цаг уурын албаны үндсэн салбарууд болох Цаг Агаарын Урьдчилан Мэдээлэх Хэлтэс, Цаг Уурын Дуу Хоолой Радио, Радиозондын Ажиглалтын Төв, Судалгааны Хэлтэс, Мэдээллийн Технологи ба Мэдээлэл Боловсруулалтын Төв, Цаг Уурын Цахим Телевиз, Стратеги Хөгжлийн Төв, Ажиглалтын Системийн Хэлтэс болон Элмадаг дахь Цаг Уурын Радарын Төвөөр зочиллоо.  

Хамтарсан ажлын хэсгийн анхдугаар уулзалтын үр дүнд хоёр тал цаашид Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах арга, тоон загварчлалыг сайжруулах, Хөдөө аж ахуйн цаг уур, Зайнаас тандан судлал, Уур амьсгал судлал, Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө, Сургалт гэсэн 7 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцон протоколд гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top