Сонгуулийн техник хэрэгслийн бэлэн байдлыг 100 хувь хангажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг өнөөдөр /2020.01.15/ олон нийтэд өглөө.

Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан. Энэ хуулийг баталснаар 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс сонгуулийн жил эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хороо өмнөх жилүүдэд 2020 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хийж эхэлсэн. Сонгуулийн автоматжуулсан техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, үйлчилгээ хийх зэрэг ажил өнгөрсөн онд хийгдсэн. Улмаар 2020 оны нэгдүгээр сарын 01-н гэхэд техник, хэрэгсэл 100 хувь бэлэн байдалд шилжсэн. Засвар, үйлчилгээ нь өнгөрсөн онд хийгдэж дууссан байна. Түүнчлэн шинэ УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх, хуульд заасан заавар хийгээд журам, загварыг боловсруулах ажилдаа ороод явж байна. Энэ оны нэгдүгээр улирал гэхэд дуусаж, бэлэн болно. Өөрөөр хэлбэл, энэхүү асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны хурлаар орж хэлэлцэгдэж, батлагдана" гэв.

Түүнчлэн "УИХ-ын сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг боловсруулаад дуусаж байна. Хэрэв УИХ-ын сонгуулийг товлон зарлаж, санал авах өдөр УИХ-аас тогтоол гарч тодорхой болсон тохиолдолд цаг хугацааныхаа хуваарийг батална. Дараа нь олон нийтэд мэдээлэл өгнө. Үүнийг сонин, телевиз, сайт, радио гээд бүх хэвлэлээр мэдээлнэ. Энэ үед нь та бүхэнд цаг хугацааныхаа хуваарийг танилцуулна. Удахгүй Ажлын хэсгүүдийг байгуулна. Автоматжуулсан системтэй холбоотой Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан Ажлын хэсгийг байгуулна. Одоогоор судалгааны шатанд ажил нь явна. Мөн сонгуулийн байгууллагуудыг байгуулах ёстой. Энэ байгууллагуудад төрийн албан хаагч орж ажилладаг. Одоогоор төрийн албан хаагчдын судалгааг гаргаж байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top