Улс төрчдөөс сонирхолтой нийтлэл бичдэг хүн тун ховор. Баабарыг эс тооцвол шүү дээ. Э.Бат-Үүл хааяа бичнэ. Гэхдээ Баабарыг яаж гүйцэхэв. Харин “Женко” Х.Баттулга заримдаа гайгүй юм бичих гээд байх болжээ. Түүний газрын тосны талаархи нийтлэлийг уншиж байхад аргагүй л юм үзэж нүд тайлсан хүний үнэр ханхалж байна лээ. Манайхны нүүрс шиг их хог алга гээд Хятад руу өдөр шөнөгүй зөөгөөд байгаа ашигт малтмалын үнэ цэнийг тэр арай өөрөөр үзсэн байсан. Нүүрсийг зарим нь шатаахаас өөр хэрэгтэй зүйл биш гэх маягийн юм ярьж байлаа. Тэр нь нэг ёсондоо нүүрсний бизнес хийх санаатай, хэдэн уурхайг хувьдаа эзэмших гэсэн хүмүүсийн яриа байжээ. Өөрөөр хэлбэл сүүлийн үед их яригдах болсон хар Пи Ар байж. Тэгвэл Х.Баттулга нүүрснээс шингэн болон хийн түлш гарган авах тухай санаа дэвшүүлсэн. Аргагүй бизнесмен хүний ухаан юм. Гэхдээ мань эр үүнийг өнөөдөр гэнэт олоод харчихсан юм биш байх. Бүр эрт Сингапурт ганзагын наймаа хийгээд хонох газаргүйдэн, баригдаж байсан барилга дотор ороод үүргэвчээ дэрлэн унтаж явсан тэр л өдрүүддээ энд тэндээс олж уншсанаа бичсэн биз. Түүнийгээ өнөөдөр тэрхүү хар Пи Ар хийгчдийн өөдөөс сөргүүлэн тавьсан болов уу. Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлер хүртэл нүүрснээс хийн түлш гарган авах гэж туршиж байжээ. Туршилт нь ч амжилттай болсон гэдэг. Гэхдээ тэр тухайн үед нүүрсний салбарт төдийлөн амжилт олж чадалгүй дайнаа эхлүүлсэн юм. Энэ мэтээр Х.Баттулгаас олж мэдэх, унших юм бас байна аа. Гэхдээ тэр энэ бүхнийгээ өөрөө бичдэггүй. Түүний нийтлэлүүдийг мэргэжлийн сэтгүүлч бичдэг. Тэр нь хэн бэ гэсэн таавар манайхны дунд бий. Сэтгүүлчийн нэр тун нууц. Бичлэгийн арга барил талаас нь харвал “Өдрийн сонин” хавилдуугаас Гангаа мөн юм шиг. Бас “Ардчилал” сонины Солонго ч байж мэднэ. За даа, ер нь энэ хүн нууц хэвээрээ үлдэх нь ч дээр байх. Яагаад гэвэл уншигчдад илүү сонирхолтой байх юм чинь.
Харин Х.Баттулга гишүүн “Би улс төрч биш” гэсэн байр сууриа хадгалсан хэвээрээ явна. Энэ нь дээрхээс ч сонирхолтой байж магадгүй. Манайхан сонгуулиар УИХ-д сонгосон хүнээ л улс төрч гэж боддог. Тийм ч хуультай. Тэгвэл Х.Баттулга өөрийгөө яагаад ингэж хэлдэг юм бол оо. Магадгүй УИХ-д суугаа нөхдөөсөө нэг бол арай холыг харж улс орондоо хийх зүйлийг бодож цэгнэдэг байх. Эсвэл бизнесмен чигээрээ нэрлэгдэж явахыг хүсдэг биз. Тэгээд ч түүний байгуулсан компани нь өнөөх алдарт “Загалмайлсан эцэг” киноны гол баатрын нэрээр нэрлэгдсэн гэнэ лээ. Энэ кинонд мафийн томчуудын талаар гардаг даа. Жинхэнэ эрчүүд гэж тэндийг л хэлэх байх гэмээр эр зоригтой, шийдэмгий, алсын хараатай, мөн өрөвчхөн атлаа догшин хэрцгий чанарын аль алийг нь хослуулсан, хэлсэн үгэндээ эзэн болдог ,шударга зантай хүмүүс дүрслэгдсэн байдаг. Эдгээр нь түүний хувийн араншингийн илэрхийлэл ч юм уу гэмээр. Ер нь ихээхэн онож өгсөн нэртэй компанитай хүн. Хийж бүтээж байгаа нь арай дориун харагдаж байна. “Цонжин болдог” руу эгнүүлсэн Чингисийн Хишигтэн цэргүүд нь удахгүй амилна.
Саяхан “Гал үндэстэн” болон Н.Энхбаяртангуудын нэрлэсэн 15 олигархиудын тоонд тэр ороогүй байсан. Уг нь түүнийг зарим нь том олигархи гэдэг. Гэтэл тэд тэгж нэрлээгүйг болоход олигархи биш юм байлгүй дээ. Үүнд нь Х.Баттулга бас тайлбар маягтай юм саяхан хэлжээ. Тэрээр “Сонгодог утгаараа бол олигархи Монголд байхгүй. Гэхдээ нэг байгаа. Баянхонгорын гаралтай нэг нөхөр. Тодорхой улс төрчдийг хөлсөлчихдөг, байнга тэжээж, тэтгэж, ашиглаж байдаг” гэжээ. Мань хүн ийнхүү битүү түншиж хэлэхдээ “Тэрхүү олигархи гээд байгаа нь би юм шүү дээ” гэсэн санаа агуулжээ. Баянхонгор аймгаас гаралтай түүнээс өөр Монголд толгой цохих баян эр байхгүй. Бас түүн шиг их хөрөнгөтэй улс төрч бараг алга. Гэвч тэр олигархи хэмээх тодорхойлолтонд арай дүйж очихгүй бололтой. Яагаад гэвэл олигархи нь төр засгаар угжуулж гарч ирдэг хөрөнгөтнүүд юм. Өөрөөр хэлбэл Х.Баттулга төрөөс төрсөн тэрбумтан арай биш. Өөрийн зоргоор ганзага үүрч хөлжсөн гэдэгтэй нь маргах хүн байхгүй. Гэвч түүний дээрх үг бас л асуултын тэмдэгтэй үлдлээ. Тэр төрөөс төрсөн олигархи биш харин УИХ-д суугаа том бизнесмен, улс төрчдийг байнга санхүүжүүлдгээрээ ялгарсан арай өөр олигархи юм болов уу даа.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээлийн портал
Сэтгэгдэл ( 0 )