Байлдааны сум галт хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэлээд хэд гарсан. Гэвч тэдгээр хэргүүдийн ихэнх нь замхарчээ. Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний тусгай зориулалтын буюу элит ангиас 9000 ширхэг байлдааны сум хулгайлагдсан гэдэг. Үүнийг тус ангийн зэвсгийн нярав ахлагч Наранбаатар гэгч залуу агуулахаасаа авч гараад талыг нь бусдад худалдсан байлаа. Тал нь хаачив гээд шалгаж байтал мань эр өөрөө ангидаа буцааж авчраад тушаачихжээ. Тоглоом шоглоом шиг энэ хэргийн эзэн Наранбаатар харин өршөөлийн хуулиар өнөөдөр наранд алхаж явна. Түүний буцааж авчирсан гэх сумыг ангийнхан нь бас тоолж бүртгэлгүйгээр хүлээн авсан тухай яриа бий. Хариуцлага гэдэг юм маань хэний гарт, хаана яваа нь эндээс харагдах биз. Яг л толгойгүй амьтан шиг юм төсөөлөгдөнө. Тийм мулгуу дарга нартай ямар ч хариуцлага тооцсонгүй.
Гадаадаас байлдааны болон ангийн зориулалттай буу, сумыг наймаачид олноор оруулж ирсээр байна. Сүүлийн хоёр жилийн байдлаар нийтдээ 93500 гаруй сум орж иржээ. Энэ бол зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн нь юм. Хураагдаагүй, тооцооноос гадуур хэдэн сум, хаагуур ямар зориулалтаар, хэнд ашиглагдаж байна вэ гэдэг нь тодорхой бус байна. Байлдааны зориулалттай сумыг Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууд эх орон руугаа ачаа тээшиндээ чихээд явуулчихдаг. Тэнд байсан нэгэн Монгол залуугийн ярьж буйгаар бол “Тавилга” нэртэй ийм бараа хил давдаг байжээ. Хил гаалиар ямар ч хяналт шалгалтгүй оруулсан тэдгээр их хэмжээний байлдааны сумыг тагнуулынхан эрж хайгаад эздийг нь одоо болтол олоогүй байна. Их хэмжээний байлдааны сум ороод иржээ, шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл тухайн үед ганц нэг хэвлэлээр цацагдаад өнгөрсөн төдий үлдэв. Тухайн үедээ энэ хэрэгт улс төр, бизнесийн томоохон эрх мэдэлтнүүд оролцсон байж болзошгүй гэж тагнуулынхан үзэж байсан ч ямар үр дүн гарсан нь тодорхойгүй хоцорчээ.
Дорноговь аймаг дахь хилийн цэргийн ангиас хулгайлагдсан 40 мянган сум, галт хэрэгсэл, гранат, тэсэлгээний материал бас л олдсонгүй. Хоёр жил гаруйн өмнө болсон энэ хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгасан. Шалгаад, шалгаад хэн буруутайг тогтоож чадсангүй. Зэвсгийн мэргэжилтнүүд нь ийм их хэмжээний юм гол гаргачих боломжтой. Цэргийн онцгой объектоос тэдгээрийг өөр хэн ч авч явахгүй. Хамгийн энгийн логикоор бодоход л ийм байхаас аргагүй. Гэтэл манай цагдаа нарын байж байгаа царай энэ. Хамгийн аймшигтай нь тэдгээр буу, сум хэзээ нэгэн цагт улс төрийн зорилготойгоор хаа нэгтээ дуугарч эхлэх вий. Ийнхүү хэлж буй нь буу сум тойрсон мэдээлэлд хийж буй өнгөцхөн шүүмжит анализ юм.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )