Б.Бадамцэцэг: Мисс хүн ялдам инээмсэглэл, сайхан төрхтэй байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11



Отгон мисс Батмөнхийн БАДАМЦЭЦЭГ гэхээр хүмүүс "Хэцүү анги"-ийн Гэрэлээ юу гэдэг. Тийм ээ, "Хэцүү анги" киноны гол дүр, ухаалаг, даруухан охин Гэрэлээг энэ дугаарынхаа зочноор урьсан юм. Үнэхээр ч бүтээсэн дүр шигээ ухаалаг охиныг өөрийн гэсэн бодолтой, хийсэн зүйлтэй, хэлэх юмтай нэгэн гэж дүгнэх хүн олон. Харин түүнийг жүжиглэх, загвар өмсөхөөс гадна уран нугардаг, хулсан хуур тоглож чаддаг авьяастай гэдгийг тэр бүр мэддэггүй. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Их завгүй байх юмаа?

Юуны емнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед хичээл ихтэй бас шинэ киноны зураг авалттай байсан учир нэлээд завгүй байлаа. Киноны зураг авалтын ажлаар нэг сарын хугацаатай Эрдэнэт явчихаад ирсэн. Харин одоо шалгалтуудаа өгөөд явж байна.

-Б.Бадамцэцэг гэдэг охиныг "Хэцүү анги" киноны Гэрэлээгийн дүрээр хүмүүс сайн мэддэг. Тиймдээ ч тэрхүү дүрээр л өөрийг чинь төсөөлдөг. Даруу төлөв хэрнээ их ухаапаг охин. Харин амьдрал дээрх дүр чинь Гэрэлээгээс хэр өөр юм бол?

-Б.Бадамцэцэг, Гэрэлээ гэдэг хоёр охин бол ерөнхийдөө хоорондоо төстэй. Гэхдээ мэдээж бүх зүйл нь ижил гэсэн үг биш л дээ. Манай гэр бүлийнхэн,найзууд маань Гэрэлээгийн дүр, зан араншингаараа надтай их адилхан гэж дүгнэдэг. Харин гадаад байдал, хувцаслалт гэх мэт зүйлээрээ тэс өөр. Кинон дээрх Гэрэлээ даруухан, гол төлөв чөлөөт хувцас өмсдөг шүү дээ. Ихэнхдээ л жинсэн өмд, цамц өмсдөг. Харин амьдрал дээрх Б.Бадамцэцэг бол классик стилийн хувцас өмсөх дуртай. Миний хувьд ихэвчлэн юбка, даашинз өмсөх дуртай.

-Зан чанар нь ижил гэхээр даруухан бас их ухаалаг байх нь ээ?

-Зан аашаараа Гэрэлээтэй адилхан болохоор намайг үзэгчид маань илүү сайн мэдэх байх. Даруухан гэхээсээ илүү би ямар хүнтэй харьцаж байгаа билээ, яаж биеэ авч явах ёстой билээ гэдгээ сайн мэддэг. Найз нөхдийнхөө дунд байгаа юу, танихгүй хүмүүстэй байгаа юу, ахмад настнуудтай байгаа юу гэдгээс хамаараад миний биеэ авч явах байдал, бусадтай харьцах харьцаа минь өөр байдаг. Биеэ хаана, яаж авч явах вэ гэх мэт олон зүйлийг ээж минь надад багаас минь зааж өгсөн.

-Fасеbоок" найзын хувьд өөрийг чинь их уран сэтгэмжтэй, дотроо бодолтой, бодсоноо зөв, уран илэрхийлж чаддаг охин юм болов уу гэж бодсон?

-Би мод зурах их дуртай. Тэгсэн хэрнээ модноос өөр юм зурж чаддаггүй. Тиймээс тэрхүү зурж буй модоорооо олон зүйлийг илэрхийлэхийг хүсдэг.

- Яагаад  заавал мод гэж?
- Модыг би амьдрал гэжтөсөөлдөг. Модны уг үндэс бол бидний өвөг дээдэс. Монгол гэдэг энэ агуу улсыг бүтээсэн хүмүүс. Харин мөчир болгон нь хүний хамаатан садан гэж боддог. Тухайлбал, нэг хүний удмыг судлахад хэдэн мянган салаа мөчир болон ургасан байдаг. Одоо ч тасраагүй. Түүнчлэн мөчир бүрээс ургасан навч бүхэн миний эргэн тойронд амьдарч буй ойр дотнын хүмүүс, найз нөхөд минь. Харин бүдүүн ишийг нь би өөрийгөө гэж төсөөлдөг. Басхүү модноос салж байгаа том мөчир бүхэн миний амьдралын зам юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл модны мөчир хэзээ ч доошоо ургадаггүй. Үргэлж дээшээ тэмүүлдэг. Энэ ч утгаар нь модыг их бэлгэшээж явдаг юм. Бас миний хамгийн их хэлэх дуртай үг бол "Мод хэдий сайхан ч үндэс нь хагдарвал иш, мөчир, навч бүхэн нь хагдарна" гэж хэлэх дуртай.

-Их олон найзтай юм шиг санагдсан?

-Найзын хувьд олон шүү. Их баян хүн. Бүх найзууддаа үргэлж баярлаж явдаг. Хамгийн сайн найз маань шатрын дэлхийн аварга Энхтуул. Бид хоёр бүр багаасаа найзалсан. Гэдсэнд байхаасаа найзалсан гэхэд болно доо (инээв). Гэр бүлийн найзууд л даа. Миний бодлоор хүүхдүүд бидний нөхөрлөлөөс үлгэр жишээ аваасай гэж хүсдэг. Яагаад гэвэл бид бие биеийнхээ алдааг нөхөж чаддаг. Сэтгэл санаагаа хуваалцах, жаргалтай, гунигтай үед дэргэд байж чаддаг учраас найздаа үнэхээр их хайртай.
-Ийм сайхан нөхөрлөлийн мөн чанар, бат бөх холбоо юун дээр тогтож байна вэ?
-Бие биеийгээ нөхөх чадвар юм болов уу. Хамгийн сайн найз гэж нэг нэгийнхээ дутагдлыг нөхөж чаддаг байх ёстой. Харин зарим үед анзаараад байхад нэг нэгийгээ хоосон магтаад байдаг. Хоосон магтаалд тодорхой хэмжээний урам байж болох ч, энэ бол худал зүйл. Сайн найз, найздаа жинхэнэ үнэнийг хэлж чаддаг, байгаа зүйлийг байгаагаар нь илэрхийлж чаддаг байх хэрэгтэй.

-Харин найз залуугийн тухайд?

-Надад цаг, зав маш бага байдаг учраас одоогоор найз залуу байхгүй.

Өөрийн чинь хувьд хүүхэд наснаасаа холдоод удаагүй байгаа шүү дээ. Хүүхэд насныхаа нандин дурсамжаас хуваалцаач?

-Хүүхэд насны хамгийн гоё, нандин дурсамж гэвэл мэдээж ээжтэйгээ өнгөрүүлсэн хором, мөч бүхэн. Том хүн бүр л хүсдэг байх даа. Дахиад цэцэрлэгтээ явах юмсан гэж. Наймдугаар ангид сурч байхдаа анх удаа цалин аваад, ээждээ авчирч өгч байсан үе минь хамгийн том аз жаргал. Тэр үед ээж минь ямар их баярлаж байсан нь одоо ч нүдэнд харагддаг.

-Ээжтэйгээ их дотно байх. Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Миний хамгийн дотны хүн бол мэдээж миний ээж. Баярлах, гуних аль ч үед ээж минь дэргэд байдаг. Сэтгэлээр унасан үед маш том хана, багана минь болж өгдөг. Үргэлж сэтгэл санаагаар дэмжиж, хажууд минь байдаг юм.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Хүн бүр л жүжиглэх авьяасынх нь талаар асуугаасай гэж хүсч байгаа байх?

-"Хэцүү анги" кинонд л хамгийн анх дүр бүтээж эхэлсэн. Энхтуул намайг ийш нь хөтөлсөн дөө. Яг энэ мөчид Энхтуул бид хоёр бие биенийхээ амжилтад нөлөөлдөг юм байна гэж бодогдлоо. Юу гэхээр, би Энхтуулд шатрын спортод гаргах амжилтад нь хөтөлсөн, харин Энхтуул миний кинонд тоглох зам руу хетөлсөн юм. Бага байхдаа анх би найзыгаа шатрын дугуйланд явъя гээд, хамт хичээллэж байсан юм. Тухайн үед манай шатрын багш толгой руу их тоншдог байсан. Түүнээс нь айгаад би шатартаа явахаа больчихсон. Харин Энхтуул их хор шартай охин учраас эхэлсэн л бол дуусгана гэдэг. Тиймдээ ч Дэлхийн аварга болчихсон байна. "Хэцүү анги" киноны сонгон шалгаруулалтад Энхтуул намайг дагуулж очсон. Гэхдээ кино гэж хэлээгүй. Намайг дургүйг мэддэг учраас хоёулаа нэг материал өгчихөөд ирье гэж хэлсэн юм. Тэгээд очтол миний анкетыг бөглөчихсөн байсан. Хэрэв намайг татгалзах юм бол Энхтуул шатраа орхино шүү гэж хэлсэн. Тэгээд п бид хоёулаа шалгаруулалтынхаа хоёрдугаар шатанд тэнцсэн. Гэтэл Энхтуул Азийн аваргын тэмцээнд явахаар болоод киногоо орхижбайсан.

-Саяхан гарсан "Нэгхоёрын гурав аа ий"кинонд бүтээсэн дүр,өмнөх Гэрэлээгээс эрс өөр байсан?

-Анх удаа эсрэг дүрд тоглосон.Энэ кинонд тоглоход хэцүү зүйл нь юу байсан гэхээр Долгор эгч надаас олон насаар эгч байтал би "Чи" гэж хашгирах үнэхээр хэцүү байсан.Үзэхэд ч гэсэн их эвгүй байсан шүү.

-Мэдээж мэргэжлийн биш учраас жүжиглэнэ, кинонд тоглоно гэдэг хэцүү байх аа?

-Мэдээж хүндрэлтэй асуудлууд тулгарна. Жүжиглэх үед уйлах, инээх гэх мэт янз бүрийн хувирал гаргахад надад мэдэхгүй зүйл зөндөө гарч ирдэг. Гэхдээ цуг тоглож байгаа жүжигчид маань намайг аваад явчихдаг учраас тэр хүмүүсийнхээ хүчээр бэрхшээлүүдийг амархан даваад гарчихдаг.

Жүжиглэхээс гадна "Монголын мисс" гэдгийг чинь хүмүүссайн мэднэ. Хэзээнээс загварын ертөнцөд хөл тавих болов?

-2008 оноос загвар өмсч эхэлсэн. Энэ онд би анх "Үнсгэлжин 2009" тэмцээнд оролцоод тусгай байр эзэлж байсан үеэс загварын ертөнцед хөл тавих анхны гараа эхэлсэн. Тэр үед Ч.Содтуяа багш намайг олж хараад, агентлагтаа зуун хувь үнэгүй явах эрхийг өгснөөс хойш одоог хүртэл багшийнхаа удирдлага дор ажиллаж байна.

-Яагаад загварын ертөнцөд сэтгэл татагдсан бэ?

-Миний төгссөн "Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль"-ийн хөдөлмөрийн багш Бор гэж хүн бий. Бор багш маань надад хамгийн их нөлөөлсөн. Манай сургууль жил бүр шинээр гарч ирж буй шилдэг загвар өмсөгч, дизайнеруудын дунд шилдгийг нь шалгаруулах тэмцээн болдог. Энэ тэмцээнд анх ороод тэргүүн байр эзэлж байсан юм. Тэр үед Бор багш "Үнсгэлжин"тэмцээнд орох санал тавьж байсан.

-Чи миссийн тэмцээнүүдэд түлхүү оролцдог шүү дээ. Чиний бодлоор мисс, модель хоёр юугаараа ялгаатай гэж боддог вэ?

-Мэдээж том ялгаатай. Биеийн харьцааны хувьд ч ялгаатай. Хэдийгээр мисс, модель хоёрын биеийн харьцаа хол зөрүүгүй ч, модель хүн илүү туранхай байх шаардлагатай байдаг. Харин миний бодлоор мисс хүн боловсролдоо анхаарч, гадаадхэлний өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Бас илүү ялдам инээмсэглэлтэй байх хэрэгтэй. Харин модель хүн илүү хурц, ширүүн төрхтэй байвал тайзан дээр илүү гоё харагддаг. Мэдээж, мисс  хүн сайхан төрхтэй байх хэрэгтэй гэж боддог.

-Олон улсын миссийн тэмцээнүүдэд нэлээд амжилт гаргасан юм билээ?


-Сүүлд Манжуурт болсон олон улсын миссийн тэмцээнд дэд байрт шалгарсан. Түүний өмнө дэлхийн 72 орны бүсгүйчүүд оролцсон "Miss international” тэмцээнд оролцоод, шилдэг 25 -ын нэгээр шалгарч, "Active miss" өргөмжлөл хүртсэн.

-Алдартай загвар өмсөгчдөөс хэнийг нь илүү хүндэлж, үлгэр дууриал авдаг вэ?

-Топ модель Д.Пүрэвсүрэн эгчээс үлгэр дууриалал авдаг. Пүрэвсүрэн эгчийн ааш зан, биеэ авч яваа байдал гээд бүх зүйл нь надад маш их таалагддаг. Эмэгтэй хүн түүн шиг л байх ёстой юм шиг санагддаг. Бас миний бодлоор Ч.Содтуяа багш маань төгс эмэгтэй хүн. Яриа, ухаалаг байдал, намбалаг төрх тэр бүхэн нь надад маш том үлгэр дууриалал болдог. Түүнээс гэдна хамгийн ихээр хүндэлж, үлгэр дууриалал авдаг хүн бол миний ээж. Ээжийнхээ ухаанаар үнэхээр их бахархаж явдаг. Ээжийнхээ ухаан, зан чанараас нь бага ч гэсэн өөртөө өвлөх юмсан гэж боддог.

-Магадгүй, бас эмч ээжийнхээ мэргэжлийг нь өвлөх гээд сурч байгаа юм болов УУ?

-Манай ээж уламжлалт анагаах ухааны эмч л дээ. Гэхдээ манай ээж намайг эмч болно гэхэд их дургүй байсан. Би өөрөө үнэхээр дуртай. Бүр бага байхдаа л бамбаруушнуудаа тариад л, эм өгөөд л тоглодог байсан. Багаасаа эмч болно гэсэн зорилготой байсан учраас одоо "Ач" анагаах ухааны их сургуулийн нүүр ам судлалын ангид элсэн орсон. Би эхлээд зүрхний мэс засалч болно гэж боддог байсан юм. Гэхдээ хүний бодол байнга өөрчлөгддөг шүү дээ. Яагаад ч юм өөртөө сэтгэл дундуур байгаа эмэгтэйчүүдэд илүү туслахыг хүсэх болсон. Өнөөдөр, манай улсад гоо сайхны мэс засал гэх зүйл нэр хүнд муутай байдаг.
Харин би энэ үзэл бодлын эсрэг байдаг. Өөртөө өөрчлөлт авчрахыгхүсч байгаа тэрхүү зоригтой бүсгүйчүүдэд туслахыг хүссэн учраас энэ мэргэжлийг сонгосон.

-Багынхаа зорилгоо биелүүлэх гээд явж байгаа охины хувьд харин одоогийн зорилго нь юу болоод байгаа вэ?

-Ирээдүйд дэлхийд данстай гоо сайхны мэс засалч болохыг хүсдэг. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай тэмцэнэ. Ойрын ирээдүйд гэвэл би сургуулиа амжилттай төгсөхийн тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байгаа. "А" дүнтэй төгсөнө гэсэн чин зорилготой.
-
Анагаахын сургуулийг "А" дүнтэй төгсөнө гэдэг бас л чанга шүү?
-Гэхдээ би чадна аа. (инээв)

-Чамаас үлгэр дууриалал авдаг олон залуус байдаг.Уншигч охид, залуус,үеийнхэндээ хандаж хэлэх үгийг сонсмоор байна?

-Үнэхээр баярлалаа. Тэдэнд хандаж хэлэхэд та нарт ирээдүй байгаа.Өөрсдийн дотор хүнээ ялан дийлж чадвал та нарын өмнө маш том боломж, амжилт хүлээж байгаа. Чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол чи өөрөө байдаг. Чи өөрийгөө ялан дийлж, зоригтой байж чадах л юм бол өмнө нь төсөөлж ч байгаагүй сайхан бэлэг гарч ирэх болно. Бас ээж, аавыгаа хүндэлж, хайрлаж яваарай. Хүнийг хайрлаж сурна гэдэг бол маш том амжилт шүү.


Эх сурвалж: “Амралтын шуудан” сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top