Ж.Батсуурь гишүүн Д.Зоригттой хамт Жон гэгч Канад эрээс хахууль авсанаа далдлахын тулд тэнэг хүн шиг аашилж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11


Хэрүүлийн алим болсон “Урт” нэртэй хуулийг өөрчлөх, эс өөрчлөх гэсэн ашиг сонирхлын талцал төрийн ордонг тэр чигээр нь доргиож эхэллээ. Ж.Батсуурь, О.Чулуунбат нарын зэрэг гишүүд хоёр жил гаруйн өмнө батлагдсан уг хуулийг голцуу гадаадын хөрөнгө оруулалттай хэдэн компанид ашигтайгаар өөрчлүүлэх гэж улайрч байна. Тэд хуулийг бараг бүхэлд нь өөрчилж, гол нууруудын ай савыг сүйтгэх хэрэгтэй гэсэн бодлогоо төрд тулгаж байгаа ажээ. УИХ-ын байнгын хороо  тэднийг дэмжсэн нь иргэдийг бүр ч их бухимдууллаа. Ногоон эвсэл, “Гал үндэстэн” холбооныхон тууштай эсэргүүцэж байна. УИХ-ын зарим гишүүд эвлэлдэн нэгдэж тэднийг дэмжихээ илэрхийлсэн. Тэр бүү хэл Олон улсын Экологийн шүүхэд хүртэл хандана гэв. Гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Ж.Батсуурь тэс хөндлөн зогссон хэвээрээ байна. Түүндтэй хамт хуулийг өөрчлөх саналтай явсан “журамт” нөхөр, сумоч гишүүн Д.Батбаяр нь харин ард түмнийхээ талд эргэн ирж, санаачлагаасаа  няцаж байгаагаа илэрхийлэв. Буруу зүйл хийснээ тэр ойлгов бололттой. Ж.Батсуурийн хувьд Дорноговь аймгийн засаг дарга байхдаа нинжа нар болон уул уурхайн компаниудтай дотно харилцаатай байсан, зовлонг нь мэддэг хэмээн мугуйд бодлоо хамгаалж байна. Аймгийн засаг дарга нар үнэндээ тийм ч өндөр боловсролтой хүмүүс байдаггүйг бид бэлхнээ харж байгаа. Захын нэг боловсролтойхон чавганц ч энэ ажлыг хийж чадна. “Урт” нэртэй хуулийн өөрчлөлт дээр тэр аймгийн засаг дарга байснаараа далайлгах шинжтэй ярьж буй нь жинхэнэ солиорол болов уу. Тэрээр мөн Японооос нэг компани 30 гаруй сая долларын хөрөнгө оруулалт аваад голын эх, усны сан бүхий газарт алт, бусад ашигт малтмал ухсаныхаа төлөө өрөнд ороод байна гэж хар хүний өмнөөс шар хүн болж жүжиглэжээ. “Урт” нэртэй хуулийн агуулгад л нийцээгүй бол хэдэн төгрөгөө байгаль сүйтгэхэд зарцуулсан, хэдэн хүн хоолгүй болох гэж байгаа нь хамаагүй шүү дээ. Хүн хооллох мөнгө олдоно, харин нэгэнт сүйрсэн эх байгаль маань монголчуудад хэзээ ч олдохгүй гэдэг хамгийн наад захын юм ойлгохгүй Ж.Батсуурийг эрүүл хүн гэхэд итгэх амьтан бараг олдохгүй болох нь ээ. Япончуудын мөнгөнд тэр дэндүү их санаа зовж байх шиг байна, чааваас. Түүнчлэн 250 гаруй компани газар ухан ой сүйтгэж, гол нууруудыг ширгээхдээ банкаас зээл авсанд нь бас харуусч байна гэж жигтэйхэн. Монгол хүн хортой ус ууж үхэх, ой модгүй болох бол түүнд юу ч биш юм байна. “Урт” нэртэй хуулийн гол агуулга нь ийм л зүйлийг журамлахад чиглэсэн юм. Ж.Батсуурь уг хуулийг гадаадын хэдэн компани, ялангуяа Гацууртыг эзэмшиж байгаа Канадын иргэн Жон Казакоффийн захиалгаар хийснээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнээс авлига авсан гэж хэлэхгүйгээ нэг муу мэдэх байх л даа, тэнэг ч гэсэн. Харин тэр Жон гэгч нь хэдэн сарын өмнө телевизээр “Би танай тэр хуулийг өөрчлүүүлнэ. Ингэхийн тулд улс төрчдийг лоббидно” гэж ам бардам хэлж байлаа. Лобби гэдэг авлига гэсэн үг. Ийнхүү хэлсэндээ хүрэхийн тулд тэр Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Ж.Батсуурь нарыг хахуульдан өөртөө татсан нь одоо нэгэнт тодорхой болжээ. Ж.Батсуурь нь “Зоригт сайд л надыг ийм хуулийн төсөл хийж батлуул гээд байсан” хэмээн УИХ-ын нэг бус гишүүдэд учирлаж байсан үгнээсээ бас л бултах гэж байна. Тэр газар унагасан шүлсээ эргүүлээд долоож буй бололтой. Үүнийгээ дахин нотлох гэсэн шиг өнөөх чинь “Бидний санаачилсан хуулийн төсөл ингэж их дуулиан тариад байгаа нь зөв зүйтэй асуудал болсны шинж. Би хөндүүр цэгийг нь олоод дарчихсан юм байна” гэсэншүү юм ярьж бүр тэнэгтжээ. Уул уурхайгаар унаган байгалиа сүйтгүүлэх гээд байгаа нь иргэдийн хувьд хөндүүр сэдэв мөнөөс мөн. Гэхдээ заавал ард түмнийхээ эсрэг хандан “Монголын  байгаль сүйрэх нь надад хамаагүй” гэсэн санаагаа хамгаалах гээд байгаа нь яав ч эрүүл бус хүний явдал юм. Үнэхээр УИХ-д иргэдээ төлөөлж суугаа гишүүн мөн бол ийм хударгагүй, худалч, эх оронч бус байж болохгүй. Улс төрд зүтгэж яваа хүн худал хуурмаг үгээр хувин дүүргээд эхэлвэл эцэст нь хэн ч биш болдог жамтай. Ийм хүнийг нохой ч тоож шиншлэхгүй.  

 Б.Отгонбаяр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top