Б.Гэрэлчулуун: Уншиж л чадвал хүн болгон нэгэн боть ном байдаг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11

-Юуны өмнө сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе.Төгсөлтийн гоёлоосоо сонирхуулаач ?

-Баярлалаа. Манай сургууль урьд нь ганцхан драмын ангитай байсан бол энэ жилээс эхлэн хосолсон мэргэжлээр төгсгөдөг болоод байгаа юм. Нэг үгээр бол кино болон драмын аль алинд тоглох боломжтой болж байгаа юм л даа. Миний хувьд кино, драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд удаагүй байна. Урлагийн сургууль гэдэг утгаараа төгсөлтийн баяр нэлээд өргөн хүрээтэй болж өнгөрлөө. Жил жилийн төгсөгчид үндэснийхээ хувцсаар (дээл) гоёдог заншилтай болоод нэгэнт тогтчихож дээ. Миний хувьд үүний л адил монгол загварын дээлээр гоёсон. Хонхны баярын дээлээ "Торго" салоноор хийлгэж өмссөн.

"Торго"-ыг харьцангуй үнэтэй гэж ярьдаг?

-Тиймээ. Би ч бас үүнтэй санал нийлнэ. Гэхдээ мэргэжлийн оёдолчин, дизайнерууд ажилладаг гэдэг утгаараа арай илүү үнэтэй байдаг байх л даа. Хэдий тийм ч гэлээ анх загварт орсон цагаасаа л энэ салоноор үйлчлүүлж, гоёлын хувцсаа хийлгэж ирсэн болохоор сурчихаж. Ер нь бол хүн нэг сурсан дассан газраараа л үйлчлүүлэх гээд байдаг шүү дээ. Үүнтэй л адилхан гэх үү дээ.

-Жүжигчин бүсгүй анх загварт орж байсан тэр үеэ дурсвал. Яаж яваад загварт орчихов оо?

-2004 оны зун сургууль амраад зуслан явахаар болоод байсан үед өвөө маань "Миний охин загварын сургалтанд яваад үз" гэж зөвлөсөн. Би ч өвөөгийнхөө саналаас нэг их зөрөлгүйгээр "Ганга гоёл" загварын агентлагт явж эхэлснээр өнөөдөр загварын ертөнцөд тодорхой хэмжээний байр суурь эзэлчихээд явж байна. Энэ чиглэлээр явсандаа нэг их харамсаад байдаггүй. Эмэгтэй хүн ер нь загвараар явахад буруудах зүйл байхгүй. Хүмүүс ярьдаг л даа. Загвар гэхээр л илүү дутуу маяг сургадаг газар гэж ойлгоод байдаг. Миний хувьд үүнтэй санал нийлдэггүй. Өнөөдөр өсвөр насны хүүхдүүдэд хүн болж төлөвших асуудал чухал байна л даа.Тэд ганцхан анги хамт олон, гэр бүл, ойр дотныхноосоо үлгэр дууриалал авч, үзэл бодол нь төлөвшинө гэвэл учир дутагдалтай. Олны дунд орж, ямар нэгэн сургалт, дамжаанд хамрагдсанаар харилцааны болон гоо зүйн соёлтой болоод зогсохгүй өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй болдог гэж би хувьдаа үздэг. Унших эвийг нь олвол хүн бүр нэгэн боть ном шүү. Миний загварт орж байсан тэр үеийг бодвол одоогийн загвар өмсөгчдийн ур чадвар харьцангуй дээшилсэн санагддаг. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болох нь зүй юм. Хамгийн гол нь хар хоргүйн ухаанаар цэвэр чадвараараа өрсөлддөг байх нь чухал л даа.

-Кино, клипэнд тоглох санал их ирж байна уу. Хэрхэн хүлээж авч байна вэ?

-Иймэрхүү санал ойрд их ирж байгаа. Мэдээж хамгийн түрүүнд тухайн зохиолыг нь голчилж уншдаг л даа. Одоо бодоход анх загварт орж байсан тэр үедээ л нэлээд олон клипэнд тоглосон байна билээ. Одоогоор арав гаруй дууны клипэнд тоглочихоод байна. Үүнээс хойш төгсөх хүртлээ клипэнд тоглоогүй юм байна. Ер нь ч тэгээд төгсөхөөсөө өмнө ийш тийш гүйж, кино клипэнд тоглохыг багш нар хориглодог байсан л даа. Аль болох мэргэжилдээ эзэн болж, тууштай байхыг л шаарддаг байсан. Миний хувьд аль болох бүгдийг зохицуулахыг хичээдэг байсан даа.

-Таныг "Тусгай салаа" киноны Номингийн дүрээр хүмүүс их таньдаг болсон л доо?

-Баярлалаа. Энэ кинонд гуравдугаар курсээ төгсөөд тоглож байсан юм байна. Тэр зун манай ангийнхан бүгдээрээ очиж пробонд орж байсан.Тэр үед жүжигчин н.Алтанхуяг ахтай /"Тусгай салаа"-ны Сүлд / ярилцаж байгаад зохиолын хэсгээс бэлдэж шалгуулаад тэнцсэн. Ингэж л энэ киноны Номингийн дүрийг бүтээх болсон. "Тусгай салаа” бол үнэхээр сайн зохиолтой кино байсан.Тиймдээ олны сэтгэлд хүрч чадсан гэж би боддог юм.

-Хамгийн сүүлд "Амьдрал төсөл"-д "эрх эхнэр"-ийн дүрд тоглосон байсан.

-Өнгөрдөг арванхоёрдугаар сард энэ кинонд тоглох санал, зохиолтойгоо ирсэн. Яг л өнөөдрийн бидний эргэн тойронд өрнөж байдаг амьдралын тухай харуулсан байсан учраас сэтгэлд ойр буусан л даа. Энэ кинонд таны хэлдгээр "эрх эхнэр" Хулангийн дүрийг бүтээсэн. Миний урьд нь тоглосон Номингийн дүр бол даруухан ухаалаг, алсын бодолтой хэрсүү охин байсан. Харин Хулан бол нэлээд эрх, авах гэснээ авдаг, дураараа эмэгтэйн дүр байлаа. Миний бодлоор кино хүмүүст бодит байдлыг уран сайхны аргаар найруулан үзүүлдэг бол хошин урлагт нийгмийн болж бүтэхгүй хэсгийг егөөдсөн маягаар үзүүлдгээрээ ялгаатай.

-Энэ кинонд бүтээсэн дүрээс харахад та нэлээн эрх юм шиг санагдсан?

- Хэдийгээр би айлын ганц охин ч гэлээ аль болохоор л аливаа зүйлийн наадах цаадахыг олоод бусдыг ойлгочих юмсан гэж бодож явдаг. Хүмүүс л тэгж боддог юм шиг байна лээ.Гэвч амьдрал дээр би тийм ч эрх биш ээ. Харин жаахан сэтгэлийн хөдлөл ихтэй, тэр дундаа эмзэг талдаа л хүн дээ. Тэгээд хэнтэй ч эв зүйгээ олоод явчихдаг, нийтэч зантай. Би багийн тоглолтыг сайн хийдэг, олонтойгоо л явах дуртай.

-Хошин урлаг гэснээс та "Шинэ үе"продакшнд хэдийнээс харьяалагдах болов. Цаашид хамтран ажиллах уу?

-Их сонин тохиолдлоор энэ хамт олонтой ажиллах болсон л доо. СУИС-д сурч байхад "Шинэ үе"-ийн нэрэмжит тэмцээн манай сургууль дээр болдог байсан. Энэ тэмцээнд миний хувьд "Нэг хүний жүжиг" дээр ажиллаж байсан юм.Тэр тэмцээнд ороод шагналт байр эзлээгүй ч гэсэн менежер нь ирээд оройны тоглолтынхоо хоёр билетийг өгсөн. Ингээд оройн тоглолтын дараа "Шинэ үе"-ийнхэн бүрэлдэхүүнээрээ суучихсан байсан. Ингэхдээ албан ёсоор хамтран ажиллах саналыг тавьсан. Түүнээс хойш хичээл сургууль гэж явсаар тоглолтод алдаг оног ордог байсан л даа. Дөрвөн жил болчихсон байна. Намайг практик дадлагад сайн сургаж өгсөн "Шинэ үе"-ийн ах эгч нартаа маш их талархаж явдгаа энэ дашрамд хэлэх байна. Цаашид хамтарч ажиллахгүй ч гэсэн энэ салбарыг байнга дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамт байх болно.

-Ингэхэд та найз залуутай юу. Уншигчдад сонин байх л даа?

-Найз залуугүй. Гэхдээ мэдээж урьд нь найзалж нөхөрлөж явсан хүн бол бий. Найз залуутай болно, амьдрал зохионо гэдэг бол тийм ч амархан шийдчих асуудал биш юм шиг санагдсан. Хамгийн гол нь бие биенийгээ ойлгодог, сонирхол нэгддэг байх хэрэгтэй юм шиг ээ.

-Жүжигчин Б.Гэрлээгийн гэр бүлд урлагийн хүн байдаг уу. Дуучин Нара та хоёрыг эгч дүүс гэж яриад байдаг?

-Манай гэр бүл, хамаатан дунд эмч хүн байхгүй, урлагийн хүн байхгүй. Бусад мэргэжлийн хүмүүс бүгд л байдаг даа. Нара бид хоёр бол сайн найзууд болохоос хамаатан биш.

-Загвар өмсөгч хүний хувьд одоогийн залуусын хувцаслалт хэр санагддаг вэ?

-Манай залуучууд гоё хувцасладаг ш дээ. Тэр дундаа аль нэг стилиэр дагнадаг нь надад их таалагддаг.Стилийг оронцоглож биш, яг утгаар нь хувцаслах болсон байна. Гадны орнуудад ийм жишиг байдаг шүү дээ. Жишээлбэл, охид залуус нь өөрсдийн дуртай кино болон хүүхэлдэйн баатрын стилиэр хувцасладаг ч юмуу, эсвэл дуртай жүжигчнээ дууриаж үсээ засуулах, эсвэл нүүрээ будуулдаг ч гэдэг юм уу, тиймэрхүү юм ажиглагддаг л даа. Энэ жишгээр манай залуус нэг стильдээ үнэнч болсон байна. Хувцсаа донжийг нь тааруулж өмсөнө гэдэг бол нэг талаас соёл гэж би ойлгодог.

-Та гадны загвар өмсөгчдөөс хэнийг хүндэлж, үлгэр дууриалал авдаг вэ?

-Би бүр багаасаа л Тайра Банксыг шүтдэг байсан гэх үү дээ. Намайг бага байхад нэг л гоё эмэгтэйн зурагтай сэтгүүл манай гэрт байдаг байсан. Анх зургийг нь харсан цагаас л шүтсэн гэж болно доо, тэр хүнийг. Тэр хүн бол аль ч талаараа үлгэр дууриалал болохуйц эмэгтэй л дээ. Зан төрхийн тухайд ч дайчин, жавхаалаг хүн.  Хэдий хүнд хэцүү амьдрал туулсан ч өөрийн тууштай чанараараа өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан гэж би боддог юм.

Мэргэжлийн талаасаа хувиралт сайтай, ямар ч нөхцөлд модель төрхөө алддаггүй загвар өмсөгч гэвэл би Тайраг хэлнэ. Ер нь бол аль ч талаараа надад таалагддаг.Тиймдээ ч би энэ эмэгтэй шиг байхыг хүсдэг, хичээдэг дээ.

-Дизайнеруудын холбооноос загвар өмсөгч нартаа зэрэглэл тогтоодог юм билээ.Та хэддүгээр зэрэглэлд ордог вэ?

-2004 оноос хойш Монголын дизайнеруудын холбоонд одоог хүртэл харьяалагдаад долоон жил болж байна. Би анх орохдоо гуравдугаар зэрэглэлтэй байсан. Харин хоёр жилийн өмнөөс нэгдүгээр зэрэглэлд багтдаг болсон.

-Загвараар хамгийн анх авч байсан шагнал тань юу байв. Сэтгэлд үлдсэн мартагдашгүй үеэ дурсвал?

-Хамгийн анх 2004 онд "Mongolian contest model” тэмцээнээс "Гуравугаар зэрэглэлийн загвар өмсөгч" болж байсан. Энэ бол миний анхны бөгөөд хамгийн мартамгүй шагнал байсан даа. Мөн 2006 оны "Өвлийн гоёл" наадмаас "Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч" гэдэг цолоор өргөмжлөгдөж байсан маань надад асар их эрч хүч өгсөн мартамгүй үе байсан. Энд бас 2007 онд авсан "Монголын сайхан бүсгүй" өргөмжлөлийг хэлэх байна.

Эх сурвалж: Амралтын шуудан сонин

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top