Уудам Азийн Монгол, Улаанбаатар нийслэл минь

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 11

 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн  долоо хоногт туульсын нэгэн оргил Санжийн Пүрэвийн уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг  дэлхийн дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч Б.Явуухулангийн ертөнцөөр аялахыг урьж байна. 

 

Хүлэг минь, шүлэг минь

Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

                                                                                                Б.Явуухулан

 

Улаанбаатарын уянгын дуу

 

Алгаар   хааж   болдоггүй

Алтан   шаргал   нарны   дор

Азаар   заяасан   хорвоогийн

Арван   найман   насандаа

Хаяад   явчихаж   болдоггүй

Хархан   нүдний   талимаанд

Харих   цагаас   хождоод

Хан   ууланд   оройтоход   минь

Буурал  ээжийтэй   минь   хамт

Буцаж   ирэхийг   минь   хүлээж

Уудам   Азийн   Монгол

Улаанбаатар   нийслэл   минь

Дөрвөн   уулын   дундаа

Тэнгэрийн заадас шиг ярайна.

 

Үгээр   хуурч   болдоггүй

Эх   орныхоо   ивгээл   дор

Үзэж   өнгөрүүлэх   амьдралын

Үд  дундын   насандаа

Хуудуу  хийчихэж  болдоггүй

Хэцүү   ажлын   эрхээр

Хоног  хугацаа   хождоод

Холын   замд   оройтоход   минь

Энхрий   янагтай   минь   хамт

Эргэж   ирэхийг   минь   хүлээж

Уудам   Азийн   Монгол

Улаанбаатар   нийслэл   минь

Дөрвөн   уулын   дундаа

Тэнгэрийн   заадас   шиг   ярайна.

 

Эвээр   аргалж   болдоггүй

Эргэх   хорвоогийн   жамаар

Эцгийн   голомтыг   залгах

Эрийн   цээний   насандаа

Орхиод   явчихаж   болдоггүй

Очтой   нүдний   талимаанд

Эжий   аавын   балчирхан

Энхрий   хүүг   минь  оройтоход  нь

Хөгшин   бид   хоёртой   хамт

Хүүгийн   минь  ирэхийг   хүлээж

Уудам   Азийн   Монгол

Улаанбаатар   нийслэл   минь

Дөрвөн   уулын   дундаа

Тэнгэрийн   заадас   шиг   ярайна.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top