Сүнс бодитой оршдог гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа. Тиймээс ч сүнс судалдаг бие даасан байгууллагууд хаа сайгүй бий болжээ. Монголд ч ялгаагүй. Сүнс судлалын академи гэх том нэртэй байгууллага байдаг. Харамсалтай нь Монголын энэ сүрхий байгууллага чухам юу хийж гийгүүлж буй нь тун нууц ажээ. Хааяа зарим хэвлэлүүд бичих юм нь ховордсондоо юу, аль эсвэл хүмүүсийн айдас дээр тоглох гэсэндээ юү оршуулгын газруудын ойролцоо баахан сүнстэй учраад энээ тэрээ гэсэн хийсвэр юм сараачих нь үзэгдэнэ. Энэ удаа уншигч таньд зарим судлаачдын үнэн бодитоор тэмдэглэн үлдээсэн сүнсүүдийн тухай товч өгүүлье.
Үг хэлдэггүй зорчигч
1979 оны намрын нэгэн өдөр Рой Фултор гэгч англи эр машинаа жолоодон өөрийн амьдарч байсан Дунстейбл хотоос гарч яваад замдаа түр зогсож нэгэн зорчигчийг авчээ. Зорчигч машинд нь сууснаасаа хойш юу ч дуурахгүй байв. Гайхсан мань эр “Та хаашаа явах вэ” гэж хэд хэдэн удаа асуусан боловч сайхь зорчигч сайхан гэгч нь инээмсэглээд урагш заажээ. Нэлээд хэдэн километр зам туулаад Фултон ардаа сууж явсан өнөөх инээдэг зорчигчдоо тамхи өгөх гээд эргээд хартал алга болчихсон байв. Хорь орчим настай, хар хөх өнгийн цамцтай хэлгүй мэт чимээгүй инээмсэглэж явсаар нэг мэдэхэд бараа сураггүй болсон энэ явдлыг Фултон тэр дороо л хүмүүст мэдэгджээ. Зарим шооч найзууд нь түүнд “Шууд барьж аваад олсоор дангинатал хүлээд хаяхгүй яасан юм бэ. Тэгээд музейд аваад ирсэн бол чи маш их мөнгө авах байсан шүү дээ” гэнэ. Гэвч Фултон дахиад ийм юмтай учрахгүйг хичээж, үүнээс хойш замд нь гар өргөсөн хэнийг машиндаа суулгахаа больжээ. Түүнтэй учирсан энэ үзэгдлийг нэгэн судлаач анхааран сонсоод жолооч нартай тааралдсан иймэрхүү сүнс, хий үзэгдлүүдийн тухай баримтуудыг цуглуулж эхэлсэн гэдэг.
Машины ослоор нас барсан бүсгүйн сүнс
1978 оны зун Өмнөд Африкт дээрхтэй адил хэд хэдэн тохиолдол гарсныг судлаач бичиж авсан байна. Ярсфельд гэдэг хүн Юнион-Дейл хотын ойролцоо явж байгаад гараа өргөн зогсож байсан нэгэн бүсгүйг машиндаа суулгажээ. Арваад километр яваад бензин нэмж хийхээр зогстол нөгөө бүсгүй бас л алга болсон байв. Цаг агаар муухан байсан тул жолооч тэр бүсгүйд хүрмээ нөмөргөж, хамгаалалтын малгай өмсгөсөн байсан бөгөөд бүсгүй алга болохдоо тэр хоёрыг нь яг байсан байранд нь тавьж орхиод явсан байлаа. Яах учраа сайн мэдэхгүй алмайрч зогссон жолооч Ярсфельд цагдаагийн газарт мэдэгдэв. Цагдаагийнхан түүнд хоёр жилийн өмнө болсон яг ийм зүйлийн талаар яриад мөрдөн шалгах ажилдаа орсон байна. Цагдаагийн ахмад Антон Ли гэгч залуу бас түүнд арваад жилийн өмнө Синтия гэдэг бүсгүй машины ослоор нас барсан гээд гэрэл зургийг нь ч үзүүлэв. Гэтэл хорь гаруй настай Синтия бүсгүйн зураг түүний машинд сууж яваад гэв гэнэт алга болсон өнөөх хачирхалтай эмэгтэй нь яг мөн байлаа. Цагдаагийн ахмад болсон явдлыг улам баталгаажуулахын тулд Ярсфельдийг тэрхүү нас барсан бүсгүйн ар гэрийнхэнтэй хүртэл уулзуулжээ. Гэрийнхэн нь талийгаачийнхаа сүнсийг хаа нэгтээ үе үе иймэрхүү тохиолдлоор гарч ирээд алга болж байгааг дурсан ярьж байв.
Хуурамч осол
Замын тодорхой нэгэн хэсэгт дээрхийн адил тохиолдлууд олон удаа гардаг байна. Тиймээс жолооч нар сүнстэй учирдаг газар хэмээн нэрлэсэн нь ч цөөнгүй. Тухайлбал Английн Четем хотоос урагш орших А-229 дүгээр зам сүнстэй зам гэгддэг ажээ. 1965 онд энэ зам дээр машин осолдож бяцхан охин амиа алдсан байна. Тэр үеэс эхлэн уг зам дээр нэгэн бүсгүй гараа өргөн машин зогсоох болжээ. Охины сүнстэй учирсан жолооч нарын нэг Морис Гунденау 1974 оны 7 сарын 13-ны шөнө машинаа жолоодож яваад гэрэлд нэгэн бүсгүйг олж харжээ. Бүсгүй гэнэт машиных нь дугуйн доогуур ороход балмагдсан Гунденау тэр дороо машинаасаа гартал зам дээр цусандаа хутгалдсан бүсгүй хэвтэж байв. Машинаасаа хөнжил гарган бүсгүйг хучиж орхиод хөлийнхөө хурдаар ойролцоох цагдаагийн хэлтэст очиж, болсон явдлыг тэмдэглүүлээд хэсэг цагдаа нарыг дагуулан иржээ. Гэтэл өнөөх үхдэл болсон бүсгүй алга болсон байлаа. Зам дээр цусны өчүүхэнч толбо үлдсэнгүй. Зөвхөн жолоочийн хөнжил л байв. Хичнээн мөрдөж шалгаад энэ явдлыг учрыг одоо болтол олоогүй байна.
Чалчаа зорчигч
Хий үзэгдлүүдийн бас нэг дурладаг газар бол Английн Сомерсет мужийн Велингтон хотын ойролцоох А-38-р зам ажээ. Энд сүнс, хий үзэгдлүүдийг олон хүн харсан байна. Сүнстэй хамгийн олон учирсан нь жолооч Гарольд Ансворд гэнэ. Тэрээр сүнсүүдийг олон удаа хүрэх газарт нь хүргэж өгчээ. 1979 оны хавар өглөө эрт Ансворд энд анхныхаа сүнстэй учирсан байна. Гуч орчим настай, нимгэн хүрэм өмссөн сүнс түүний замыг тосон гараа өрөөд зогсож байв. Дээр дурьдсан Рой Фултоны зорчигчоос ялгаатай нь бүхэл замын турш жолоочтой элдвийг ярьсаар явжээ. Сайхь эр сүнс буухдаа сайхан сэтгэлт жолоочдоо гүнээ таларсан мэхийсээр цааш одсон байна. Сар гаруйн дараа мөнөөх зам дээр нь дахиад л тааралдав. Жолооч сүнс хоёр мөн л урьдын адил ярилцсаар явсан байна. Ийм байдлаар тэрхүү эр сүнс түүнтэй олон удаа уулзаж хүрэх газраа хүргүүлжээ. Ансворд тэр сүнсээс ямар нэг гажиг, хачин зүйл огт олж хараагүй гэдэг. Мань эр түүнтэй дөрөв дэх удаагаа тааралдахдаа л жинхэнэ сүнстэй учирснаа мэдсэн байна. Сүнс шууд машинд суухын оронд түүнээс тээшээ авчиртал түр хэлээхгүй юү гэж гуйжээ. Ансворд хорь гаруй минут хүлээв. Гэсэн ч тэр ирсэнгүй. Нэлээд хэдэн километр зам туулаад явж байтал харин замын хажууд өнөөх сүнс нь зогсож байхыг хараад мэл гайхжээ. Түүний явж байгаа замаар өөр ямар нэг машин огт яваагүй байв. Гэтэл тэр эр сүнс яаж тийм хол замыг туулан ирж гараа өргөөд зогсож буйг гайхаад барсангүй. Тэгээд Ансворд сүнсийг авалгүй чигээрээ давхижээ. Нэг удаа толиндоо хартал өнөөх сүнс ард нь тун ойрхон харайж явсан байна. Ансворд түүнийг машиндаа суулгахаар зогстол харин сүнс ор сураггүй болсон байлаа. Цааш хөдлөөд удаагүй байтал зам дээр нь дахиад нөгөө эр сүнс өөдөөс нь гараа зангидан ямар нэг юм амандаа үглээд зогсож байжээ. Тэгснээ удалгүй агаарт уусан алга болсон байна.
Хэнтийн хар сүнс
Гадаад улс оронд сүнс дахин биежсэн хэлбэрээр жолооч нартай хэрхэн тааралдсан тухай бяцхан баримтуудыг эвлүүлэхийн зэрэгцээ Монголд тохиолдсон ганц удаагийн явдлыг энд цухас дурдахыг хүслээ. 1970-аад оны эхээр Хэнтий аймгийн Дадал сумаас урагш Өндөрхаан хотыг чиглэсэн замаар явж байсан Дорж гэдэг жолооч бас нэгэн бүсгүйтэй учирсан гэдэг. Урт хар гэзгээ задгай тавьж хээрийн салхинд намируулсан тэрхүү бүсгүй зам хөндлөн харайж гарснаа шууд л чулуу шүүрч аван жолоочийн кабин руу чулуудсан байна. Аз болоход харин түүний шидсэн чулуу, айж сандран хурдаа нэмж давхисан машины кабиныг оноогүй гэдэг. Энэ явдлыг Дорж айсандаа болоод амьтан хүнд ярилгүй тас нууж явжээ. Учир нь айн цочирдсоноос болоод түүний бие муудаж хэдэн жил эмнэлэгээр явсан гэдэг. Аажимдаа бие сайжраад ирэхэд энэ тухай эхнэртэй хэлэхэд огтхон ч үнэмшээгүй ажээ. Дорж үнэнийг батлах гэж яаж хичээгээд нэмэргүй байв. Кабиндаа тэр ганцаарханаа явсан болохоор гэрчлэх нэг ч хүнгүй байлаа. Гэхдээ Дорж одоо ч энэ тухайгаа “Хар сүнс” хэмээн хуучилсаар яваа ажээ.
Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )