АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах ГЭРЭЭ байгууллаа

2020 оны 01 сарын 29

Өнөөдөр  /2020.01.29/  Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг ашиглан үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа.

 Дэлхийн бусад импортлогч улсуудын хувьд ч гэсэн Эрсдэлийн сан /Hedge Fund/ үүсгэн газрын тосны бүтээгдэхүүний бирж дээр санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан арилжаалах буюу урт болон богино хугацааны гэрээ хийж, үнэ болон нийлүүлэлтээ тогтмол хэмжээнд барьдаг байна.

Манай улсын хувьд эрсдэлийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн боловч дэлхийн зах зээл дээр арилжаа хийх туршлагагүй, хөрөнгө оруулагч ховор бөгөөд Засгийн газраас батлан даалт гаргах боломжгүй зэргээс хамааран энэ тогтолцоо өнөөдрийн байдлаар бүрэн нэвтрээгүй байна.

Иймд “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК -ийн дэлхийн зах зээл дээр санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжаа хийдэг хөрөнгө оруулагчтай хамтран эрсдэлийн хуримтлалыг үүсгэх боломжтой байгаа зэргийг харгалзан тодорхой хугацаанд АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах зорилго чиглэл бүхий гэрээг ийнхүү байгуулж байгаа аж.

АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь:

1. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь нийт эдийн засагт эерэг уур амьсгал бүрдүүлэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох үндсэн ач холбогдолтой.

2. Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлнэ.

3. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан үнийн дарамтыг бууруулна” гэсэн нь хэрэгжих боломжтой болж байна Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс аливаа санхүүжилт шаардагдахгүй бөгөөд түлш, шатахууны импортлогч компаниудын гадаад улстай хийсэн аливаа гэрээ хэлцэлд өөрчлөлт орохгүй гэсэн мэдээллийг АМГТГ-аас  өгч байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top