Н.Номтойбаяр ПАРЛАМЕНТААС ЯВЖ, тэмцэхээ МЭДЭГДЛЭЭ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэм буруутай, эсвэл хэлмэгдүүлэв үү гэдгийг цаг хугацаа л харуулах нь-

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал өнгөрсөн хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн гол сэдэв байлаа. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, түдгэлзүүлэхгүй гэх олон хоногийн маргаанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө хариулт өгч, цэг тавих гэж байна. Учир нь, тэрбээр өнөөдөр /2020.01.30/ өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өглөө. Ингэснээр парламент шинэ нөхцөл байдлаар түүний чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна. 

Уг нь, хэдхэн цагийн өмнө чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадаагүй завсарлага авсан юм. Шийдэлд хүрч чадаагүй гэдэг нь түүний бүрийн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг нууц санал хураалтаар явуулж, гишүүдийн олонх дэмжсэн ч баталгаажуулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, парламент УИХ-ын гишүүн Н.Номтойбаярынг түдгэлзүүлэх саналд нэгдсэн олонхийн шийдвэрээ тогтоолын төслөөр баталгаажуулж, санал хураалт явуулахаас татгалзсан юм. 

Парламентын танхимд энэ мэт нөхцөл байдал үүссэн тул УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдэж, дөнгөж сая УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөлдлөө хүргүүлээд байна. Энэ талаараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зугтдаггүй. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал бол энэ хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Гаргасан хоёр шийдвэр нь зөрчилдсөн. Тогтоол нь уначихсан. Албажуулах шийдвэр нь уначихсан. Тэгээд сая МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага аваад ярилцахаар боллоо. Сая би УИХ-д өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдсэн.Өргөдөл, бичгээ УИХ-д өргөн барина. Уг нь, үндэслэл байхгүй" гэх мэдээллийг өглөө. 

Түүнчлэн намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж зохион байгуулалттайгаар онц хүнд гэмт хэрэгт гүтгэх том "махны машин" ажиллаж байна гэдгийг ч онцоллоо. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр парламентын гишүүнээсээ чөлөөлөгдөж, өөрийнх нь эсрэг нэгдсэн бүхэнтэй тэмцэх болно гэдгээ хатуу мэдэгдлээ. Үүнээс гадна "Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрий барьж, хуулийн байгууллагад садаа болж байгаа гэсэн ойлголтыг нийгэмд өгч байна. Тийм зүйл байхгүй" гэдгээ ч тодотголоо. 

Учир нь, Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтэй байгаагаа парламентад хүргүүлсэн байдаг. Түүнийг хэд, хэдэн үндэслэлээр яллагдагчаар татан шалгах болсон талаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ярьсан билээ. Харин олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Нэг хэсэг нь түүнийг бүрэн эрхээс нь чөлөөлж, хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хэлмэгдүүлэх вий гэх үгийг ч дайж байгаа юм. Түүнчлэн өнөөгийн парламент өөрсдөд нь таалагдахгүй гишүүнээ Улсын Ерөнхий прокуророор дамжуулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж ирдэг шинэ жишиг тогтох вий гэж ч ярьцгааж байна. Хэрэв энэ үнэн бол эл үйл явц ганц Н.Номтойбаяраар дуусахгүй гэдгийг ч хэлж байгаа юм. 

Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Тэр парламентаас явсан ч улс төрөөс холдохгүй, тэмцэх болно гэдгээ ч мэдэгдлээ. Нөгөө талд түүний гэм буруутай эсэхийг шалгаж, тогтооход хууль, хяналтын байгууллагад ямар нэгэн саад, тотгор байхгүй болох нь. Одоо харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэм буруутай, эсвэл хэлмэгдүүлэв үү гэдгийг цаг хугацаа л харуулах нь. Тэр ч өөрөө бүгдийг цаг хугацаа харуулна гэдгээ хэлсэн билээ. Түүнчлэн тэмцэх чадвартай учир чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэж мэдэгдсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Су ах(24.254.182.119) 2020 оны 01 сарын 31

Тэмцэнэ гэдэг нь хүн амины хэргээс хахууль агч мултрах арга зам хайна гэсэн үг.Хэрэв гэм буруугүй болоод явчихвал нөгөө Жаргалсайхан нь хахууль авлаа гэсэн үг. Гараглгаа нь ийм амархан ш дээ . Хулгайч дээрэмчдийн үг худлаа байдаг.

0  |  0
Zochin(202.179.27.26) 2020 оны 01 сарын 30

Zondoo olon baar savand temtsee bizdee ho!

0  |  0
zochin(202.9.46.67) 2020 оны 01 сарын 30

uls turuus 1muaun holdoj ard irgedee aidas hvidesgvi bolgoloo iim hvn tur tvshine gej yu baihav dee nyalh Sengvm hutgagch

0  |  0
иргэн(202.70.34.70) 2020 оны 01 сарын 30

Өөртэйгөө тэмцээд ялаад ороод ирэхгүй юу доо. Чамд хамгийн их саад болж гай тарьж байгаа зүйл бол чи өөрөө л юм шүү дээ.

0  |  0
ЗОЧИН(192.82.70.211) 2020 оны 01 сарын 30

ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ ЯНЗ БҮРИЙН АРГА ХЭРЭГЛЭЖ ЯНЗ БҮРИЙН ААШ АЯГ ГАРГАЖ БАЙНА !!! ТАЛИЙГЧИЙГ АЛЬЯ ГЭЭГҮЙ Ч АГСАН ТАВИАД БООГООД ЦОХИОД УНАГАЧИХСАН БИЗ!!!

0  |  1
ЗОЧИН(192.82.70.211) 2020 оны 01 сарын 30

ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ ЯНЗ БҮРИЙН АРГА ХЭРЭГЛЭЖ ЯНЗ БҮРИЙН ААШ АЯГ ГАРГАЖ БАЙНА !!! ТАЛИЙГЧИЙГ АЛЬЯ ГЭЭГҮЙ Ч АГСАН ТАВИАД БООГООД ЦОХИОД УНАГАЧИХСАН БИЗ!!!

0  |  1
Zochin(202.55.188.42) 2020 оны 01 сарын 30

Zugeer l tsag hojij bna

0  |  0
Top