"Голомтын бүсээс монгол иргэдээ авчрах зардлыг Засгийн газраас гаргана"

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

Улсын Онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдааны үеэр Консулын газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Онцгой комиссын хуралдааны шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Юуны өмнө ажлын дэд хэсэг байгуулж, мэдээллийн уялдаа холбоог хангаж байх үүрэг өглөө. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж санхүүжилтэд хяналт тавихаар тогтлоо. Нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Халуун цэгүүдэд ажиллаж байгаа хилийн боомт, бусад байгууллагуудын ажилтнуудад шаардлагатай нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, эм бэлдмэлийн талаар тодорхой шийдвэр гаргалаа. Өнөөдөр гаргасан чухал шийдвэр бол гаднаас буюу голомтын бүсээс ирж байгаа иргэдийг тусгаарлаж, далд үеийг өнгөрсний дараа гэрт нь хариулах объект бий болгохоор шийдвэрлэлээ. Нийтийн тээврийн хэрэгслийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад анхаарна.

Удахгүй уламжлалт цагаан сарын баяр болно. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд цагаан сар нь өвчний цар хүрээг тэлэх боломж олгож болзошгүй гэж үзсэн учраас аль болох бэлтгэлтэй байх ёстой. Тиймээс цагаан сарыг өргөн хүрээнд бус гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж байна. Албан ёсоор хэлэхэд Монголд коронавирус орж ирээгүй байгаа. Гэвч төрийн болон хамт олны албан ёсны золголт хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Ер нь гуравдугаар сарын 2 хүртэлх хугацаанд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учраас цагаан сарын барилдааныг хориглох шийдвэр гаргаж байна.

Голомтын бүс нутаг БНХАУ-ын Ухань хотод 33 монгол иргэн байгаа. Хоёр нь ирэхгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн. 31 хүн ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Монгол Улсын зүгээс иргэдээ авахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Хятадын талаас нисэх зөвшөөрөл хэзээ өгнө тэр цагт тээвэрлэх, үзлэг хийх бэлтгэл хангасан. Холбогдох зардлыг Засгийн газраас гаргана.

Хятадтай хиллэдэг хилийн боомтоор орж ирж байгаа иргэдэд тавьж байгаа хяналтыг сайжруулж байгаа. Хятадад байгаа Монгол Улсдаа очъё гэсэн олон хүн ирсэн байгаа. Харин Эрээн болон бусад боомтод байгаа иргэдээ авахаар нэмж вагон, машин явуулж ажиллаж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(85.85.41.207) 2020 оны 01 сарын 31

Тэр ирэхгүй гээд байгаа 2 хүн чинь яачихсан хүмүүс вэ. Дахиж хэзээ ч гарч ирэх боломжгүй болох вий дээ яанаа

0  |  0
Top