Б.Явуухулан-Тайхар чулуу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 12

 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн  долоо хоногт туульсын нэгэн оргил Санжийн Пүрэвийн уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг  дэлхийн дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч Б.Явуухулангийн ертөнцөөр аялахыг урьж байна. 

 

Хүлэг минь, шүлэг минь

Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй

                                                                                                Б.Явуухулан

 

Тайхар чулуу

Тайхар чулуу тэнгэрээс унаагүй

Тайхар чулуу газраас ургаагүй

Ганц хүн өргөж тавиагүй

Галт уул тургиж шидээгүй

Хэзээ ч юм бэ, эрт урьдын цагт

Хэдийд ч юм бэ, элэнц хуланцын үед

Гунан бухыгаа сураар оосорлоод

Түмэн боол чирч явсан байж таарна.

 

Өнчин ишиг өвлөсөн цагаас

Өвөрлөж ирсэн өшөөс ч юмуу

Энх тунх сууяа гэтэл

Итгэл эвдсэн хорслоос ч юмуу

Хоёр омог хоорондоо эвдэрч

Хоёр хүчтэн нэгэндээ эрэлхэж

Хүн малын нуруу ядарч

Хүйс тэмтрэх гэж дайтсан байж таарна.

 

Ялсан баатар гавьяандаа эрэмшиж

Ялгуусан чадал араанд   нь   амтагдаж

Олзны   боолуудаар   уулыг   нураалгаж

Онгон   хөшөө   өөртөө   босгуулахаар

Хугацаа   товлон,   зарлиг   буулгаж

Хүн   ардын   нүдний   өмнө

Харь  газрын   түмэн   боолыг

Хадан  хясаа   руу  хөөсөн   байж  таарна.

 

Эзний   зарлиг   илдээс   хатуу

Эрхгүй   боолын   амь   үнэгүй

Харь   газрын   олзны   боолууд

Хадан   хясааг   хэмхчин   нурааж

Элгэн  хатуу  энэ   чулууг

Эзний  таалалд шилэн оосорлоод

Ахих  газрыг  сөөмөөр  хэмжиж

Арай чарай чирч явсан байж   таарна.

 

Бэл   газарт  хясаа  гэмээр

Тал   газарт  уул  гэмээр

Хүндийн  хүнд  энэ  чулууг

Хөөрхий боолууд чирч явахад   нь

Хугацаа   хожидлоо   гэж   эзэн  хилэгнэж

Хурц   илдтэй   бөөн   элч   илгээж

Гар   хоосон   харийн   боолуудыг

Газар  улайтал  цаазалсан   байж таарна.

 

Гар   хоосон  ч   олуулаа   болохоор

Гараа   нийлүүлбэл   хүчтэй   болохоор

Олзны   боолууд   бослого   гаргаж

Омогт  эзний   зарлигийг  сөрж

Догшин элчүүдийг  нь  янгинатал  хүлээд

Тайхар чулууг дээр нь  босгоод

Тамирын шугуйгаар  сал зангидаж

Талийж нутгаа   тэмцсэн  байж таарна.

 

Тайхар чулуу тэнгэрээс унаагүй

Тайхар чулуу газраас  ургаагүй

Ганц  хүн  өргөж тавиагүй

Галт  уул тургиж шидээгүй

Хэзээ ч юм бэ, эрт урьдын  цагт

Хэдийд ч юм бэ элэнц хуланцын үед

Гунан бухын сураар оосорлоод

Түмэн  боол  чирч явсан байж таарна!

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Марал(59.153.112.27) 2020 оны 12 сарын 30

Маш гоё :-bd

1  |  0
Top