ШИНЭ СУДАЛГАА: Нэг өрх Цагаан сараар дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргахаар байна

2020 оны 01 сарын 31

Сар шинийн баярын бэлтгэлээ базаахад монголчууд дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг болохыг Үндэсний статистикийн хорооны 2020 оны буюу шинэ судалгаанд үндэслэн танилцуулж байна.


 

Цагаан сарын баяр улсын эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлж байгааг харахын тулд Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний үзүүлэлт, Хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн индексийг түлхүүр үзүүлэлт болгон сонгон авснаа судлаач тодотгожээ.

 

Тухайн жилийн билгийн тооллын шинийн нэгний өдөр аргын тооллын хэдэн сарын хэдэнд тохиохоос хамааран эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл нь 1, 2 дугаар сарын аль алинд гардаг.

 

Учир нь бусад баяраас Цагаан сарын баярын ялгарах онцлог нь багагүй бэлтгэл ажил шаарддаг. Жишээ нь:

 

  • 2017 оны шинийн нэгэн 2 дугаар сарын 27-ны өдөр байсан учраас баярыг угтсан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний ихэнх зардал хоёрдугаар сард гарсан. 

 

  • 2018 онд 2 дугаар сарын 16-нд байсан учир баярын бэлтгэл ажил нэгдүгээр сараас хоёрдугаар сарыг дамнасан.

 

  • Харин 2019 оны шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-нд тохиож байсан учир баярын бүх бэлтгэл ажил нэгдүгээр сард хийгдсэн байх магадлалтай гэж судлаач үзжээ.

 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө, сар бүрийн эцэст, тэрбум төгрөг

 

Цагаан сарын баяраар ахмад настнаа хүндэтгэн золгохдоо гар хоосон золгодоггүй уламжлалын дагуу хадаг, торго зэрэг бэлэг, сэлт барьж золгодог байсан. Энэ уламжлалт бэлэг нь орчин үед “шинэ” мөнгөн дэвсгэрт болон солигдсон.

Үүнтэй холбоотой цагаан сарын баярын өмнө шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихсэх болсон. Нөгөө талдаа Монголбанкнаас гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 2017 оны 2 дугаар сард болон 2019 оны 1 дүгээр сард хамгийн өндөр байгаа нь цагаан сарын баяртай давхцаж байгаа юм. Үүнээс харахад Монголбанкнаас цагаан сарын баярын өмнө бусад саруудтай харьцуулахад илүү их бэлэн мөнгийг гүйлгээнд гаргадаг байна.


Арилжааны банкнуудын олгосон цалин, тэтгэврийн зээл, сараар, тэрбум төгрөг

Арилжааны банкуудын олгосон цалин, тэтгэврийн зээлийн сүүлийн 3 жилийн мэдээллээс харахад 2017 оны хоёрдугаар сард 508  тэрбум төгрөгийн зээл олгосон нь тухайн оны дундаж зээл олголтоос 40 хувиар илүү байжээ.

Харин 2018, 2019 онуудын хоёрдугаар саруудад олгосон зээлийн хэмжээ харгалзах жилүүдийн дунджаас доогуур байгаа төдийгүй 2017 онтой харьцуулахад 2018 оны хоёрдугаар сард 335.3 тэрбум төгрөг болж 34 хувиар, 2019 оны оны хоёрдугаар сард 97.7 тэрбум төгрөг болж 80.8 хувиар буурсан байна.

Эндээс дүгнэхэд ахмад настан болоод айл өрхүүд 2017 онтой харьцуулахад сүүлийн хоёр жилд цагаан сарын баяр тэмдэглэхээр цалин, тэтгэврийн зээл авах нь эрс багасаж байгааг харж болохоор байна.

Хэрэглээний үнийн индекс нь инфляцын түвшинг тодорхойлох, төрөөс санхүү, мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын цалин, тэтгэвэр, тэтгэмж бусад орлогын хэмжээг индексжүүлэх тооцооны гол үзүүлэлт болдог.

Тэгвэл Цагаан сарын баяр тэмдэглэх уламжлао  инфляцын түвшинд хэрхэн нөлөөлж байгааг тооцоолохын тулд хэрэглээний үнийн индексийн сар бүрийн өөрчлөлтийг сонгон авсан байна. Тэр дундаа цагаан сарын баярын салшгүй хэсэг бол идээ, шүүс, зоог байдаг учир хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өөрчлөлтийг нарийвчлан  дараах зурагт харуулжээ.

 

. Хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн индекс, сар бүрийн өөрчлөлт

Үүнээс харахад  цагаан сарын баярын бэлтгэл ажил ид өрнөж буй үед хүнсний бараа, ундаа, усны хэрэглээний үнийн өсөлт хамгийн өндөр буюу 2.7-3.4 хувьтай байна. Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтийн 30 орчим хувийг махны үнийн өсөлт эзэлдэг. Үүнээс үзэхэд цагаан сарын баярын үеэр иргэдийн хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгддэг учраас зах зээлийн хуулиараа үнийн өсөлт бий болж улмаар инфляцын түвшин нэмэгдэхэд хүргэдэг байна.

 

ЦАГААН САР БА ҮЙЛДВЭРЛЭЛ

 

Цагаан сарын баяр нь дотоодын үйлдвэрлэгчдийн, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд гол борлуулалтын үе гэж хэлж болно. Цагаан сарын баярын тавгийн идээ (хэвийн боов, ааруул, чихэр), баярын гоёлын хувцас (дээл), гарын бэлгийн (оймс) үйлдвэрлэл яг энэ үед хамгийн өндөр байдаг

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Дээрх хүснэгтээс харахад цагаан сарын баярыг угтан (1 болон 2 дугаар саруудад) 2017 онд 399.1 тонн хэвийн боов, 59.8 тонн ааруул, 22.6 тонн чихэр, 4.3 сая литр архи, 473.8 мянган хос оймс, 1113 дээл үйлдвэрлэж байсан бол 2019 онд хэвийн боов 480.1 тонн болж 20.3 хувиар, чихэр 26.6 тонн болж 17.8 хувиар, архи 4.6 сая литр болж 5.3 хувиар, оймс 891.5 мянган хос болж 88.2 хувиар, дээл 18 433 ширхэг болж 16.5 дахин нэмэгджээ.

Харин ааруулын үйлдвэрлэл 2019 онд 57 тонн болсон нь 2017 оноос 4.6 хувь буурсан байна. Жил бүрийн цагаан сарын дараа буюу гуравдугаар сард дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэл эргэж буурч байгааг харж болохоор байна.  Эндээс монгол дээл, тэрлэгийн үйлдвэрлэл нэлээдгүй анхаарал татаж байгаа ба дээлийн үйлдвэрлэлийг сүүлийн гурван жилийн сар бүрээр задлан харвал “Цагаан сарын баяр” болон “Үндэсний их баяр наадам”-ын үеэр буюу жил бүрийн нэг, хоёр, зургаа, долоодугаар саруудад үйлдвэрлэл эрчимждэг нь харагдаж байна.

 

Монгол дээлийн үйлдвэрлэл, сараар, ширхэг

ЦАГААН САРЫН ИДЭЭ, ГАРЫН БЭЛЭГ

Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна.

Энэ судалгаанд Үндэсний Статистикийн хорооны хэрэглээний бараа, үйлчилгээний нэр төрөл, зах зээлийн дундаж үнийн сар бүрийн мэдээллийг ашиглан Цагаан сарын баярын идээ болон гарын бэлгийн нийт үнийг тооцоолон доорх зураг, хүснэгтүүдэд харууллаа.

Нэг өрхийн бор идээний хэрэглээ 2020 онд дунджаар 499.8 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 56 хувийг хонины ууцны зардал эзлэхээр байна.

 

Өрхийн бор идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, зах зээлийн дундаж үнэ

 ,

Тооцооллоор 2020 оны цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 799.0 мянган төгрөгийн зардал гарах бол үүнээс 499.8 мянган төгрөг буюу 62.6 хувь нь бор идээний, 299.2 мянган төгрөг буюу 37.4 хувь нь цагаан идээний зардалд зориулагдахаар байна.

 

Нэг өрхийн цагаан идээний дундаж хэрэглээ, бүтээгдэхүүний төрлөөр, тоо хэмжээ, зах зээлийн дундаж үнэ

Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-27  мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 1 сая 50 мянган төгрөг зарцуулахаар байна.

Гарын бэлэг дотроо олон янз бөгөөд урьд цагт хамгийн хүндтэй хүндээ ар сайтай торго дурдан, алт, мөнгөн эдлэл, сор сайтай ангийн үс, судар ном сэлтийг есөн цагааны бэлгийн хамт барьдаг байжээ. Хэдийгээр цаг ирэх тусам бэлэг барих ёсон өөрчлөгдөж байгаа ч эртнээс нааш 6 уламжилж ирсэн хадаг, торго, аяга, цай нь нэн хүндэтгэлтэй бэлэг хэвээр байна. 

 

Гарын бэлэг, бүтээгдэхүүний төрлөөр, зах зээлийн дундаж үнэ

Сүүлийн жилүүдэд монголчууд үндэсний хувцас дээлээрээ гоёх хандлага нэмэгдсэнээр цагаан сарын үеэр дээлийн үйлдвэрлэл, борлуулалт эрс нэмэгдэх болсон. 2020 оны 1-р сарын байдлаар Нарантуул зах дээр борлуулагдаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүний дээлийн үнэ 120-250 мянган төгрөг байгаа бол хос дээлийн үнэ 250-450 мянган төгрөгийн үнэтэй.

Харин хүүхдийн дээл 75-100 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Монгол Улсын нэг өрх дунджаар 3.7 гишүүнтэй байдаг ба нэг өрхийн баярын гоёлдоо зарцуулах зардлыг ам бүлийн тоотой уялдуулан тооцвол нэг өрх дунджаар 377.5 мянган төгрөг зарцуулахаар байгаа аж.

Дээрх гурван төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ, гарын бэлэг, баярын гоёлын нийлбэр дүнгээр нэг өрх 2020 оны цагаан сарын баярт дунджаар 2.2 сая төгрөгийн зардал гаргахаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top