ТОЙМ: Н.Номтойбаяр парламентаас явж, намрын ээлжит чуулган хаалтаа хийв

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 02

Нэгэн долоо хоног шувтарч байна. Өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн хүрээнд олон үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Монгол Улсын хилийг хаах шийдвэрийг гаргалаа. Үүнээс гадна үндэсний их баяр наадмаар бөх барилдуулахгүй, төрийн золголтыг хориглолоо. Энэ мэт улс төрийн хүрээнд олон үйл явдал болж өнгөрлөө. 

-УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХӨШГӨӨ ХААВ-

УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийлээ. Намрын ээлжит чуулганыг хааж УИХ-ын дарга үг хэлэв. Тэрбээр "УИХ-ын эрхэм гишүүдээ 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаан дахь намрын отгон чуулган өндөрлөж байна. Энэ чуулган бүхий л үзүүлэлтээрээ түүхэн гэж хэлж болохоор шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллаа. Үнэн хэрэгтээ өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 11 сар завсарлагагүй хуралдлаа. Энэ бол өнгөрсөн парламентын 28 жилийн хугацаанд гараагүй тохиолдол. Намрын чуулган 86 өдөр үргэлжилж, 32 удаагийн нэгдсэн хуралдаан, 119 удаагийн байнгын болон дэд, түр хороодын хуралдаан болсон байна. 154 хууль, 51 тогтоол баталлаа.

Нөгөө талаар чанар агуулгын хувьд ч УИХ түүхэн гэж болох сэтгэл, цаг хугацаа зориулан байж олон чухал хууль баталлаа. Монгол Улсын Үндсэн хуульд энэ парламент өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын түүхэнд тод үсгээр бичигдэх болно. Улсын төсвөө баталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг томоохон хуулиудыг баталсан байна. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталлаа. Баялгийн үр шим монгол хүнд хуваарилагдах учиртай. Ингэснээр ахмад буурлууд маань зээлийн дарамтаас бүрэн чөлөөлөгдөх боллоо. Цаашид баялгийн санг хуримтлуулж хөгжил дэвшилдээ зарцуулах учиртай. Энэ онд Ирээдүйн өв санд нэг их наяд төгрөг хуримтлагдах учиртай. Мөн иргэдийн тэтгэврийг нэмэгдүүллээ. Бас Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж, гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангахаар болсон. Гэрээг сайжруулах ёстой. Монголын баялгийг ашиглаж байгаа бол Монголын эрх ашиг эн тэргүүнд тавигдах учиртай. Шийдвэрийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж байна.

2020 он их бүтээн байгуулалтын жил байх болно. Шударга ёс, хууль, ард түмэн засагладаг сайн цаг сэвэлзэх учиртай. Монгол Улс ФАТФ-ийн саарал жагсаалтаас нэн даруй гарах ёстой. Энэ чиглэлээр УИХ ихээхэн чармайлт гаргаж ажиллаж байгаа. Холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр бид олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Эрхэм гишүүдээ титэмт вирус дэлхий дахиныг түгшээсэн цаг үед УИХ завсарлаж байна. Тиймээс шаардлагатай тохиолдолд зөв шийдвэр гаргахад бэлэн байх ёстой. Энэ дашрамд иргэддээ хандаж бат цул нэгдэлтэй байхыг уриалж байна" гэсэн юм.


-УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ-

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Уг нь, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч, түүнийг нь хэлэлцэх байсан ч чуулганы хуралдаанд Н.Амарзаяа, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Я.Содбаатар, Сү.Батболд, Д.Ганболд, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, О.Содбилэг, Ундраа, Б.Энх-Амгалан, Ж.Батзандан, Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Г.Солтан, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Наранхүү, Ш.Раднаасэд, М.Билэгт, Л.Мөнхбаатар, Д.саранчимэг, Г.Тэмүүлэн, Ц.Цогзолмаа, М.Энхболд нарын гишүүд орж ирээгүй юм.

Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх боломжгүй болсон. Оронд нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан тогтоолын төслийг олонхийн саналаар баталж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Ингэснээр Н.Номтойбаярын гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь сэргээх юм. 


-ГУРАВДУГААР САРЫН 2-НЫГ ХҮРТЭЛ МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙГ ХААЛАА-

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргалаа. Хил хаах асуудал дээр Засгийн газрын гишүүд санал нэгджээ. Коронавирусийн дэгдэлт улам бүр нэмэгдэж байгаа учраас БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудыг хаах нь зөв гэж үзсэн байна. 

Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 02 хүртэлх хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглолоо.Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм. БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 06 хүртэл бүх боомтоор,  үүнээс хойш 2020 оны гуравдугаар сарын 02 хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулна.Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаалаа. 

Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй. Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм. Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй юм. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас шинэ коронавирусын өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.


-АН-ААС БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫГ ХААХЫГ ШААРДАВ-

УИХ дахь АН-ын зөвлөл өнгөрсөн даваа гарагт /2020.01.27/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудалд байр сууриа нэгтгэжээ.Тус зөвлөлийн гишүүд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны хэрэгт холбоотой асуудлаар прокурорын байгууллага бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн тул Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрийг дэмжиж, оролцохоо мэдэгдлээ.

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн хуваарилах эсэх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Бид нийслэлийн мандатыг цөөлөхгүй байх шаардлага хүргүүлсэн. Тэр байр сууриндаа хэвээр байна" гэв. Үүнээс гадна АН-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа коронавирусийн мэдээллийг сонссон байна. Энэ талаар хэлэхдээ Улаанбаатарын төвлөрлийг сааруулах шаардлагатай гэв. Баар цэнгээний газрын үйл ажиллагааг хаах хэрэгтэй гэж үзжээ. Мөн оюутнуудыг орон нутагт нь явуулах шаардлагатай гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top