УИХ-ын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Н.Хүдэрчулуун, Т.Цэрэнбадрал нарыг томилсон. Шинээр томилогдсон орон тооны гишүүд ажлаа хүлээн авчээ. Ажлаа хүлээн авсан гишүүдийг танилцуулъя.
Т.Цэрэнбадрал 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Төрийн удирдлагын болон Бизнесийн удирдлагын магистр цолтой. Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, СЗХ-ны Үнэт цаасны газарт хянан шалгагч, орон тооны бус зөвлөх, Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 9 дүгээр сараас “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан.
Н.Хүдэрчулуун 2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. 2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг, 2012 онд Нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга болон Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )