Мах гадаадад үнэгүйдсэн нь...
Монгол Улсын бараг ганц худалдан авагч нь БНХАУ байдаг гачлантай зүй тогтол бий. Тэгвэл манай адуу, ямаа, хонины махыг БНХАУ-ын Эрээн хотод өнөөгийн Улаанбаатарын захууд дээрх шиг үнээр худалдан авч байна. Мах бэлтгэн экспортолдог хэдэн компани бүр үгээ барчихжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар өнөөдөр 160-аад машин мах Эрээн хотод худалдан авагчгүй шахам гацчихаад байгаа аж. Нэг машинд 25 тонн мах ачсан гэнэ. Дийлэнх нь хилийн хорио цээртэй өвчин тусдаггүйгээрээ адууны мах юм байна. Үлдсэн нь үхэр, ямаа гол төлөв. Гэхдээ үхэр, ямааны махыг манайхаас дулааны аргаар боловсруулаад буюу товчхондоо чанаад гаргадаг. Ингэж боловсруулахад кг мах бараг 400 грамм болтлоо хөнгөрдөг гэж байгаа. Өнгөрсөн жил дотооддоо махны үнийг барихын тулд мах экспортлох тендерийг ХХААХҮЯ-наас зарлахгүй дүлэгнээд байж. Тэгж явсаар арваннэгдүгээр сарын эхээр тендерээ зарлаж 27 мянга орчим тонн адууны мах, 12 мянган тонн ямааны мах, найман мянган тонн үхрийн мах гэх мэт зөвшөөрөл олгосон байна. Энэ тендерийг хүлээж байсан компаниуд зөвшөөрлөө авсан даруйдаа бөөнөөрөө урагш нь мах гаргасан байгаа юм. Нэг дор бараг 300-н ачааны машин малын мах Эрээнд очсон юм уу даа.
Харин Эрээнд Монголоос ирсэн махыг аваад Хятад даяар борлуулдаг зургаахан ченж байдаг аж. Тэд хоорондоо үгсэн хуйвалдаад манайхаас очсон махыг худалдаж авалгүй, зориудаар үнийг нь өдөр өдрөөр унагаж байгааг мах бэлтгэдэг компаниуд хэлж байгаа. Гурван өдрийн өмнө тэнд очсон адууны мах кг нь 32 юанийн үнэтэй байж. Хоёр өдрийн өмнө 30 юань, өчигдөр 28 юань болжээ. Ийм үнээр ч болтугай аваачсан махаа борлуулчих гээд компаниуд царай алдаад сууж байгаа юм. Адууны ястай мах өчигдөр “Бөмбөгөр” худалдааны төвд 9500 төгрөгийн үнэтэй байсан. 28 юань гэдэг 400 төгрөгөөр бодоход 11200 төгрөг гэсэн үг. Дахиад үнэ нь доошилсоор байвал ашиг гарахаасаа илүү алдагдалд орох нөхцөл л дөө. Ерөнхийдөө манайхаас очсон махны үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш тувт уруудаж байгаа гэнэ. |
Яагаад гадагш нь гаргах махны үнэ нэмэгддэгийг багахан тайлбарлах нь зөв байх. Хөдөөгүүр явж малчдаас мал авдаг хэсэг хүн бий. Махны ченжүүд “брокер” гэж нэрлэдэг юм билээ. Тэд цуглуулсан малаа ченжүүдэд тушаадаг. Ченжүүд нядалгааны газарт оруулж гаргасан зардлаа шингээсэн шинэ үнэ тогтооно. Түүнийг нь мах экспортолдог компаниуд худалдаж авна. Шаардлагатай бол дулааны аргаар боловсруулна. Дараа нь урд хөрш рүү явуулах тээврийн зардал нэмэгдэж гарна. Энэ дамжлага болгон өөрийн гэсэн өртөгтэй. Сүлжээний оролцогч бүр өөрийнхөө ашгийг авч таарна. Гэхдээ хамгийн зовлонтой нь бүгд эцсийн худалдагч буюу мах экспортолсон компанийн мөнгийг эргүүлж нэг нэгэндээ өгөх тохироогоор зээлийн дараалалд орчихсон байдаг. Өнөөдөр Эрээнд байгаа зургаан хятад ченжийг хараад энэ бүтэц тэр чигтээ өрийн хэлхээсэнд байгаа юм. Хүү, алданги гэдэг юм ч явж өгнө дөө. Дам дамаа тавьсан өр нь одоо хууль, шүүхэд очихдоо тулж мах хүргэсэн компаниуд нь хэдээр ч хамаагүй зарахад бэлэн сууж байгаагаа хэлж байна. Дээр нь дахиад тендер зарлавал урагш нь гаргахаар цуглуулж бэлтгэсэн олон мянган тонн мах Улаанбаатар хот тойрсон агуулахуудад байгаа аж. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сард дахиад тендер явуулах ёстой байсан бололтой. Мөн л махны үнэ нэмэгдэхээс сэргийлж хариуцсан хүмүүс нь булзсаар байтал дэлхий нийтийг цочроогоод байгаа коронавирусын дуулиан эхэлчихжээ. Засгийн газар ямар ч байсан гуравдугаар сар гартал мах экспортлох тендерийг зарлахгүй. Хилээ хүртэл хаачихсан юм чинь өөр яах вэ дээ.
Мах манайд үнэгүйдсэн нь...
Уг нь манайд нэг үеэ бодвол адууны мах гаргадаг 12, хонь, ямаа, үхрийн махыг дулааны аргаар боловсруулж гаргадаг 19-н албан ёсны эрхтэй, стандарт шаардлага хангасан компани бий болжээ. Харамсалтай нь, бараг ганц худалдан авагч нь Хятад. Тэр тусмаа дээр дурдсан зургаан хүн. Мах боловсруулах үйлдвэр, нядалгааны газрын ажилтнуудын амьдрал ахуйд хэрэгтэй гэж нурших бол бага зүйл. Үнэндээ, байгалийн баялгаас гадна манайд үнэ хүрчих юм гэвэл уламжлалт мал аж ахуй маань байна. Гэхдээ энэ салбарт хөгжлийн үнэр ч байдаггүй ээ. Учир нь, бид далан сая малтай, гурван сая хүнтэй. Ийм байхад мах хямдхан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Малчид гэж сошиалд үзэгддэггүй бүлэг, ченжүүд гэж бас нэг дүмбийсэн хараалын бай байх. Идэж байгаа хотынхон нь үнэтэй байна гэж цамнаад л. Төрийн эрхэнд гарсан аливаа нам махны үнэ нэмэгдэхээс үхтэлээ айна. Тийм болохоор ч өнгөрсөн жил тагнуулын байгууллага хүртэл нөөцөлсөн мах илрүүлснээ зарлаад сүйд болж байлаа. Манай улсын дийлэнх иргэдийн амьдрал ахуй тааруу байгаа нь үнэн. Гэхдээ бид өөрсдийнхөө орлогын түвшинтэй харьцуулж хараад махныхаа үнийг дэндүү муухай унагаж байгаа. Эдийн засгийн утгаараа ч энэ бол амиа хорлолт мөн. Тэгж ярих юм бол махны үнэ өслөө, өслөө гээд бусдаас илүү өссөн нь хаана байна. Бид л энд мах үнэтэй байна, хоногийн хоолоо арай ядан хүргэлээ гээд байгаагаас биш тэгтлээ үнэ орсон юм байхгүй шүү дээ. 2010 оны хоёрдугаар сарын статистикаар үхрийн ястай мах 3400 төгрөг байж. Өчигдрийн ханшаар бол үхрийн ястай мах “Хүчитшонхор” зах дээр 9500 төгрөгийн үнэтэй байсан. 2010 онд хувийн дээд сургуулийн жилийн төлбөр 500 мянган төгрөг байлаа. Өнөөдөр бол хоёр саяас л эхлэнэ шүү дээ. Хүмүүсийн цалин энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг ч анзаарах нь зөв байх. Бид “Хэдий цалин өссөн ч инфляц нэмэгдсэн болохоор худалдан авалтдаа зарцуулаад өмнөхөөсөө ялгаагүй л дуусаж байна. Цалингийн чанар сайжирсангүй” гэж ярьдаг. Ялгаагүй малын махны үнийн чанар ч сайжраагүй л байхгүй юу. Дагаад малчдын амьдрал ахуй олигтой өөдөлсөнгүй. Уг нь Монголын юу үнэтэй байх ёстой вэ гэвэл мах л үнэтэй байх ёстой юм. Өөр бидэнд дэлхийд гайхуулах юу байна аа. Нүүрс, зэс гэдэг чинь манайд ганцхан байдаг эд биш. Хил гараад хоёр хөршид ч өчнөөн орд бий. Бидний брэнд бол хариулгатай, бэлчээрийн мал аж ахуй юм. Хагас зэрлэг ийм малын мах бол хараа хяналттай ангийн мах л гэсэн үг.
Өнөөдөр улс орны төсвийн 90 гаруй хувийг уул уурхайн орлого бүрдүүлж байна. Харамсалтай нь, уул уурхайн баялаг шавхагддаг. Бас уул уурхайн орлогын ашиг тус яг иргэдийн амьдралд тусгалаа олж байна уу гэдэг маргаан олон жил үргэлжилж байгаа. “Нүүрсчдийн нам”, “30 гэр бүл”, “МАНАН бүлэглэл” гэх нэр томъёонууд чухам үүнээс эхтэй. Харин мал аж ахуй бол төлждөг баялаг. Нүүдэлчдийн удам гэдэг утгаараа бид үүх түүхээрээ баяжуулаад өөрийн орны хагас зэрлэг байдлаар өсгөдөг бэлчээрийн мал аж ахуйгаасаа гарсан махыг дэлхийд сурталчилбал жинхэнэ брэнд гэдэг юм чинь үүснэ. Түүнээс үйлдвэрлэгч Хятад улс урд байхад оймс, пальтогоор өрсөлдөнө гэж байхгүй. Оростой нүүрс, байгалийн хийгээр өрсөлдөх аргагүй. Япон, Америктай технологиор, Солонгостой кино урлагаараа тэнцэж чадах уу. Мөнгө олох гол суурь нь бидэнд байгаа мал аж ахуй юм. Хэрэв олон улсад манай махны үнэ цэн өсвөл өрх бүрийн амьдралд нөлөөгөө үзүүлнэ. Хотод сая гаруй хүн байна гэж байгаа ч тал илүүгийнх нь ах дүү, аав ээж нь хөдөө мал дээр байдаг ийм л орон шүү дээ. Австралийн пиво уудаг үхрийн мах кг нь 70 доллараас эхэлж байгаа. Байшинд хоригдсон үхэр тийм үнэ хүрч байхад бэлчээрийн сайн, өвсний сорыг түүн идээшилдэг монгол малын мах эндээ ч, гадаадад ч сонгино, манжингийн үнэтэй бараг ижил байгааг юу гэж ойлгох вэ. Арьс шир нь аятайхан даавуун уутны үнэд ч хүрэхгүй байна. Яг одоо гэхэд Эрээнд 160 машин мах улам үнэгүйдэхээ хүлээгээд хэвтэж байгааг эргээд сануулъя. Бид өөрсдөө ингэж дотооддоо дорд үздэг болохоор бидний барааг гадна талд ч тоохгүй байгаа юм.
БОЛОМЖ
Хаяанаас эхлээд л байна даа. Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хурлын дараа ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "Нөхцөл байдал ярвигтай болж байна. Коронавирусын халдвар хоног хоногоор өсч байгаа. Халдвар авсан хүний тоо хоногт 1000-аар, нас барж буй хүний тоо 60 орчмоор нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ халдвар оргил үедээ хүрч байна гэж дүгнэж байгаа. Мөн БНХАУ-д шувууны томуугийн өвчин илэрсэн. Тиймээс тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргалаа” гэж байна лээ. Хятад тахианы махнаас ганц манайх цээрлээгүй байх. Энэ бол урд хөршид маань хүнсний асуудал үүсэж болохын дохио. Үгүй юм гэхэд тэндээс тахианы мах импортолж авдаг бусад улс орнуудад бид менежмент хийж чадвал өөрийн орны махыг танилцуулах боломж гэж харах ёстой. Коронавирус дэлхийг түгшээхээс өмнө гахай, шувууны ханиад Зүүн өмнөд Азийн орны хүмүүсийг бараг жил бүр түгшээсэн юм. Үхэл хагацал нь ч аймар. Харин малын махнаас ингэтлээ олноороо хордож, сүйрч байсан бил үү. Одоо л бидний хөдлөх цаг. Швейцарь цаг, Итали цүнх, Бельги бяслаг, Польш ногоо гэдэг шиг Монгол малын мах гэж байх ёстой. Яг л Япон технологи, Герман чанар, Солонгос кино шиг. Энэ бидний мөрөөдөл юм. Турк улсын дарга нар миний мэдэхээр сүүлийн арваад жил наашаа цувахдаа ганцхан “Туркиш Эйрлайн” компанийн нислэгээ л манай томчуудад санал болгож байсан. Өнөөг хүртэл Монголд оруулсан хөрөнгө оруулалт бараг түүнийх нь лобби байсан байх шүү. Үр дүнд нь өнөөдөр Монголоос Турк руу долоо хоногт гурван нислэгтэй болчихоод байж байгаа. Манай агаарын тээврийг одоо олон улсын өөр компаниуд булаацалдаж чадахгүй. Турк өөрийнхөө авиа компанийг ингэж дэмжиж байгаа юм. Эргээд дэлхийг хэрсэн тэр компани улс орондоо хувь нэмрээ оруулаад, нэрийн хуудас нь болоод явж байна. Бид Монгол брэндээ юу гэж харж байна вэ. Малынх нь мах Эрээнд зуу зуун ачааны машинаараа үнэгүйдээд хэвтэж байхад тоож байгаа хүн байна уу. Удахгүй болох сонгуулиа л харж байгаа байх. Махны үнээс айгаад байх юм бол Монгол Улсад маань хөгжил ирэхгүй ээ. Дотооддоо үнэ нь хэт өсөлт багатай, гадна талд худалдаж авахыг тэмүүлсэн олон хамтрагчтай болчихвол ч...
Сэтгэгдэл ( 13 )
Улсаас Арабын Эмират гэх мэт мах өндөр үнэтэй зарагддаг улс руу экспортлох боломжийг бий болгох хэрэгтэй, манайд ирж хонины мах ихээр бэлтгүүлдэг иран улсын хүмүүс нутагтаа авж очод цаашаа экспортолдог гэж байх юм, манай ХАА яаманд бас Саудын Арабаас мах авах сонирхолтой байгаа гэх бичиг ирүүлсэн тэрийг нь ажил болгоод хөөцөлдвөл болохгүй юм байхгүй бол уу?
Улсаас Арабын Эмират гэх мэт мах өндөр үнэтэй зарагддаг улс руу экспортлох боломжийг бий болгох хэрэгтэй, манайд ирж хонины мах ихээр бэлтгүүлдэг иран улсын хүмүүс нутагтаа авж очод цаашаа экспортолдог гэж байх юм, манай ХАА яаманд бас Саудын Арабаас мах авах сонирхолтой байгаа гэх бичиг ирүүлсэн тэрийг нь ажил болгоод хөөцөлдвөл болохгүй юм байхгүй бол уу?
Ерэн бол мах аа үнэтэй зарах нь улсын эдийн засагт маш хэрэгтэй, малчид аад мөн маш хэрэгтэй. Дэлхий дээр ганц байгаа ийм онцлог оо зөв сурталчилж, High Class бараа бүтээгдэхүүн гэдгийг ойлгуулж Японы wagyu Австралийн angus шинэ зэланд хонины гэх мэт тэй адил өндөр үнэтэй зардаг байвал эдийн засаг мөн ард иргэдэд л хэрэгтэй. Ийм нэр төртэй бараа болж чадвал хятадаас бусад оронд ч гуйж үнэ өсгөж авдаг байх болно, тэгэхдээ л махны хамгийн том зах зээл хятад. Биднар мах аа авж чадах аа байчихна гээд үнэ ээ хүчээр буулгаад байх юм бол махаараа эдийн засагт нэмэр болно гэж байхгүй.
ҮХСЭН БААС, МОНГОЛЧУУДЫНХАА ИДЭХ МАХЫГ ҮНЭД ОРУУЛЖ ХОМСДУУЛАН БАЙЖ ГАРГАЖ БАЙГАА МАХ ЧИНЬ ЭРЭЭНИЙ ХЭДХЭН ЧЕНЖЫН МЭДЭЛД БАЙГАА БОЛ МАХ ЭКСПОРТОЛНО ГЭЖ ДОНГОСОХЫН ХЭРЭГ ЮУ БАЙНА. ӨЧНӨӨН ХОЛООС ТЭЭВЭРЛЭЖ АВААЧСАН МАХАА ҮНЭ ХҮРГЭЖ ЗАРАХ ГЭЭД ХЭДХЭН ХЯТАДЫГ ЦАРАЙ АЛДАЖ СУУХААР ЗҮГЭЭР БАЙСАН НЬ ДЭЭР.
Ёстой хуцдаг сэтгүүлч тбайх нь ээ дээ. Монголчуудын хамгийн дуртай махны үнийг нэмнэ гэдэг нь ёстой голионы баас байхгүй юу даа. зөвхөн махны ченж, наймаачдын эрх ашгийг бодсон ухаан байна. Ард түмнээ өлсгөж алъя гэсэн сурталчилгааны хятад ухаан гаргаж байна. Муу сэтгүүлч хятадын эрлийз биз дээ.\n
tgd 30jil uschuud hugjuud bgaa tsaraini ene vv,,,bertegchingvv,,HAAYAM gj manuuhainuud...,turiin ordondoo tgvl mahaa zaraach..
Үнэндээ махны үнэ өсөж байж л улсад хэрэг болно. Зөв хөндсөн байна. Хятад гэлтгүй яаж л зарах боломж байна зүтгүүлэх хэрэгтэй
за тиймээ тийм Махны Үнэ өсөхгүй бол Монгол улс хөгжихгүй юм гэнэ дээ, Ёстой Тархи угаалт гэж энийг л хэлнэ байх дөө,
Махаа эх орон, ард түмэнд биш хятадад тал засч бариад гүйсэнсэн хогшин. одоо үнэгүй өгсөнч хятад авахгүй гэж гүрийж өмхийрүүлэн сууж бай.\n
Энэ бичилт тархи угаалт байна, ямар ч улс дотоод зах зээлээ хамгаалдаг. Дотооддоо иргэддээ хямд бараа, тавтай үйлчилгээ, амьжиргааны сайн нөхцөл бий болгохыг зорьдог. Дотоод бараа таваарын үнэ гадаад зах зээлийн үнэтэй адил байх албагүй.
Ёстой зөв санал байна, үйлдвэрлэдэг ганц юмаа гадагш нь үнэтэйхэн гаргахын тулд дотооддоо ч үнэтэй байлгах хэрэгтэй. Бидэнд л орох мөнгө
tegeed butsaagaad oruulaad ir l dee end zooind baij bgaad xavar dotooddoo zar l daa ashiggui bgaa bol
Тэгээд хэнд хэдээр зарах гэрээгүй зүгээр л хилээр гараад явчихдаг юм уу? Үнэмшилгүй сонсогдож байна.\n