ОЛОН ӨНГӨ: Уншихаа боливол сэтгэхээ болино

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Ахлах ангид байхдаа “Танихгүй эмэгтэйн захидал” номыг уншаад сэтгэл их хөдөлж билээ. Удаагүй тэр номоор кино хийж, зохиолынх нь хаанаа ч хүрэхгүй киног дэлгэсэнд сэтгэлд эмзэглэл төрж байв. Ямар нэг сэжмээр зохиолчтойгоо холбогдож, уншигчаа мэдэрсэн юм шиг бичдэг зохиолчдын бүтээлд дуртай. Ялангуяа яруу найраг хөг аялгуулаг, нүдээр унших, уншиж байна гэж сэтгэлдээ төсөөлөхөд сэтгэлд хөндүүр нүдэнд нулимс цийлгэнэх эсвэл дэндүү гэмээр аз жаргалтай болж, ертөнцийн юм бүхнийг хайрламаар эсвэл дурлах шиг тийм сайхан бүтээлүүд бий. Оюутан байхдаа Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас салж өгдөггүй хүүхэд байж, нэг мэдэхэд номын санд очоод тайвширч, номын санд очиход нэгэн төрлийн аз жаргал мэдэрдэг болсон байлаа. Тэр үетэй харьцуулахад одоо уншихаа больжээ.

Яагаад уншихгүй байна вэ гэдгээ тунгаан бодоход хамгийн түрүүнд уншихгүй бол сэтгэхээ болихыг саналаа. Ном уншихад янз бүрийн санаа толгойд эргэлдээд дэмий тэмдэглэж аваад явдаг байснаа бүгдийг нь цуглуулсан бол ядаж охин минь том болоод уншвал өв хөрөнгө болох байсан мэт. Одоо би охиндоо бичих санаа төрвөл бичээд л байгаарай гэж хэлнэ. Бичдэг бол унш гэж хэлнэ. Уншихгүйгээр судлахгүйгээр эрэл хайгуул хийхгүйгээр хөг аялгуу үгүй сэтгэлээр зохиол туурвих хэрэггүй гэж хэлнэ. Энэ байдал өнөөгийн нийгэмд алдагдсан учраас хэрэгтэй, хэрэггүй олон ном дунд бид төөрч байна.

Уншиж сурч байгаа хүүхдүүдийн унших сонирхлыг нухчин дарахаар муу номууд байх юм. Уншдаг хүн мэдэж, уншдаг хүн сэтгэж, уншдаг хүн бичиж, уншдаг хүн аз жаргалтай байх учиртай. Бид автобусанд ном барьж яваа хүнийг хараад гайхах хэмжээнд, гудамжны номын санг сүйтгэх хэмжээнд хүрчээ. Тийм болохоор гэр бүлээрээ ном унших өдөр гэдэг өдөртэй болоосой. Түүнээс үүдээд нэгэн сайхан гэр бүлд ном, сонин захиалж уншдаг соёл тогтоосой гэж хүснэ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hyargas2012@yahoo.co(202.9.46.68) 2020 оны 02 сарын 10

Би тантай санал нэг байна.

0  |  0
зочин(49.0.212.200) 2020 оны 02 сарын 10

алс баруун хязгаарын хөдөөний охин нэр нэгтэйномын санч эгчийн ажилд тусалж номын сангаас салахгүй өнждөг байж билээ,хувь заяаны эргүүлэг 5р ангийн жаахан охин намайг аймгийн төв рүү эгчдээ туслах нэрээр явуулсан тэр цагаас өөрчлөгдсөн юмдаа,хэрвээ би шилжиж яваагүй бол,,,,

1  |  0
Top