Элчин сайд Цай Вэньруй: Монгол нөхдийн сайхан сэтгэлд талархал илэрхийлье

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй шинэ төрлийн коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ Хятад, Монголын харилцааны хөгжил, "Нэг бүс нэг зам" санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдаа холбоо зэрэг асуудлаарх Монголын талын сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Элчин сайд Цай Вэньруйн яриаг эхээр нь хүргэж байна. 



Өдгөө Хятадын ард түмэн халдварт өвчний эсрэг хатуу тэмцэж байна. Ши Жиньпин дарга биечлэн удирдан зохион байгуулж, Ли Көчян Ерөнхий сайд өвчний тархалттай тэмцэх төв ажлын хэсгийг удирдан бүх талын ажлыг зохион байгуулж, улс орон даяар тархалттай тэмцэх нэгдсэн системийг шуурхай байгуулан хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг аван ажиллаж байна.

Эдгээрийн олон арга хэмжээ "Олон улсын эрүүл мэндийн дүрэм"-ийн шаардлага болон ДЭМБ-ын санал зөвлөгөөнөөс хавь илүү давсан. Өвчний тархалтын нөхцөл байдал хүнд, ээдрээтэй байгаа ч урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй ахицтай байна. Вирусийн эсрэг вакцин гаргаж авах судалгааг эхлүүлсэн бөгөөд тусгаарлах эмнэлгийн барилгын ажил дуусаж эмнэлэг ашиглалтад ороод байна. Уг өвчнөөр халдварласан хүний тоо олон байгаа ч Хятадад халдварын улмаас нас барах магадлал маш бага буюу 2% байна. Энэ магадлал Эбола, H1N1, Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS), Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж (MERS) зэрэг халдварт өвчнүүдтэй харилцуулахад харьцангуй бага аж. Одоогоор уг халдвар эдгэрсэн тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд нөхцөл байдал өөрчлөгдөж сайнаар эргэнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төвлөрсөн зөв удирдлагатай, Хятадын онцлогтой социализмын том асуудлыг төвлөрсөн хүчээр шийддэг тогтолцооны давуу талтай, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын өндөр хөгжилтэй, бүх ард түмний эв нэгдэл, олон түмний эр зоригоор урагшилдаг оюун санааны эрч хүчтэй байна. Бидэнд энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, даван гарах итгэл, чадвар мөн нөөц бололцоо ч байгаа.

Урьдчилан сэргийлэх тал дээр Хятад улс юуны өмнө ард түмнийхээ амь насыг, эрүүл мэндийг хамгаалах хариуцлагаа биелүүлж, үүний зэрэгцээ дэлхий дахины эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Хятадын Засгийн газар өвчний тархалт үүссэн цагаас эхлэн нөхцөл байдалд нээлттэй, ил тод, үүрэг хариуцлагатайгаар хандаж, дотоод гадаадад тархалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж ирсэн. Мөн ДЭМБ-д өвчний тархалттай холбоотой нөхцөл байдлыг хамгийн түрүүнд мэдэгдэж, вирусийн генийн дарааллын талаарх мэдээллийг ДЭМБ болон бусад улс орнуудтай цаг тухайд нь, санаачилгатайгаар хуваалцан бүх тал дээр идэвхтэй хариу арга хэмжээ авч, олон улсад холбогдох хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Одоогийн байдлаар Хятадаас бусад оронд гарсан тархалтын нөхцөл байдал харьцангуй хөнгөн буюу халдвар тохиолдлын тоо нийт халдвараар бүртгэгдсэн тохиолдлын 1 хувийг эзэлж байна. Мөн Монгол Улсад уг өвчний тохиолдол гараагүй буйд маш байртай байна. Энэ бүх нөхцөл байдал Хятад улс өвчний тархалттай тэмцэж, дэлхийн бүх ард түмний эрүүл мэндийг хамгаалахаар хамгийн их хүчин хүчин зүтгэл гаргаж, хамгийн үр дүнтэй арга хэмжээ авч байгааг харуулж байна.

Монгол Улс Хятад, Монголын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Хятадын тал үүнийг ойлгож байгаа бөгөөд Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийг хүндэтгэж, Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн найрамдал, хоёр орны харилцааг сахин хамгаалах үүднээс зохих хязгаарлалтын арга хэмжээг аажмаар султгаж, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн болон худалдааны сөрөг нөлөөг багасгана гэдэгт итгэлтэй байна.

Олон улс БНХАУ-ын өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өндрөөр үнэлж байна. ДЭМБ Хятад улс шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны тархалтын эсрэг шинжлэх ухаанч, үр дүнтэй арга хэрэглэж байна, Хятадын талын гаргаж буй хичээл зүтгэлийг хүндэтгэн сайшаах нь зүйтэй. Хятадын тал өвчнийг ялан дийлж чадна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом, "Хятад улсын удирдлагууд болон ард иргэдийн өвчинтэй тэмцэж байгаа зүрх зоригийг хараад сэтгэл их хөдөлж байна. Хятад улсын авч хэрэгжүүлж буй хүчтэй арга хэмжээ зөвхөн Хятад төдийгүй дэлхий нийтэд тустай. Энэ үйл явдал Хятад улсын хариуцлагатай байдал, итгэл найдвар, чадварыг харуулж байна. Хятад улс дэлхийн улс орнуудад халдварт өвчинтэй тэмцэх шинэ үлгэр жишээг бий болгож өглөө." хэмээсэн юм. Герман, Сингапур, Англи зэрэг дэлхийн улс орнууд халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр Хятад улсаас үлгэр дуурайл авч буйгаа илэрхийлэн, улс орнууд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, гар гараасаа барилцан халдварт өвчнийг ялан дийлэхийг уриалсан.
 


Нэгдүгээр сарын 30-ны өдөр, ДЭМБ шинэ төрлийн уушгины хатгалгаанаас үүдэн "Олон улсын онц байдал" зарласан нь Хятад улсын халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй байна гэсэн үг биш, харин эрүүл мэндийн тогтолцоо сул улс орнуудыг хамгаалах, өвчний тархалтын эсрэг илүү олон улс орнуудын хүч чадлыг дайчлахын тулд юм.

Хоёрдугаар сарын 3-ны өдөр, ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом "Улс орнууд үнэн бодит байдалд тулгуурлан, шинжлэх ухаанч талаас нь дүгнэлт хийх нь зүйтэй. Сэрэмжлэх нь зүйтэй хэдий ч хэт дэвэргэх шаардлагагүй. ДЭМБ-аас улс орнуудад ямар нэгэн харилцан зорчих хөдөлгөөн болон худалдааг хязгаарлах арга хэмжээ ав гэж зөвлөхгүй" хэмээн дахин мэдэгдсэн. Хятадын тал олон улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, халдварын эсрэг арга хэмжээг хамтран хийж гүйцэтгэхэд бэлэн байгаа ба улс орнууд Хятад улсад дэгдээд байгаа өвчний байдал болон урьдчилан сэргийлэх ажлыг бодитоор харна гэдэгт найдаж байна. Хэт хязгаарлах арга хэмжээ авах шаардлагагүй.

Олон улс орнууд төрөл бүрийн хэлбэрээр Хятад улсын халдварт өвчний эсрэг тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлж байхад АНУ эсрэгээрээ, Хятад улсад ямар ч бодит тусламж үзүүлээгүйгээр барахгүй, Хятад улсад дэгдсэн өвчний талаар хэт дэвэргэсэн хариу үйлдэл үзүүлж, хэтрүүлсэн тэмцэх арга хэмжээг авч байна. Тэр ч байтугай, зарим нэгэн өндөр албан тушаалтнууд Хятадын талаар нөхөрсөг бус тайлбар хийсэн нь муу үлгэр дууриалал үзүүлсэн хэрэг боллоо.

Зовох цагт нөхрийн чанар танигдана. Халдварт өвчин дэгдсэнээс хойш, Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар нар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян, Төрийн Зөвлөлийн гишүүд, Гадаад Хэргийн сайд Ван И нарт Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн захидал илгээж, Монгол Улсын Засгийн газар Хятадын талд 200 мянган ам.долларын хандив үзүүлж буйгаа мэдэгдсэн.

Монголын улс төрийн намуудын удирдлагууд болон найрсаг харилцаатай байгууллагууд, салбар бүрийн төлөөллүүд Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн, хандив өргөхийг уриалсан. Монгол нөхдийн сайхан сэтгэл, сайн үйлсийг хараад бид машид сэтгэл хөдөлж байна, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ бүхэн сүүлийн жилүүдийн Хятад, Монгол хоёр орны харилцааны өндөр хөгжил, хоёр орны ард иргэдийн гүн гүнзгий найрамдлыг харууллаа.

Саяхан Монгол Улс Хятад, Монголын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Хятадын тал үүнийг ойлгож байгаа бөгөөд Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийг хүндэтгэж, Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн найрамдал, хоёр орны харилцааг сахин хамгаалах үүднээс зохих хязгаарлалтын арга хэмжээг аажмаар султгаж, хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн болон худалдааны сөрөг нөлөөг багасгана гэдэгт итгэлтэй байна.

2020.02.08

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top