Төрийн алба “ТРОЛЛ”-ЫН ШТАБ болсон байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11


“Тролл” гэхээр интернэт орчинд элдэв коммент бичдэг хэсэг бүлэг хүн гэдгийг бүгдээрээ мэдэх байх. Манай Э.Бат-Үүл баатарынхаар бол “лалар”-ууд юм. Уг нь тролл гэдэг Скандинавын орнуудын ардын аманд зохиолд зонхилон тохиолддог агуйд амьдардаг, гол төлөв чулуун биетэй, хүн шиг төрхтэй амьтан л даа. Домогт ихэнхдээ хорон санаатайгаар дүрслэгддэг бөгөөд царай муутай, удаан, итгэл үнэмшилгүй, ухаантай гэдэг тодорхойлолттой. Тийм ч болохоор олон улс орон сошиал сүлжээ хийгээд вэб сайтуудад орсон мэдээлэл дор элдэв цуу яриа дэгдээдэг, бусдыг гүтгэсэн, хараасан сэтгэгдэл бичдэг, ашиг сонирхолтой этгээдүүдийг түүгээр төлөөлүүлэн нэрлэсэн байх.

Технологийн дэвшил, цаг үеийн шаардлагаар хүн төрөлхтөн сошиал орчин, интернэтээс мэдээлэл илүүтэй авдаг болсон. Ингэхдээ сүргийн амьтны жам ёсны заншлаараа бусдын санаа бодол ямар байгааг ямагт тандаж байдаг зуршилтай. Чухам үүн дээр тоглодог бүлэг дэлхийн улс бүрт бий болсон нь тролл юм. Зарим ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг бүлэглэл хөөрхий гэмгүй шахам. Аливаа үйлчилгээний байгууллагын сайтад орсон бараа бүтээгдэхүүн, сурталчилгааны дор эерэг сэтгэгдлийг хэдэн зуугаар нь бичих ажлыг зохион байгуулаад мөнгө олдог гэж байгаа. Мөн зэрэгцээд аливаа нэг бүлэглэл, эрх мэдэлтэй этгээдийн улс төрийн хийгээд, өс хонзонгийн ашиг сонирхлын дур зоргоор ажиллаж байгаа аварга “машин”-ууд байдаг.

Томоохон гэвэл манай хоёр хөршид ч бэлэн жишээ бий шүү. Тухайлбал, Харвардын их сургуулийн хийсэн нэгэн судалгаагаар БНХАУ-ын “wumao dang” нэртэй коммент бичдэг хүмүүс Хятадын Коммунист намын үйл ажиллагааг дэмжиж жилд дунджаар 448 сая пост олон нийтийн сүлжээнд нийтэлдэг тооцоо гарч байлаа. ОХУ-ын Санкт-Петербург хотод төв оффис нь байрладаг “Агентство интернет-исследований” гэх 400 гаруй ажилтантай байгууллага цахим хуудас, фэйсбүүк, твиттер зэрэгт байнга ажиллаж олон мянган хуурамч хаягнаас түм буман сэтгэгдэл бичсэнээрээ алдартай. Тэд В.Путиныг дэмжиж, түүний өрсөлдөгчдийн нэр хүндийг унагаж, ОХУ-ын зүгээс Украин болон Ойрхи Дорнодод явуулж буй гадаад бодлогыг дэмжсэн суртал ухуулгыг түгээж, үнэн худал мэдээлэл тараах замаар олон нийтийн сүлжээгээр мэтгэлцээн үүсгэснээс гадна 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон хэмээн буруутгагдаж байсан юмдаг.

Дэлхийд хамгийн анх энэ үзэгдлийг судалсан эрдэмтэн Жудит Донат “Авьяаслаг, чадвартай тролл бүхэл бүтэн улс орон, нийгэмд ч эмх замбараагүй байдал үүсгэж чадна. Тэд нийгмийн давхарга хооронд хэрүүл маргаан үүсгэж, хэвлэл мэдээллийг ашиглан бослого хувьсгал ч гаргах чадвартай. Сүүлийн үед цахим технологи, олон нийтийн сүлжээнд гарч байгаа хөгжил, шинэчлэлийг хараад байхад тролл гэдэг шинэ ажил, мэргэжил ч гарч ирэх магадлалтай. Эдийн засагч, сэтгүүлч, улс төр судлаач хэн ч гэсэн тролл болж болно” гэж байж. Энэ төрлийн мэргэшсэн хамт олон энд тэнд бий болохоос өмнө хэлж байсан дүгнэлт нь л дээ. Түүнээс биш Сири, Украинаас эхлээд хувьсгал гарчихсан.

Иймэрхүү эзэндээ үйлчилдэг “тролл” хамт олны багашаархан хувилбар манай зарим улстөрчдөд ч бий. Жишээ нь, албан тушаалтай нэг улстөрч “Цаазын ялыг сэргээхийг судлах” тухай ярихад л хүүхэд хүчиндсэн, хүн алсан, хар тамхи татсан элдэв бусын үнэн, худал нь мэдэгдэхгүй хэргүүдийн мэдээ цуварч, дагаад “ал”, “дүүжил”, “шатаа”, “хөнгөл” гэсэн ширүүн сэтгэгдлүүд хөвөрдөг. Хуучин технологи л доо. Тухайлбал, “мүүнчин”, “жигшүүрт сайн ах”, “гадаадын тагнуул” болсон олон хүн энэ “хонгил”-оор орж нэр хүндийн оргилоос  хамгийн харанхуй нүхэнд унасан юм. Үнэхээр муу муухай явдлыг үзэн ядах бол байх зүйл. Монголчуудын ихэнхийнх нь амьдрал хүнд хэцүү байна. Бухимдах, өөрийн санаа бодлыг бичих нь эрх чөлөөт нийгмийн салшгүй эд эс бөгөөд үүнийг хааж боомилох нь тэвчишгүй үзэгдэл мөн.

Гэхдээ манайд өөр нэрлэчихмээр хүчтэй баг байхгүй болохоор троллгүйтэй адил. Харин намаар дамжсан бүхэл бүтэн төрийн албаны давхарга тэр чигтээ сайн дурын троллын арми болчихсон байна. Төрийн ордон, энд тэндэх Засаг даргын Тамгын газар, яам, агентлаг, төрийн өмчийн байгууллагуудад яг юу хийж гийгүүлээд байгаа нь мэдэгдэхгүй “сүрэг” бий. Тэд намаараа хуваагдаад өөрийн мэдэлгүй троллын хамт олон болчихсон мэт. Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн яриа гэх бичлэг задарлаа гэхэд АН-ын гол төлөв нөхдүүд элдэв цол өгөөд шаагилдаж байна. Өсөрхөөд байгаа юм уу даа. АН-ын дарга С.Эрдэнийн үед албан тушаалд тавигдсан нэг дарга шалгагдаж байгаа мэдээлэл гарахад МАН угшилтай төрийн албан хаагчид жинхэнэ “барьж идэх” ажлаа эхлүүлжээ. Албан байгууллагаар орж гарч явдаг сэтгүүлч хүний хувьд хэн нь ямар гаралтайг гадарлана аа. Ганц өдөрт л ийм байна.

Уг нь хувь хүнийг хэрэг хийсэн эсэхийг шүүх шийддэг зарчимтай. Гэтэл нийтийн шүүхээр оруулаад олонхийн хүслээр шийтгэх гээд байгаа мэт. Одоо энэ байнга хараалгаж явдаг С.Баярцогт, Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг жигшүүлэх ажлыг хоёр намын гишүүд өөрсдөө л хийсэн. Уг нь гүн агуулгаараа бол гуравдагч хөршийн бодлогыг илүүтэй ярьж, тэндээс хөрөнгө оруулалт татахад анхаарч байсан хүмүүс шүү дээ. Хоёр хөрш үүнийг нь хөөргөдөөд ч байж магадгүй. Улаанбаатар хотоос өнгөрсөн онд баригдсан 850 хятадын “цахим террорист” ч сэжигтэй санагдаад байдаг юм.

Тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр бол 2018 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгчдийн 66 хувь нь 18-34 насныхан байж. Мөн нийт фэйсбүүк хэрэглэгчдийн 52 хувийг эмэгтэй, 48 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ. Тэгэхээр цахим орчин бол залуусын цугладаг газар юм. Энэ орчинд дураараа дургиж, олон нийтийг айдас хүйдэст автуулдаг олон пэйж хуудсууд бий. Үндсэрхэг нэртэй цахим хуудсууд хийгээд “оффшор”, “МАНАН” гэх зуу зуун мянган дагагчтай хаягууд чухам нам дагаж, төрд шургасан эрхмүүдийн халаасанд явдаг. Нөгөө нам эсвэл фракц, бүлэглэлийн лидерүүдийг агнах замаар өөртөө ашиг хонжоо олох, өс хонзонгоо тайлах гэсэн тулаан нь эцэстээ энэ нийгмийг хэрээ шиг хар мэт болголоо. Үүнийг даган баясаж, хөхиүлэн дэмжиж, санаа бодлоо нэмэрлэж байгаа нь завтайгаараа захиргааны албан хаагчид л байна уу даа. Тролл хийгээд амьдраад байгаа нь, тэд юм чинь.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.123.219) 2020 оны 02 сарын 11

za shaa tanai chuluunzagd hurtel neg troll ni shte

0  |  0
Top